МАН-ын дарга М.Энхболд шинэ зөвлөхүүдтэй боллоо
МАН-ын дарга М.Энхболд
2014.10.02

МАН-ын дарга М.Энхболд шинэ зөвлөхүүдтэй боллоо

МАН-ын дарга М.Энхболд шинэ зөвлөхүүдтэй боллоо. Тодруулбал, эдийн засаг, хууль зүй, улс төрийн бодлогын зөвлөхүүдээ шинээр томилжээ.

МАН-ын Эдийн Засгийн бодлогын Зөвлөхөөр С.Даваасүрэн томилогджээ.

Тэрбээр МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд багш, “Тогтвортой амжиргаа” төслийн Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал. АНУ-ын Нью Хэмпшир мужийн “Хэритэйж юнайтед вей”-ийн судлаач мөн тус мужийн Өмнөд Нью Хэмпшир их сургуульд багш. АНУ-ын Вашингтон хотын“Нейгбор вокс Америка” хөрөнгө оруулалтын корпорацид шинжээчээр тус тус ажиллаж байжээ.

Харин Улс төрийн бодлогын зөвлөхөөр Ж.Болдбаатарыг томилсон байна. Ж.Болдбаатар нь түүхч мэргэжилтэй, Түүхийн ухааны доктор, академич. 1976 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш. 1982 онд Намын дээд сургуулийн Түүхийн тэнхимийн багш. 1992 онд Улс төрийн дээд сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Ардын Намын Төв хороонд Намын нарийн бичгийн дарга, дэд дарга. 1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2013 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2014 онд Улаанбаатар их сургуулийн дэд захирал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд зөвлөх хийж байжээ.

МАН-ын даргын Хууль Зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Г.Баясгалан нь Хуульч мэргэжилтэй Хууль зүйн магистр, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч, 1991 онд Баянхонгор аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, 1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, 2000 онд Хууль зүйн яамны газрын дарга. 2001 онд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарын бичгийн дарга 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх ажлыг тус тус хийсэн байна. МАН-ын шинэхэн зөвлөхүүд өчигдрөөс ажлаа авлаа.