МАН-ын бүлэг өрийн босгыг нэмэхийг эсэргүүцэв
МАН-ын бүлэг
2015.01.06

МАН-ын бүлэг өрийн босгыг нэмэхийг эсэргүүцэв

МАН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдаж, 2015 оны Төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд тус бүлэг Засгийн газрын оруулж ирсэн Төсвийн тодотголыг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс гарах сайн шийдэл биш гэж үзжээ.

Тиймээс тус бүлэг ирэх оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар байр сууриа нэгтгээгүй байна. Харин ирэх долоо хоногт нэгдсэн байр сууриа хүргэнэ, тэр болтол гишүүд тус бүр төсвийн хуулийг судалж, уншина гэж тус бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. 

Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байгаа. Тиймээс энэ хүнд үед төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр багасгах мөн төсвийн зардлыг 905 тэрбум төгрөгөөр бууруулах төсөв оруулж ирсэн байна. Энэ бол ард иргэдийн амьдрал хүнд үед хямралыг бууруулах сайн төсөв биш. Гэхдээ улс орон маань хүндээр өвчилсөн учраас эмчилэх шаардлагатай. Эмчлэх эм гашуун байгаа. Тиймээс арга буюу зарим зүйлийг шийдэхээс өөр аргагүй байна” гэлээ. 

Шийдлийн Засгийн газрыг байгуулах үед МАН болон АН хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд өрийн таацыг нэмэгдүүлэхгүй гэж тусгасан байдаг. Гэтэл АН гэрээний заалтыг зөрчиж өрийн босгыг 70 хувьд хүргэлээ. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй. Цаашид өр нэмэхгүй гэсэн байр суурийг баримтална гэж тус бүлгээс мэдэгдэв. 

Мөн Алдарт эхийн одонтой ээжүүдийн мөнгийг багасгаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Манай улсад 200 орчим мянган ээж одонгийн мөнгийг авдаг байна. Тэдний 90 хувь 55 нас хүрсэн ээжүүд байдаг аж. Гэтэл хүүхэд нь 18 хүрсэн ээжийн одонгийн мөнгийг өгөхгүй болбол дээрх бүх ээжүүд одонгийн мөнгөө авч чадахгүйд хүрэх магадлалтай болох юм. Одонгийн мөнгө нь хүүхдийг шагнасан бус ээжүүдийн хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж учраас тус мөнгийг өгөхийг зогсоож болохгүй гэж тус бүлэг үзжээ. 

Цаашилбал хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох нь зөв эсэхийг нарийн судалж байж дүгнэлтээ гаргахаар болсон байна. 

Харин оюутны 70 мянган төгрөгийг хийсэн бүтээсэнд нь өгдөг байх нь зөв гэдэг шийдэлд тус бүлэг хүрчээ. 
Ер нь Засгийн газар хямралыг давах төлөвлөгөөг УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой гэлээ. 
Мөн Төсвийн тодотголтой холбогдуулан Татварын хуульд өөрчлөлт оруулах болсон талаар МАН-ын бүлэг хурал дээрээ хэлэлцсэн байна. 

Тодруулбал, 

Хөрөнгийн татварын хууль /шинэ хууль /
Малын хөлийн татварын хууль / өөрчлөлт оруулж байгаа/ 
Галт зэвсгийн татвар /өөрчлөлт оруулж байгаа/ 
Нийслэлийн татвар /шинэ хууль. Борлуулалт бүрийн үнийг дүнгээс суутгал тооцолгүйгээр 1 хувийн татвар авна./  
МАН-ын бүлэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд ард түмний амьдрал хүнд, хэцүү үед татвар нэмэх нь тохиромжгүй гэж үзжээ. Мөн дээрх татваруудаас төвлөрөх мөнгийг юунд зарцуулахаа Засгийн газар тодорхой тусгах ёстой гэж тус бүлгээс мэдэгдлээ. 

Ер нь зээл авч, татвар нэмэх бус гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байж энэ хүнд хэцүү нөхцлөөс сална гэж тус бүлэг үзэж байгаа аж.