Л.Энх-Амгалан: Татвар нэмэх хэлбэрээр эдийн засгийн хямралаас гарахгүй
“25-р суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.
-Байнгын хорооны хуралдаан дээр нийслэлийн нэг хувийн татварын тухай хотын даргыг нилээд ширүүн загнаж байгаа харагдсан. Хурлын дараа Э.Бат-Үүл даргатай учраа олсон уу ?
Э.Бат-Үүл даргатай дараа нь уулзсан. "Таны хэлсэн санал бол үндэслэлтэй юм. Ер нь энэ татварыг хэнээс авахын, хэнд зориулагдаж байгаа зэрэг бусад дэд зүйлүүдийг судалж байж уг татварыг тавих ёстой юм" гэсэн байр суурин дээр хүрсэн.
Дараа нь УИХ-ын чуулган дээр Э.Бат-Үүл даргаас “Нөгөө тооцоо судалгаагаа хийсэн үү, яг ямар татвар вэ, давхар татвар уу, зорилтот татвар уу, хэнээс ямар хэмжээгээр авах юм зэргийг асуусан. Ямар ч байсан хэлэлцүүлгийн явцад иргэдэд ойлгомжтой байх хэрэгтэй. Миний хувьд татвар бол ард иргэдэд ойлгомжтой, энгийн шударга байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Ер нь хямралаас гарах арга нь татвар нэмэх замаар хэрхэвч байж болохгүй юм. Түүнчлэн Нийгмийн хамгааллын бодлогуудаас татгалзаж болохгүй. Үүнд одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн 20 мянга, хөхүүл эмэгтэйчүүдэд өгөх сар бүрийн 40 мянган төгрөгийг би халамжийн бодлого гэж харахгүй байгаа.
Өнөөдөр улсын хэмжээнд 838 мянган өрх бий. Үүнээс гэр бүлд нь дөрвөөс дээш хүүхэдтэй айл бол дөнгөж 17 мянга байна.