Л.Гантөмөр: Хорвоогоос хайгаад байгаа үнэн чамаас л гарна
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.12.12

Л.Гантөмөр: Хорвоогоос хайгаад байгаа үнэн чамаас л гарна

 УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Хүн бүрт хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?

-Буянаараа болог гэдэг үгийг сүүлийн үед их хэлж байгаа.

-Таны хобби?

-Хурдан морины уралдаан үзэх. Аль болох морьтой ойрхон байх дуртай. 

-Таны дуртай болон дургүй хоол?

-Натто гэдэг хоолыг идэж чаддаггүй байсан. Харин чанасан маханд дуртай. 

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Жолооч болохыг хамгийн анх мөрөөддөг байлаа. Тэгээд багш, онгоцны нисгэгч гээд явна даа. Манай аав онгоцны нисгэгч байж байгаад дараа нь жолооч болсон. Тэр ч утгаараа  жолооч гэдэг миний сэтгэлд их ойр.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Хэрэглээ. Үүнийг тохируулдаг байх хэрэгтэй. 

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Тууштай, өөрийнхөөрөө байх дуртай, бусдыг ойлгохыг их хичээдэг хүн. 

-Тэгвэл таныг бусад хүмүүс ямар зан чанартай гэж хэлээд байна?

-Төлөв төвшин л гэж тодорхойлдог. 

-Таны хамгийн дуртай спорт?

-Сагсан бөмбөг, волейбол. Одоо бол морин спорт, хөлбөмбөг, бэйсболл маш их үзнэ. 

-Бухимдлаа яаж тайлдаг юм?

-Сайхан кофе ууна даа. 

-Та өөрөө, өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Орон дотроо унтаж байхдаа. Өглөө босоод сайхан амарсан үедээ юм бүрийг хийж чадах мэдрэмж төрдөг. 

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол хэдэн он руу явах байсан бол?

-Дундад зуун руу очих байх. Тэр зууны амьдрал бидний хувьд их сонирхолтой. Зөвхөн монгол гэлтгүй, тухайн үеийн нийгмийн харилцаа, идэж байгаа хоол унд, өмсч байгаа хувцас хунараас эхлүүлээд их сонирхол татна. 

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч болбол юу хийх вэ?


-Тухайн төрд юу хэрэгтэй байна тэр зүйлийг хийнэ. Нэг их ялгарсан зүйл бага хийх байх аа.

-Сургуульд суралцаж байх үеийн санаанаас гардаггүй хамгийн сайхан өдөр чинь...?

-Хамгийн гоё өдөр нь Японы шалгалтад тэнцсэн өдөр. Тухайн үед оюутны байранд амьдарч байсан. Идэх хоол бараг байхгүй, картын жаахан бараагаа авна. Ер нь оюутны тэр амьдралаас маргаашийг олж харахад их хэцүү байсан. Гудамжинд нэг ч машин байхгүй, тог байнга тасарна, мах олдохгүй. Яг тийм үед залуу хүн гадагшаа, тэр дундаа Японд очино гэдэг үнэхээр гайхамшигтай онцгой өдөр байсан.  

-Та хэдэн насандаа өөрийн би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Багаасаа л мэдэрсэн. Би нэгдүгээр ангид орохын өмнөх жил ээжийгээ дагаад чацаргана тарих гэж явсан. Чацарганы талбайд өдөржингөө ажиллаад шөнө дунд гэр рүүгээ явж байтал олон тэмээ хойноос дагаад. Тэр үед ээжийнхээ хормойноос барьчихсан энэ сүнс үү, тэмээ юм болов уу гэж бодохын зэрэгцээ “Би эр хүн байна даа. Энэ зэргийн юмыг тоохгүй гарах хэрэгтэй” гээд алхаж байсан санагддаг. Тэгсэн тэр олон тэмээ нь улиас л байсан. Сарны гэрэлд л сүртэй харагдсан байгаа юм. Энэ мэтчилэн өөрийгөө би гэдэг бие хүн гэдгийг мэдрэх зүйл багаас байсан.