Тусгай хяналтын дэд хороог Г.Батхүү үргэлжлүүлэн удирдана
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.01.14

Тусгай хяналтын дэд хороог Г.Батхүү үргэлжлүүлэн удирдана

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая хуралдаж дууслаа.

Уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байсан юм.

Тэгвэл тус байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Үүний дараа Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэхдээ гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.  

Харин уг асуудлын дараа  Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тусгай хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг улируулан томилох саналыг дэвшүүлж, гишүүдийн олонхи уг саналыг дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.