УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.10.30

С.Одонтуяа: Сэтгэл байвал шийдэл ямагт олддог

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт  оролцлоо.

-Хэрэв та Монгол улсын ерөнхийлөгч бол юу хийх вэ ?

Монгол улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой байлгах энэ бүх зүйлд л анхаарна. Ялангуяа эрдэмтэн мэргэдийг сонсох ёстой. Энэ хүмүүс олон жилийн оюуны бүтээлд суурилж бүтээлээ туурвидаг. Миний үүнийг хэлж буй шалтгаан нь үе үеийн ерөнхий сайд нартай байнга уулзан саналыг нь сонсож байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл төрийн залгамж чанар байх ёстой. УИХ дөрвөн жил болоод л солигдоно. Тийм учраас энэ хувьслыг тогтоох, урт хугацаанд хөгжлийг тогтвортой байлгах энэ зүйл дээр л бид анхаарах ёстой.

-Хүн бүхний эцэг эх алт шиг сайхан сургаал айлддаг. Таны аавын хэлдэг байсан сургаалаас сэтгэлд тань хоногшин үлдсэн ямар сургаал байна вэ ?

Аав маань биднийг үнэнч шударга ажиллаж амьдрахыг л заадаг. Нэг зүйлийг байнга хэлдэг байсан. Битгий хэт туйлшир гэж. Одоо харахад бид хэт их туйлширдаг. Улс төрд манай нам л зөв, нөгөө нам бол буруу гэдэг. Хичнээн сайхан санал байсан ч нөгөө нам бол буруу л гэж үздэг.

-Таныг шүүмжлэхэд хэр их хүлээж авдаг вэ ?

Доромжилсон шүүмжлэлийг бол хүлээж авахгүй. Бусад бүх шүүмжлэлийг хүлээж авна.

-Мөнгө гэж таныхаар юу вэ, хэр чухал вэ?

Мөнгө бол хэмжигдэхүүн. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хэмждэг. Мөнгө бол ажлын бүтээлийн үр дүн, аз жаргал, зарим хүнд зовлон. Мөнгө тийм ч чухал биш.

-Та эх орноо ямар байгаасай гэж боддог вэ, ирээдүйн сайхан Монгол орон таныхаар хэдэн онд бий болох бол?

Монгол орныхоо онгон байгалийг хадгалсан,  амгалан тайван улс орон байгаасай гэж боддог. Ард иргэдийн аж амьдрал дээшлээсэй гэж хүсдэг. Дэлхийн улс орнууд хөгжлөө гурван үндсэн зүйл дээр төвлөрүүлдэг. Энэ нь байгаль  экологийн тэнцвэр, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч зэрэг юм. Бид бас энэ зүйл дээр төвлөрөөд ажиллах ёстой.

                                     -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү