М.Зоригт зурагчин хийж, Х.Баттулга зураглаач болов
Хоёр өдөр хаалттай хуралдсан ҮЗХ-ны хуралдаан эхлэхдээ тун ч сүржин эхэлсэн. Төрийн ордонд байсан бүх сэтгүүлчдийг хөөж туун Төрийн ордонд сүлжээ байршуулагч байршуулсан ч хаалттай хурлын мэдээлэл ямар нэг байдлаар гадагшаа алдагдаж байсан гэж хэлж болно.
Анхнаасаа л хаалттай байж сураагүй зарим гишүүд нь нууц мэдээллийг гадагш цацаж, бүр болоогүй зарим нэг нь сайтад сайн дурын зурагчин хийсэн сурагтай. Хэвлэл мэдээллээс нэг ч хүн оруулаагүй учраас АН-ын ҮЗХ-ны гишүүд өөрсдөө сэтгүүлч болох хэрэг гарчээ.
Намынхаа архивт хадгалж үлдэхийн тулд МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга гишүүн зураглаач, сэтгүүлч хийж М.Зоригт гишүүн зурагчин хийсэн аж. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд сэтгүүлч олон учраас хэвлэлийн хэрэг ч ҮЗХ-ны хурал дээр хэрэг болоогүй гэнэ лээ.
Тус тусынхаа үүрэгт ажлыг эрхэм гишүүн тун сайн гүйцэтгэсэн бөгөөд намынхаа зураглаачийн ажилд ханцуй шамлан орсон Х.Баттулга гишүүн гадуур костюмаа тайлчихаад тухтай үзжээ. Харин М.Зоригт гишүүн “Хаалттай хурлын нээлттэй агшин”-ыг цахим сайтуудаар тарааж чамгүй сайн гэрэл зурагчин гэдгээ баталсан гэнэ лээ.