О.Баасанхүү браво
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.12.11

О.Баасанхүү браво

Урьд тохиролцож, аль эрт томилгоо нь хийгдчихсэн Шийдлийн Засгийн газрын «шидэт» сайд нарыг УИХ- ын нэгдсэн чуулганаар оруулж, суудалд нь бөхлөх улстөрийн хошин үзэгдэл уржигдар оройноос эхэлж шөнө хагаслан үргэлжлэхийг монголчууд нийтээрээ үзэж, нийтээрээ шагширцгаасан.

Хэдийгээр АН, МАН-ын засагт хамтрах зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч нар «Хамтрахын тулд хамтарч байгаа юм бишээ» хэмээн олон дахин мэдэгдэж, байн байн сануулсаар байсан ч эцсийн дүндээ аргагүйн эрхэнд яалт ч үгүй хамтарсан нь олон шинэхэн сайдын томилгоон дээрээс тодорхой харагдаад өнгөрсөн. 

Эрх мэдэл, албан тушаалыг дагаж яамдад хуваарилагдах хөрөнгө мөнгийг ч эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр хувааж авцгаахаар сайтар зөвшилцөн тохиролцсон тул яах аргагүй л байшинд амьдардаг Барилга, хот байгуулалтын сайд, зам дээгүүр хурдлан давхиж л үзсэн Зам тээврийн сайд, анх удаа л сайдаар ажиллаж үзэх гэж байгаа Аж үйлдвэрийн сайд, тун ирээдүйтэй санхүүч болж ч магадгүй Сангийн сайдуудтай болж башийцгаав.

Товчхондоо хамтрахын тулд хамтарсан нь сайдуудынхаа томилгоогоор харагдаж эхэлсэн Шийдлийн Засгийн газрын гишүүдийг томилох эхний ажиллагаа шөнө хагалсан үргэлжилсэн урьдын гашуун туршлага байсан тул энэ удаагийн «сайд» ажиллагаа тун товчхон, ёстой л шийдээд, шийдээд явчихсан.

Зарим нэр дэвшигчийн асуудлыг 30 хүрэхгүй минутад шийдэж, цаашдынх нь ажил хөдөлмөр, амьдрал ахуйд нь үнэлж баршгүй тус нэмэр үзүүлцгээсэн. Харин Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр зэрэг хэдхэн эсэргүү гишүүд хөөрхий нэр дэвшигчдээс жаахан базаахгүй асуулт асууж, нүдийг нь бүлтэгнүүлээд авсан билээ. Тэр дундаас улстөрчийн хувьд яван чангарч байгаа О.Баасанхүү гишүүний цэгцтэй хэрнээ хоржоонтой асуултад талархал илэрхийлж «Браво» гэхээс өөр аргагүй.
 

Учир нь Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүүг томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд О.Баасанхүү гишүүн «Та сайдын суудалд шагналаар орж ирэв үү, эсвэл бодлогоор орж ирэв үү. Эсвэл сонгуульд луйвардуулсан гэдэг гомдлоо тайлах гэж орж ирсэн үү. Бодлогоор орж ирсэн юм бол яг ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм. Ер нь бол бүгд л тохироогоор, шагналаар орж ирж байгаа шүү дээ. Тийм учраас сайд нараа томилох асуудлыг 10 минутын дотор шийдчихье гэдэг горимын санал гаргачихвал яасан юм. Тэртээ тэргүй л тохироо шүү дээ» хэмээж, эрхэм гишүүдийг хөгжөөгөөд авсан. Харин хошин шогийн мэдрэмж сайтай УИХ-ын дарга З.Энхболд «О.Баасанхүү гишүүн өөрөө асуугаад, өөрөө хариулчихлаа. Тийм учраас хариулахгүй байж болно» гэснээр нэр дэвшигч Н.Төмөрхүү О.Баасанхүү гишүүний хоржоонтой асуултаас аврагдсан юм. 

Тун удалгүй О.Баасанхүү гишүүний микрофон дахин асч «Иргэний нисэхийн салбар тун явдалтай шүү. МАНАН- гийн үед дандаа хувьчилж, хувааж идэхээр улайрдаг шүү. Аливаа улсад төрийн мэдлийн авиа компани байдаг. Үүнийг мартаж болохгүй шүү» хэмээн нэр дэвшигчид захиж байснаа жаахан хадуурч «Би З.Энхболд даргатай адилхан л жагсаалтаар УИХ-д орж ирсэн.

Адилхан байж миний эрхэнд битгий халдаад байгаарай» хэмээсэн нь  З.Энхболд даргын даргын гэдэнг хөдөлгөж микрофоноо хаалгачихна лээ. Товчхондоо шинэхэн сайд нарын чихэнд нэлээн удаан хангинах хонх зүүж өгсөн О.Баасанхүү гишүүн «сайд ажиллагаа» чуулганы «од» нь байв. Ер нь түүнд «браво» гэвэл зохилтой.