С.Ганбаатар:Аавын минь урласан ёолк одоо ч миний сэтгэлд эргэлддэг
“MASS.MN”сайтын хамт олон арванхоёрдугаар сарын эхний өдрөөс эхлэн “Сэтгэлд хоногшсон шинэ жил” булан хөтөлж байгаа. Хүн бүрийн хүсэн хүлээдэг, аз жаргал, инээд хөөр бэлэглэдэг шинэ жилийн баярын дурсамж, хөгжилтэй үйл явдлыг хамтдаа хуваалцацгаая. Манай энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдлаа.
-Та манай уншигчидтай шинэ жилийн баярын сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Аав, ээж, дүү нартайгаа шинэ он угтаж байсан тэр мөч хамгийн сайхан нь. Хэзээ ч мартахгүй. Миний аав инженер мэргэжилтэй. Биднийг багад юм бүхэн элбэг байсангүй. Тэгэхэд аав маань бидэнд эргэдэг ёолк хийж өгч байсан. Би тэр ёолкоо харж үргэлж баярлаж, ааваараа дандаа бахархдаг байлаа. Аав шигээ ийм мундаг эрдэмтэн хүн болно доо гэж мөрөөддөг байсан. Аавын минь урласан ёолк одоо ч миний сэтгэлд эргэлдэж байдаг.
Одоо бол ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ шинэ жилээ тэмдэглэж байна. Энэ хамгийн чухал. Халуун ам бүлээрээ байна гэдэг сайхан шүү дээ.Энэ дашрамд хэлэхэд хүүхдүүдээ цоожлоод, архидаж шинэ жил битгий тэмдэглээрэй. Шинэ жилийн баяр бол хүүхдийн баяр шүү дээ.
-Шинэ жилийн баяр дөхөхөөр хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ?
-Мандарины үнэр. /инээв/
-Хүүхэд байхдаа ямар бэлэг авахыг хүсдэг байв?
-Би долдугаар анги хүртлээ онц сурч үзээгүй ээ. Гэхдээ долдугаар ангийн хоёрдугаар улирлаар багшаасаа гуйж байгаад 75 хувийн хувилсан онц гэж арын хаалгаар онц гараад анх удаа олон хүүхдийн өмнө гарч өвлийн өвгөнөөс бэлэг авч билээ. Тэгэхэд асар их баярласан. Тэр үеийн хүүхдүүдэд өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг маш том баяр байж билээ. Тэр мөч хамгийн гоё байсан.
-Багт наадмаар ямар амьтан болдог байсан бэ?
-Хүний үнэнч анд нохой болдог байсан.
-Шинэ жилийн дуунуудаас алийг нь дуулах дуртай вэ?
-Миний хүүхдүүд надтай хамт дуулах дуртай. Гэхдээ би дуу мэддэггүй болохоор эхний хэдэн үгийг нь хэлээд л орхидог. Харин шинэ жилийн баяр ойртсон энэ өдрүүдэд “Мөнгөн шөнө” дууг сонсох дуртай.
-Он солигдох тэр мөчид юу хийдэг вэ?
-Гэр бүлээрээ тойрч суугаад энэ жил юу хийж бүтээсэн талаараа ярилцдаг. Энэ жилээс дэвтэр гаргаад өнгөрсөн жил юу хийсэн, ирэх жил ямар ажил хийхээ төлөвлөж бичнэ гэж бодож байгаа.