Гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлнэ
Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
2014.11.24

Гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлнэ

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна.

Гишүүд, хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ.

Д.Оюунхорол: Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд  өмчийн эзэн байх ёстой 

2011 онд миний өргөн барьсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ хуулийн төсөлтэй хамт хэлэлцэнэ гээд гурван жил дарсан. Гэтэл энд оруулж ирээгүй байна. Миний оруулж ирсэн төсөлд бол гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр дундаа хүүхдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлыг хуульд тусгаж өгөхөөр байгаа юм. Өнөөдрийн хуулиар бол тэгш хувиарлаж чаддаггүй учраас салалт их байгаа гэж үздэг. Тиймээс хүүхэд төрсөн цагаасаа эхлээд хүүхэд өмчийн эзэн байх ёстой гэж заасан нөхцөлд гэр бүлийн хариуцлага нэмэгдэх юм.

Энэ хууль бол том хуулиа. Хуулийг хэлэлцэх явцад эрүүгийн болон, иргэний хуулийн олон харилцаа шийдэгдэнэ. Үүнийг хууль зүйн БХ, болон Хууль зүйн яам төсөлд оролцох ёстой.

С.Эрдэнэ хариулав: Хуулийн төслуудийн хамт хэлэлцээд явах боломжтой

С.Одонтуяа: Эрсдэлийн сан байхгүйгээр энэ хууль гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаална гэж ёстой байхгүй шүү

Өнөөдөр 10 гэр бүлийн нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Энэ бүлгийнхэн хамгийн их ядууралд өртөж байна.Нэг зүйлийг л асуух гэсэн юм. Өнөөдөр 2-3 хүүхэдтэй, түрээсийн байр хөлсөлдөг гэр бүлийн эцэг маргааш хаяад явхад үлдсэн хүүхэд, ээж ямар орлогоор амьдралаа залгах вэ. Тэтгэмж авах ажлыг хуулийн төсөлд сайн тусгасан байна. Гэхдээ амьдрал дээр тэтгэмжээ авч чаддаг нь тун муу  байна. ШШГГазраас авсан мэдээллээр 15 хувь нь л тэтгэмжээ авч чаддаг гэсэн байна. Үлдсэн 85 хувь нь хэрхэн амьдардаг юм бол доо. Бусад улсад Эрсдэлийн сан гэж байдаг. Энэ хуулийн энэ хэсгийн Засгийн газар хасчихсан байна. Эрсдэлийн сан байхгүйгээр энэ хууль гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаална гэж ёстой байхгүй шүү. Үүний төлөө Би хатуу зогсоно. эрсдэлийн сан байгуулснаараа улсаа тийм их хөрөнгө шаардахгүй ээ. Эцэг нь мөнгөө төлчихсөн тохиолдолд буцаад энэ санд төлөгдөнө. Мөн гэр бүлийн баталгаагүй хирнээ, эцэг нь тогтоогдсон байдаг үүнийг хэрхэн тэтгэмж авахаар  тогтсон вэ?

С.Эрдэнэ хариулав: Хуульд бодит орлогоос тэтгэмж тооцдог  байхаар тусгасан. Мөн Гэр бүлээ хаяад явсан, гэм буруутай нь тогтоогдсон этгээд тэтгэмжээ төлөхөөс зайлсхийсэн этгээдэд тооцох хариуцлагыг чангатгасан байгаа. Мөн хуульд хамтран амьдрагчийн асуудлыг асуудлыг хуульчилсан. 

Хуулийн хэрэгжилтийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн үндэсний газар хангана

УИХ-ын гишүүн Р.Бурмаа асуув: Хуульд эцэг, эх нь үүргээ биелүүлэхэд төрөөс дэмжлэг хүлээлгэнэ гэсэн нилээд олон заалт байна. Ямар бүтцээр хэрэгжүүлэх вэ?

С.Эрдэнэ: Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн үндэсний газар гэж өөрчлөн зохион байгуулж,  үүнийхээ хүрээнд бүх аймаг, дүүрэгт, нийслэлд хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, газар байгуулахаар хуульд оруулж ирсэн. Мөн зарим чиг үүргийг  ТББ, ТБ-аар гэрээлж хийлгүүлэхээр төлөвлөсөн.

О.Баасанхүү: Тиймээс ийм чухал хуулийг хариуцлагагүй оруулж ирж

Үндсэн хуульд эр хүний гурван үүрэг байдаг. Цэргийн алба хаах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, татвар төлөх гэсэн. Тиймээс ийм чухал хуулийг хариуцлагагүй оруулж ирж, нилээд сайн ярих ёстой хууль. Тодорхой зүйлүүдийг хэлье. Гэр бүлийн гэрээ гэсэн заалт ороод ирж. Гэр бүлийн гэрээ, гэрлэлтийн гэрээ гэдэг бол хоёр тусдаа ойлголт шүү. Гэрлэлтийн гэрээ бол сайн дурын үндэс дээр, ихэвчлэн эд хөрөнгийн асуудал дээрх тохиролцоог цаасан дээр буулгасан хэлбэр юм. Харин гэр бүлийн гэрээ гэдэг бол нэгэнт гэр бүл болчихсон хүмүүс гэрээгээр биш Үндсэн хуульд тусгасан үүрэгээ хүлээнэ.....

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хурал даргалагчийн зүгээс завсарлах цаг нэгэнт болсон тул хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлье хэмээн мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.