С.Ганбаатар: Сөрөг хүчин бидэнд дэд хороодыг өгөөгүй
УИХ-ын гишүүп С.Ганбаатар
2015.01.13

С.Ганбаатар: Сөрөг хүчин бидэнд дэд хороодыг өгөөгүй

УИХ-ын гишүүп С.Ганбаатар Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн санал, гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт Архангай, Баянхонгор аймагт ажиллаад ирсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Орон нутгийн иргэдтэй уулзахад ямар асуудлыг түлхүү тавьж байна вэ?

Миний бие зургаа хоногийн хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж, 11 сумын ард иргэдтэй уулзлаа. Үүнээс долоон суманд нь тогтож ажилласан. Зарим өдөр гурван суманд очиж, иргэдтэй уулзаж, тэдэнтэй санал солилцох үе ч гарлаа.

Иргэдтэй уулзаж байхад хэд хэдэн саналыг тодорхой хэлж байсан. Нөхцөл байдалтай танилцахад иргэдийн амьжиргаа нэлээд хүнд байна. Юуны өмнө одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг хасна гэж байгааг эрс эсэргүүцэж байна.

Сөрөг хүчин болсон бие даагчдын зүгээс Ерөнхий сайдыг огцруулахаас өөр аргагүй гэдгийг иргэдийн саналаас тодорхой харагдсан.

-Төсвийн тодотголд тусгагдаад буй нийгмийн халамжийн мөнгийг танах асуудлаар та иргэдтэй үргэлжлүүлэн санал солилцоно гэсэн?

Энэ сарын 20-ны 12:00 цагт нийт одонтой ээжийг МҮЭСТО- нд хүлээн авч уулзана. Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг дээрэлхэж хасвал бид Засгийн газрыг огцруулах талаар өртөн барихаас өөр аргагүй байдалд орно.

Бие даагчид өргөн барих, огцруулах тухай огт ярьдаггүй байсан. Бид Оюутолгойд гэхэд бууж өгч, уул уурхай, үндэстэн дамнасан корпорациудын өмнө арчаагүй байдалд орсноо илэрхийлж хүүхдүүд, ээжүүд. жирийн ахмадууд, ажилчин монголчуудын халаас руу гараа дүрж байна. Энэ байж болохгүй зүйл.

Тэртэй тэргүй бүс нь чангараад, чангараад чангарахгүй. Танаж байгаа мөнгө нь гэвэл нэг жилд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой хүн 200 мянган төгрөг авдаг. Харин хоёрдугаар цэргийн одонтой хүн жилд 100 мянган төгрөг л авдаг.

Өнөөдөр хүүхдийн 20 мянга, ээжүүдийн одонгийн мөнгөн дээр үндсэндээ ард иргэдийн 70-аас илүү хувийнх нь амьдрал тогтож байгаа. Үүнийг Ч.Сайханбилэг өгч байгаа юм биш. Бид ч үүнийг Ч .Сайханбилэгээс гуйгаагүй.

Харин уул уурхайгаас орж ирж байгаа баялгийг иргэддээ өгч байгаа гэсэн үг. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ийм гаргалгаа, гарц хийж байна нь дэндүү харамсалтай.

-Төсвийн тодотголыг нэн даруй хийх ёстой байдаг. Гэтэл энэ мэт зарим зүйл дээр санал нийлэхгүй хугацаа алдсаар байх юм?

Энэ оны төсөв өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Бие даагчдын зөвлөл энэ төсвийг хариуцаж байсан. Үндсэндээ 500 тэрбум төгрөгөөр тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэсэн төсөв батлагдсан. Гэтэл төсөв нэг өдөр ч хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, Монголын түүхэнд анх удаа төсөв хэрэгжээгүй байхдаа тодотгол хийж байна. Энэ Засгийн газар хууль зөрчиж оруулж ирж байгаа.

Олон хууль зөрчиж байгааг бид хэлэхгүй суугаа. Тухайлбал, сөрөг хүчинд өгдөг Хүний эрхийн дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороог бидэнд өгөөгүй. Тэд дураараа дургисаар байна. Гэвч албан тушаалтай холбоотой асуудлыг бид ярихгүй байгаа. Бие даагчдын зөвлөл МАНАН-гаас нэг зүйлийг шаардана.

Энэ олон таналтыг хийх гэж зориглосон арчаагүй Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуй. Ард түмнээ буруугүй байхад олигархуудтай нийлж хийсэн АН, МАН - ын 24 жилийн алдаанаас болж өнөөдрийн ээжүүд, хүүхдүүдээ дээрэмдэх хэмжээнд очсон байна. Үнэхээр танах гэж байгаа бол ард түмнээс тусламж гуй. Үүнийг Ч.Сайханбилэгт уриалж зөвлөж байна.

-Тэгвэл одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг хаанаас яаж гаргах ёстой гэж бодож байна вэ?

Сөрөг хүчний зүгээс энэ саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа. Дэд сайдуудын цалин оффисын зардлаа хасах хэрэгтэй. Дэд сайд бол улс төрийн алба тушаал. Үүндээ таналт хий.

Өөрсдийнхөө бүсийг чангал. Хоёрдугаарт сайд,нар өөрсдийнхөө цалингаа 70 хувь хүртэл  хэмжээнд хэмнэж иргэддээ өгөөчээ гэдгийг, ард түмэн хэлсэн шүү. Би харин үүнийг уламжилж байна.

Үүнийг Архангай аймгийн Өндөр-Улаат Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэд хэлснийгдамжуулж байна. Дараа нь гадаа томилолтуудаа танах тал дээр бид санал оруулж байгаа. Мөн сайдын багц гэж хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй нөхдүүд явдаг. Сайдын багцаа тодорхой хувиар сайд тус бүрээс хасах хэрэгтэй Гуравдугаарт, урсгал зардал буюу тоног төхөөрөмж, машинь зардлыг хасъя гэсэсэн асуудлыг оруулна.