Ж.Энхбаяр: Хэмнэлтийг туйлшруулж болохгүй
УИХ-ын төсвийг хэмнэх талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо. Та өөрийн зардлыг бууруулж, төсөв хэмнэхэд хувь нэмэр оруулах уу?
Хэмнэлтийг хэт явцуу утгаар ойлгох нь буруу. Нэгдүгээрт, төсөв бүрдүүлэх орлогыг дээд зэргээр дайчлах хэрэгтэй байна. Хэмнэлт хийснээс байгаа нөхцөл бололцоогоо бүрэн ашиглах шаардлага бий. Хоёрдугаарт, валютын хомсдолыг арилгах бүх арга хэмжээг авах хэрэгтэй.
Монголын эдийн засгийн хамгийн тулгарсан асуудал валютын хомсдол. Валютын урсгалыг сайжруулахын тулд олон ажил зохион байгуулж болно.
Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт олох нөхцөлийг бүрдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, шаардлагагүй импортыг тэвчих, экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.
Ер нь валютын гүйлгээнд онцгой дэглэм тогтооход ч буруудахгүй. Зөвхөн хэмнэлт гэж туйлшралгүй төсвөө валют олох бодлоготой уялдуул гэж хэлье. Мэдээж хэмнэх нь тийм буруу зүйл ч биш, баталсан төсвийг 900 тэрбум төгрөгөөр танах тодотгол орж ирсэн. УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад дахин хэмнэх зүйл гарч ирж байгаа.