2014.11.17

А.Бакей: Хүнд сэтгэл байвал зүтгэл байдаг

“100 асуулт 100 хариулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн А.Бакей оролцлоо.

 Таны хэлэх дуртай үг юу вэ ?

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай. Ер нь аливаа зүйлийг хийхэд тухайн ажлын анхны гал нь хүний сэтгэлд бий болсон байх хэрэгтэй.

Эхлээд сэтгэлд бий болж байж дараа нь хийе, гүйцэтгэе гэсэн зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж байж үр дүн гардаг. Тиймээс сэтгэл байвал зүтгэл байна, зүтгэл байвал бүтээл байна гэж хэлэх дуртай.

Таны сонирхол хобби юу вэ ?

Түүхэн, эдийн засаг, уран зохиолын сэдэвтэй ном цуглуулж, унших дуртай. Мөн түүн дотор гарч байгаа санаа, ухагдхуунийг өөртөө авч тусгадаг.

Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ ?

Өөрийгөө тодорхойлох нь зохимжгүй ч ерөнхийдөө төлөв даруу, жирийн хүн гэж боддог.

Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ ?

Аливаа ажлын төлөө зорилго тавиад үр дүнгийг нь үзэх үед сэтгэл их тааламжтай байдаг. Би багш байхдаа анхны гэгдэх сурах бичгийг багш нартайгаа хамтраад бичиж байлаа.  

Тэр нь “Эдийн засгийн ухаан”, “Микро эдийн засаг” гэх зэрэг номууд байлаа. Тийм учраас хүн ер нь хийе гэснээ хийсэн үед л хамгийн сайхан даа.