Гэр бүл бологсод гэрлэлтийн гэрээ байгуулж болно
2016.03.24

Гэр бүл бологсод гэрлэлтийн гэрээ байгуулж болно

Хуулийн төслийн нэр: Гэр бүлийн тухай (шинэчилсэн найруулга)

Өргөн мэдүүлсэн он, сар, өдөр: 2014.06.23

Санаачлагч: Засгийн газар

Ажлын хэсгийн ахлагч:

Хуулийн бүтэц: 11 бүлэг, 121 зүйлтэй

Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн асуудал сүүлийн жилүүдэд Монгол Улсад орхигдож, гэр бүл салах, хүүхдийн эрх зөрчигдөх, эмэгтэйчүүд өрх толгойлох, цус ойртох тохиолдол олширсон. Мөн гэр бүлийн харилцаанд шинэ хандлагууд бий болж гэр бүлээ батлуулалгүй хамтран амьдрах, тусдаа өрх үүсгэн амьдрах нь ихэсчээ. Эдгээр нөхцөл байдал нь 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах үндсэн шалтгаан болжээ.

Хуулийн төсөлд орсон зарим онцлох заалтуудыг сонирхуулъя.

Гэр бүл бологсод угийн бичиг хөтлөх ёстой

Хуулийн төслийн эхний бүлэгт гэрлэх, гэрлэлт дуусгавар болох талаар тусгажээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадын хүнтэй гэрлэхээр бол тухайн улсад хоёроос доошгүй удаа, гурван сараас доошгүй хугацаагаар амьдарсан байх ёстой. Өөрөөр хэлбэл интернетээр танилцаад уулзаагүй байж гэрлэх шийдвэр гаргах боломжгүй юм. Ашиг олох зорилгоор гэрлэлтийн зуучлалын үйлчилгээ эрхлэхийг хоригложээ. Мөн эхнэр, нөхрийн аль нэг нь ХДХВ, ДОХ-оор өвчилсөн, эсвэл сэтгэцийн өвчтэй байсан нь гэрлэсний дараа илэрвэл гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандаж болно.

Гэр бүл бологсдын хүлээх үүрэгт зарим шинэ заалт оруулжээ.

... Тухайлбал гэрлэгчид нь угийн бичиг хөтөлж, овог  хэрэглэн  үр удмаа цус ойртохоос сэргийлэх үүрэг хүлээнэ. Угийн бичигт эцэг, эх талын дээшээ 9 үеийг тусгана ...

Хэрэв эхнэр жирэмсэн байх, хүүхэд нэг нас хүрээгүй, эсвэл эхнэр, нөхрийн аль нэг нь хүндээр өвчилсөн бол гэрлэлтээ цуцлахыг шаардах эрхгүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шалгагдаж буй гэр бүлд энэ хамаарахгүй.

Гэрлэлтийн гэрээ гэж юу вэ?

Өмнөх хуульд гэрлэгчдийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэсэн ганцхан заалт байсан бол уг төсөлд илүү дэлгэрэнгүй болгож “гэр бүлийн гэрээ”, “гэрлэлтийн гэрээ”, “хамтран амьдрах гэрээ”, “тусдаа амьдрах гэрээ” гэх мэт шинэ ойлголтууд оруулжээ.

Гэр бүлийн гэрээг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд хамтран амьдрах, тусдаа амьдрах, хүүхдээ асрах, харгалзан дэмжих гэх мэтээр янз бүр байж болно. Гэр бүлийн гэрээ нь гэр бүл цуцлахад шүүх дээр маргаан шийдвэрлэхэд ашиглагдана.

Гэрлэлтийн гэрээнд дараах нөхцлүүдийг тусгана. Үүнд:

  • Хамтран болон хэсгээр өмчлөх дундын хөрөнгө, хөрөнгийн эрх, үүргийн хувиарлалт,
  • Тусдаа амьдрах, хэн нэг нь нас барахад хөрөнгө хуваах журам,
  • Тэжээн тэтгэх, халамжлах үүрэг,
  • Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил, асрамжийн эрх, үүрэг зэрэг багтана.

Хамтран амьдрах гэрээнд дээр дурьдсан нөхцлүүдийг тусгах бөгөөд хосууд гэрлэлтээ батлуулвал энэ гэрээ нь гэрлэлтийн гэрээ болно.

Эцэг, эхийн эрхээ хязгаарлуулсан, хасуулсан этгээдүүдийг албадан сургалтад хамруулна

Хуулийн төсөлд гэр бүлийн орчинд, эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь хүүхдийн язгуур эрх мөн гэдгийг онцолжээ. Гэрлэсэн, хүүхэдтэй мөртлөө өөр хүнтэй эр, эмийн харилцаа тогтоон, нэг ам бүлд амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрх ашгийг зөрчиж байна гэж үзнэ.

Мөн адил эрхийг үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхэд эдэлнэ. Тээгч эхийн эрүүл мэнд, хүүхдийн хүйс зэрэг урьдчилж мэдэх боломжгүй нөхцөл байдлын талаар захиалагч гэр бүл нарийвчилсан гэрээ байгуулж, баталгаажуулах ёстой.

Хүүхэд нь дундын эд хөрөнгийн хамтын өмчлөгч байна.

... Гэрлэлтээ цуцлуулах үед эцэг, эх хүүхдийнхээ нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг хүүхдээ 18 нас хүртэл худалдах, бэлэглэх, барьцаалах эрхгүй ...

Насанд хүрээгүй үедээ хүүхэдтэй болвол 18 нас хүртлээ эцэг, эхийн хамтаар /эмээ, өвөө/ эцэг, эхийн эрх, үүрэг хүлээнэ. Эх хүн жирэмсэн үедээ архи, тамхи хэрэглэхгүй байж хүүхдээ эрүүл төрүүлэх үүрэгтэй.

Хэрэв эцэг, эх хүүхдээ орон байр, хувцас, хоолоор хангаагүй, хөдөлмөрийг нь ашигласан, гуйлга гуйлгасан, гадуурхсан бол эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана. Харин хүүхдээ хаясан, төөрүүлсэн, биеийг нь үнэлүүлсэн зэргээр хүнлэг бус хандсан бол эцэг, эх байх эрхийг хасна. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан этгээдүүдийг албадан сургалтад хамруулна.

Түүнчлэн хуулийн төсөлд гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой зарим шинэ заалтууд оржээ. Жишээлбэл монгол хүүхэд үрчлэх гадаадын иргэн гэрлэлтээ бүртгүүлээд таваас доошгүй жил болсон байх ёстой.

... Түүнээс гадна ижил хүйстэн гэр бүлд хүүхэд үрчлүүлэх хориотой ...

Гэр бүлийн тухай хууль тогтоомж зөрчвөл Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.