О.Баасанхүү Өргөдлийн байнгын хороог даргална
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүүг нэр дэвшүүлсэн юм.
Тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ярилцаад байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан О.Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байна.
Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд О.Баасанхүү гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан.
Дээрх хугацаанд нэлээн олон хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан туршлагатай гишүүн. Өнгөрсөн хуралдаанаар зарим ойлголцлын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас улбаалж байнгын хорооны даргыг сонгож чадаагүй өнөөг хүрсэн гэдгийг дуулгалаа.
Ингээд нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд М.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд үг хэлсний дараа “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.