Ц.Оюундарь: Том мөрөөдөлдөө тохирсон мөнгийг олж ажиллах л ёстой
Өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарь томилогдсон. Түүнийг Ерөнхий захирлын тамгаа гардаж авах үеэр зарим асуултад хариулт авлаа.
-МҮОНРТ-ийн төсөв танагдсан, шинэчлэл ярьж байгаа эгзэгтэй үед та Ерөнхий захирлаар томилогдлоо. Өөрийн тань хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар яриагаа эхлэх үү?
Энэ байгууллага бол миний мэргэжлийн хувьд өсөж торнисон газар. Өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд хөндлөнгөөс харж байхад энэ байгууллагыг орхиод явж болохгүй юм байна гэсэн хувь хүний дотоод сэтгэлийн дуудлага байсан. Нөгөө талаас 2015 оны төсөвт УИХ-ын гишүүд энэ байгууллагын төсвийг шууд 50 хувь хассан нь эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа юм.
Яг ийм үед нь сэтгэлийн дуудлагаар ирж байгаа. Яагаад гэвэл улс орон болгонд Олон нийтийн радио, телевиз гэж байгууллага байдаг. Энэ нь өөрөө улс орны тусгаар тогтнолын баталгаа болж байдаг. Тийм болохоор үүнд онцгой анхаарах ёстой. Энэ нөхцөлд өөрийнхөө зүгээс чадах зүйлээ хийлгүй өнгөрөөх юм бол би хожмоо харамсах болов уу гэж бодож байна. Өмнө нь би МҮОНТ-ийн захирлаар гурав гаруй ажилласан.
Тэр үед хийж бүтээхээр төлөвлөж, эхлүүлж байсан олон ажил маань зогсчихсон байгаа. Энэ бүхнийгээ үргэлжлүүлнэ. Олон жилийн түүхтэй, уран бүтээлийн арвин сан хөмрөгийг бүрдүүлж байгаа уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллана.
Олон жилийн туршид дарга солигдох бүрт удирдлагын бүтэц улам таргалж, данхайж байсан. Энэ тарган бүтцийг тураах ажлыг л нэн тэргүүнд хийнэ дээ. Харин уран бүтээлчдийг бол халахгүй.
-Өмнө нь та МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад цаашид ажиллах боломжгүй байна гээд гарч байсан шүү дээ. Гэтэл одоо бас зарим хүмүүсийн дунд төсөв нь танагдсан энэ байгууллагад ажиллах боломжгүй гээд гарах болов уу гэсэн хардлага байх шиг байна?
Урд нь бол удирдлагын баг, Ерөнхий захирал маань өөр хүн байсан шүү дээ. Би тэр багийн гишүүнээр тодорхой хугацаанд ажиллаад чамлахааргүй амжилт гаргасан хэдий ч тэр маань үнэлэгдэхгүй байсан учраас цаашдаа хамтарч ажиллаж чадахгүй юм байна гээд өөрөө өргөдлөө өгөөд гарсан.
Одоо бол тэр багаа өөрөө бүтнээр нь толгойлоод явах, санаж бодож байгаа зүйлээ өөрөө хийх тэр боломж нээгдэж байгаа учраас буцаж ирж байгаа юм.
-Одоо төсвийн тодотголыг хэлэлцэж байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар өмнө нь одоогийн батлагдсан төсвөөр ажиллах ямар ч боломжгүй гэдгийг хэлж байсан. Тэгэхээр ажилчид, уран бүтээлчид төсөв нэмэгдэх болов уу гэдгийг их харж байгаа?
Ер нь бол төсвийн байгууллагуудын нэг том нийтлэг дутагдал нь байгаа мөнгөнд тохирч ажиллах. Намайг телевизийн захирал байхад надад ч гэсэн төсөв байдаггүй байсан. Гэхдээ би тэр том уран бүтээлүүдийг дандаа мөнгө босгож л хийсэн. Тэгэхээр байгаа нөхцөл байдалдаа тохирч жижгэрч ажиллах биш том мөрөөдөлдөө тохирсон мөнгийг олж ажиллах л ёстой.
-Тэгэхээр заавал улсын төсвийн харахгүй гэсэн үг үү?
Санхүүгийн маш олон боломж байдаг. Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна. Түүнийг зүгээр л олох ёстой.
-Та тамгаа авчихлаа. Таны хамгийн эхэнд хийх ажил юу байх вэ?
Өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний зөвлөлийн хурлаар шинэ бүтцийг батлаад 99 орон тоог хасах тогтоол батласан байна лээ. Үүнийг хэрэгжүүл гэдэг үүргийг өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хурлаас надад өгсөн. Өмнөх Үндэсний зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол учраас үүнийг хэрэгжүүлэх ёстой.
-УИХ-ын даргын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчид их бухимдсан л даа?
Маргааш өглөө нь чуулганы нээлтэн дээр энэ үг буруу ойлгогдсон бол уран бүтээлчдээс уучлалт гуйя гэж хэлсэн. Тэгэхээр үг хэлсэн тэр индэр дээрээсээ уучлалт гуйсан болохоор би хүмүүсийг нэг их эмзэглэхгүй байгаа байх л гэж бодож байна.