Сэтгэлд хоногшсон шинэ жил
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.12.18

Сэтгэлд хоногшсон шинэ жил

“MASS.MN”сайтын хамт олон арванхоёрдугаар сарын эхний өдрөөс эхлэн “Сэтгэлд хоногшсон шинэ жил” булан эхлүүлж байна.

Хүн бүрийн хүсэн хүлээдэг, аз жаргал, инээд хөөр бэлэглэдэг Шинэ жилийн баярын дурсамж, хөгжилтэй үйл явдлыг хамтдаа хуваалцацгаая. Манай энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Х.Баттулга  оролцож байна.

 -Та сэтгэлд хоногшин үлдсэн шинэ жилийн дурсамжаас хуваалцаач?

-Одоо эргээд шинэ жилийн талаар бодохоор хүүхэд насны минь гэгээн дурсамж сэтгэлд ойр байдаг. Манайх Яармагт байлаа. Эд зүйл, амттанд умбадаггүй ч тэр үеийн шинэ жил хамгийн сайхан.

-Та хүүхэд байхдаа ямар бэлэг авах дуртай байв?

-Мэдээж мандарин.

-70, 80-аад оныхон мандаринаа их санагалздаг бололтой юм?

-Тийм байгаа биз, бидний үеийнхэнд мандарины үнэр шинэ жил дөхсөнийг сануулдаг байлаа. Үнэхээр сайхан амттай байж дээ. Ховор болоод тэгж санагддаг байсан байх.

-Та ажлаар гадаадад явж байгаад шинэ оноо угтсан тохиолдол бий юу?

 -Хоёр жилийн өмнө байх, Тайландад шинэ он угтсан. Мод нь ногооноороо байхад шинэ жил тэмдэглэх нэг л сонин юм билээ. Бид чинь цан хүүрэг татуулсан өвлийн өвгөн, цасан охидоор бас цасаар шинэ оноо төсөөлж, угтан авдаг ард түмэн шүү дээ.

-Та хүүхэд байхдаа ямар амьтан болдог байв?

-Манай ангийнхан бүгд 1962 оны бар. Харин би долоон настайдаа сургуульд орсон туулай жилтэй. Бараг нэгдүгээр ангиасаа эхлээд зургадугаар анги төгстөлөө туулай болдог байсан.

-Одоо хэрхэн шинэ жилийг тэмдэглэдэг вэ?

 -Гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтдаг. Ер нь их сайхан баяр шүү.

-Ирэх ондоо илүү ихийг бүтээж, амжилтаар бялхаж байхыг хүсье.

-Танай хамт олонд болон нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэе.