Шийдлийн Засгийн газрын тар нь эхнээсээ танигдаад эхэллээ гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Шийдлийн Засгийн газрын тар нь эхнээсээ танигдаад эхэлж байна. Дан дээлтэй сайд алга. Дан, давхарыг сэтгэлийн хөөрлөөр шийдээд яваад байж болохгүй. Өнөөдөр Оюутолгойн 34 хувийг зарах гээд байгаа юм биш биз. Хүүхдийн эмнэлэг барина, цэцэрлэг барина гэдэг Засгийн хийх ажил биш. Хувийн хэвшлээ дэмжээд явах ёстой.
Сайд нар УИХ-ын чуулган дээр хэлж байгаа үгийг сайн сонсож, буруу зөвийг тунгаах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт эмнэлэгт хэрэгтэй байна. Царцаасан, төсөв хөрөнгө дутуу байгаа. Боломж, бололцоо байсаар байтал бид буруу яваад байна. 150 хүүхдийн ортой эмнэлэг барихаар болсон байна. Тийм байж болохгүй. Эмнэлэгийн барилга гэдэг чинь тусдаа стандарттай байдаг юм. Гэтэл олон жилийн насжилттай яамны байранд эмнэлэг байгуулж болохгүй. МУ-ын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Төрийн тусгай хамгаалалтай газрын эмнэлэгийг Хүүхдийн эмнэлэг болгох ёстой” гэв.
Лу.Болд “Засгийн газар УИХ-аар даажигнаж байгаа юм уу, Ерөнхий сайд байхгүй, Шадар сайд байхгүй, би хэнд үгээ хэлэх вэ. Оруулж ирсэн төсвийн хууль нь Монгол Улсын сайдад зургаан хүний орон тоо баталж өгөх, яамдад төсөв хуваарилж өгөх гэсэн жижиг асуудлын хүрээнд эргэлдсэн нь зохисгүй байна. Ад үзсээр байгаад Соёлын яамыг татан буулгасан, байрыг нь эмнэлэг болгоно гэж Засгийн газар шоу хийгээд. Моралийн элэгдэлд орчихсон байшинг эмнэлэг болгож болдоггүй юм. 60,70 жилийн настай хуучин байранд эмнэлэг оруулж болохгүй. Хан-Уул дүүрэгт 32 дугаар сургуулийн хүүхдүүд гурван жил гудамжинд хичээллэж байна. Яагаад байртай болгож болохгүй байгаа юм. Соёлын яамны байранд сургууль оруулах хэрэгтэй” гэлээ.