Р.Бурмаа: УИХ-ын гишүүнээсээ татгалзах саналыг гишүүд дэмжээгүй
Ерөнхийлөгчийн санаачлан хэлэлцүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл унасны дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ажлаа өгч “дан дээл"-тэй гишүүн болсон.
Түүнтэй адил дээрх хуулийн төслийг батлах саналтай байсан УИХ-ын гишүүн Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг томилогдсоноос хойш өнөөг хүртэл “Р.Бурмаа “давхар дээл”-ээ тайлна” гэх мэдээлэл гарч байгаа. Энэ бүхэнд хариулт авахаар түүнээс дараахь тодруулгыг авав.
-Та УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь буруу гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа юу?
-‘‘Дан дээл", "давхар дээл”- ийн талаархи миний байр суурь хэвээрээ байгаа. Засгийн газрын гишүүний 50 хувь нь дотроосоо, 50 хувь нь гаднаасаа байж болно гэсэн хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ унасан.
Хэрэв энэ хуулийн төсөл УИХ-д орж ирээд батлагдах юм бол би хамгийн түрүүнд дэмжиж хэрэгжүүлэх болно. Хэдийгээр энэ хуулийн төсөл батлагдаагүй ч гэсэн үзэл баримтлал нь дэмжигдэж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдийнхээ 50 хувийг гаднаас буюу “дан дээл”-тэй, УИХ-ын гишүүн биш хүмүүсээс бүрдүүлсэн.
Харин үлдсэн хувийг нь УИХ-аас бүрдүүлсэн. Тухайн үед би хувь хүнийхээ хувьд энэ асуудлыг бүлэг дээрээ ярьсан. Гишүүнээсээ татгалзаад, сайдын албан тушаал дээр үлдье гэсэн хүсэлт гаргасны дараа жагсаалтаар орж ирэх ёстой Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ “Жил хагасын хооронд УИХ-ын гишүүн болоод яах вэ. Та нэгэнт эхлүүлсэн ажлаа хийгээд явсан нь дээр байх” гэсэн санал хэлсэн.
Мөн эмэгтэйчүүдийн бүлэг “Та хэрэв суудлаа өгөх юм бол дараа нь эрэгтэй хүн орж ирнэ. Та УИХ-ын түүхэнд байгаагүй 11 эмэгтэй сонгогдсон энэ үзүүлэлтийг доош татах гэж байна. Тиймээс энэ шийдвэрийг ганцаараа гаргаж болмооргүй байна” гэсэн. Энэ саналыг бас хүндэтгэн үзэж байна.
УИХ-ын гишүүдээс Сонгуулийн нэгдсэн хуулийг батлуулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд та энэ ажлыг хийх ёстой. Дутуу орхиод явж болохгүй. Одоо сонгууль болоход жил хагасын хугацаа үлдлээ. Хагас жилийн хугацаанд хуулиа батлуулаад авах нь УИХ- ын гишүүний хувьд хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын чинь үр дүн байх ёстой. Тийм учраас та энэ ажлыг орхиж болохгүй гэсэн хүсэлтийг аль аль намын гишүүд хэлсэн.
Энэ саналыг би хүндэтгэн үзлээ. Сайдын албыг давхар хаших нь УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн байр суурьтай байсан учраас гишүүний ажлаа өгье гэсэн ч дээрх шалтгаануудаар хүлээлттэй байгаа юм. Том төрөөс ухаалаг төр бодлогын хүрээнд Ерөнхийлөгчөөс дээрх хуулийн төслийг дахин өргөн барина гэж би сонссон. Ингэх юм бол би энэ хуулийн төслийг хамгийн түрүүнд дэмжиж ажиллана.
-Малчдаас малын хөлийн татвар авах асуудал яригдаж эхэллээ. Салбарын сайдын хувьд дэмжиж байгаа юу?
Сангийн яам энэ асуудлаар салбарын яамнаас санал аваагүй оруулж ирсэн. Миний хувьд хэрвээ энэ татварыг авах юм бол татварын орлогыг заавал малчдаас асууж байж зарцуулах ёстой. Түүнээс биш сумын засаг захиргаанд нь үлдээгээд сумаас төрсөн начны найранд ч юм уу, сумын 90 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд зарцуулмааргүй байгаа юм.
Энэ мөнгийг зарцуулахдаа сумын ИТХ нь өөрсдөө ямар малыг үржүүлэх вэ, бэлчээрийн даац хаана хэтэрсэн байна гэдгээ бодож, малчдыг сонсч шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.
-Орон нутагт эрх мэдлийг нь өгчихөөр хэрхэн хяналт тавих вэ. Мөн малчид өөрсдөө татварын мөнгөө юунд зарцуулах боломжтой вэ?
Манай яамны зүгээс энэ мөнгийг захиран зарцуулах асуудалд малчид хяналт тавьдаг байх ёстой гэж үзэж байна. Улсын төсвөөр худаг гаргадаг. Тэр худаг нь зарим хүнд өмчлөгдчихөөд байдаг гэсэн гомдол гардаг. Тэгэхээр энэ жилийн төсөвт худаг гаргах мөнгө байхгүй. Тэр мөнгийг татвараасаа хурааж болно.
Мөн дээр нь үлийн цагаан огтонотой тэмцэхэд зарцуулж болно. Малын хулгайтай холбоотой асуудал их гардаг. МалЫн хулгайтай тэмцэх хуульд гэрээт харуул гэж байдаг. Гэрээт харуулыг орон нутгаас санхүүжүүлнэ гэсэн заалт бий. Үүнийг татварын мөнгөөрөө санхүүжүүлж болж байна.