2014.12.12

Д.Батцогт: Ажилдаа очоод хоёр хоносон таныг буруутгах юм алга

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Д.Батцогт “Оруулж ирсэн бүх зүйл чинь буруу, түүхий байна. Сангийн сайд энэ зүйлээ буцааж татаад хаана ямар хөрөнгө оруулалт хэдэн хувьтай байна гээд бүх зүйлээ тодорхой болгоод оруулж ир. Саналуудаа бодитой оруулж ирэх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яамныхан хамаг төлөвлөлт, будлианыг хутгаж хаячихаад одоо энд алга байх юм. Сангийн сайд энэ талаар хариулт өгөөч. Төлөвлөхийг нь төлөвлөөд шийдэх ёстойг нь шийдчихээд алга болчих юм. Та ажилдаа очоод хоёр хоносон таныг буруутгах юм алга. Засгийн газраас оруулж ирсэн саналыг үндэслэж шийдвэр гаргамаар байна. Белгийн засгийн газраас өгсөн хоёр тэрбум төгрөгийн асуудал өнгөрсөн хоёр жилийн төсөвт хоёуланд нь ороод ирэх юм. Гэтэл энэ 2014 оны өөрчлөлт дээр дахиад ороод ирсэн байна. Энэ төсвөө буцааж татаад ирэх оны төсөвтэй дахин хэлэлцэх нь зүйтэй. Хамгийн гол нь Эдийн засгийн хөгжлийн яамны хүмүүс чинь хаана байна та тодорхой хариулт өгөөч” гэлээ.

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Би түрүү хэлсэн. Бүх юмыг залруулаад ороод ирэх хугацаа бидэнд алга байна. Гүйцэтгэл нь ороод ирсэн тохиодолд санхүүжүүлэх зорилт тавьж байна. Ховдод гучин хувийн гүйцэтгэл гарсан бол тэр хувийнхаа санхүүжилтыг авах болно. Эдийн засгийн хөгжлийн яамны нөхдүүд яам нь татан буугдсан, сангийн яаманд оронтоо байхгүй учраас одоогоор ажилгүй байгаа. Үүнийг Засгийн газар тун удахгүй шийдээд явах байх. УИХ-аас ирэх оны төсвийг бодитой шийдэх хэрэгтэй гэж хэллээ. Хэрвээ төсвөө бодитой болгоё гэвэл ирэх оны төсөвт 2014 оны гүйцэтгэлд ороогүй зүйлээ нэмж суулгахгүй байх хэрэгтэй. Одоо бүгдээрээ орхигдсон зүйлээ үлдээгээд ард түмэн, орон нутгаа худлаа ярьж хуурдаг байдлаа өөрчлөх хэрэгтэй" гэсэн юм.