Ц.Оюундарь сэтгэлийнхээ дуудлагыг дагажээ
МҮОНРТ-ийг 2006 оноос халаа сэлгээгүй засагласан М.Наранбаатарт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд нь “Одоо чи болно” гэж хэлснээр дараагийн даргаар АН-ын генсек Ц.Оюундарь томилогдов.
Ц.Оюундарийн хувьд яах аргагүй телевизээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, тэр талын хүн. АН-ын генсекээс сайн дураараа халагдах өргөдлөө өгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албанд гурван жилийн хугацаагаар томилогдсон Ц.Оюундарь дарга Үндэсний зөвлөлийн шийдвэр гарсны дараахан “Энэ байгууллага бол мэргэжлийн хувьд миний өсөж торнисон газар.
Өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд хөндлөнгөөс харж байхад энэ байгууллагыг орхиод явж болохгүй юм байна гэсэн хувь хүний дотоод сэтгэлийн дуудлага байсан.
Нөгөө талаас 2015 оны төсөвт УИХ-ын гишүүд энэ байгууллагын төсвийг шууд 50 хувь хассан нь эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа юм. Яг ийм үед нь сэтгэлийн дуудлагаар ирж байна.
Өмнө нь би МҮОНТ-ийн захирлаар гурван жил ажилласан. Тэр үед хийж бүтээхээр төлөвлөж, эхлүүлж байсан олон ажил маань зогсчихсон байгаа. Энэ бүхнийгээ үргэлжлүүлнэ. Санхүүгийн маш олон боломж байдаг.
Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна. Түүнийг зүгээр л олох ёстой” хэмээн мэдэгдсэн нь сэтгэлийнхээ дуудлагаар МҮОНРТ-д ирж, олон нийтийн дунд нэр хүнд нь ихээхэн унасан энэ байгууллагыг хөл дээр нь босгох хүсэл, зориг цээжинд нь дүрэлзэж байгаагаар тайлбарлавал үнэнд илүү ойртоно.
Тэгээд ч хайртай аав нь босгыг нь элээсэн МҮОНРТ гэдэг том айл Ц.Оюундарийн хувьд хоёр дахь гэр нь гэхэд татгалзах хүн гарахгүй л болов уу. Ийм л нэг дарга сэтгэлийнхээ дуудлагыг дагажээ.