Ц.Даваасүрэн: Оны өмнө төсвөө тодотгоно
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.12

Ц.Даваасүрэн: Оны өмнө төсвөө тодотгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  байна.

 Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор  зарим зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар болсон байна. Төсвийн хуулийн хүрээнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-2015 оны төсвийг хэмнэлттэй төсөв болсон гэж үзэж байгаа. Төсвийн тодотголд  хэмнэлт хэрхэн тусч байгаа бол?

-Тодотгол дээр хэмнэлтийг сүйдтэй анхаарсан зүйл байхгүй. Ер нь 2015 оны төсвийг батлахад 900-аад орон орон тоо цомхотгосон. Тэр хэмжээнд 700-аад сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Үндсэндээ бол Засгийн газрын бүтэцтэй уялдаж тодотгол хийж байгаа.

-Өчигдөр  Засгийн газрын хэмнэлт хуралдаанаар 51 тэрбумын хийнэ гэж ярьсан?

-Тэрэн дотор  янз бүрийн таналт хасалт яваа.  Миний хувьд зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа. Жишээ нь арьс ширний  урамжууллын 16 тэрбум төгрөгийг танах нь буруу. Улаанбаатарын  хүн амын суурьшил, утааг шийдэе гэвэл иргэдийг хөдөө рүү л явуулах ёстой. Хөдөөдөө зохих үр дүнгээ өгч байсан  урамшуулал алга болохоор орлого буурч, хот рүү бүгд  шавна.

-Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж орж ирсэн. Одоо оноос өмнө төсвийн тодотгол  хийх  шаардлагатай болж байна  уу?

-Зайлшгүй  хийх шаардлагатай. 2015 оны төсвийг батлахдаа  гурван яамыг  хассан байсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд  шинэ яамдууд төсөвтэй байхын тулд арванхоёрдугаар сард багтаад төсөвт тодотгол  хийнэ. Жишээ нь Эрүүл мэндийн яаман дээр спорт нэмэгдсэн. Хэрэв энэ тодотголыг хийхгүй бол түргэний машин шатахуунгүй зогсоно. Бүх байгууллагууд төсөвтэй  байх ёстой гэдэг агуулгаараа тодотгол хийнэ.

-Яамдын тоо нэмэгдсэн.  Санхүүжилтын эх үүсвэрийг яаж тооцоолж байна  вэ?

-Энэ тодотгол дээр эх  үүсвэрийг нэмж хассан зүйл маш бага байгаа. 2015 оны төсвийг харна даа. Эцэслэж орж ирээгүй байгаа учраас тийм ийм гэж хэлэхэд эрт байна. Өмнө нь Засгийн газрын бүтцийг  өөрчилж гурван яамыг хасахдаа тэрбум төгрөг хэмнэлээ гэсэн. Одоо яамдын тоо дахиад нэмэгдсэн гэдэг утгаараа 700-аад сая  төгрөг нэмэгдэж  таарах байх.