Х.Болорчулуун гишүүн УАШТ-нд оролцож байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.01.10

Х.Болорчулуун гишүүн УАШТ-нд оролцож байна

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Сонирхогчдын шатрын УАШТ-ийг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл тус тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. 

Энэхүү тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа аж. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. 

Тэрбээр “Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна. Анхны жил зөвхөн нийслэлийн хүрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан. 

Өнөө жил сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглаад байна. Шатар бол хүний хамгийн суурь чадвар болох бодох чадварыг хөгжүүлдэг оюуны спортын төрөл юм. Манай шатарчдын амжилт жилээс жилд өсч байгаад энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй” гэв. 

Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. 

Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд түрүүлсэн нэг хүнд  Шатрын спортын дэд мастер цол олгоно.