С.Ганбаатар: АН-ын хямралыг засъя гэвэл 35 сайдтай л ажиллана
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.Тэрээр удахгүй томилогдох шинэ Ерөнхий сайд болон түүний тэргүүлэх Засгийн газрын талаар байр сууриа илүү тодотголоо.
-Та улстөрд үүссэн хямралд ямар дүгнэлт өгч байна?
Одоо болж буй үйл явц зөвхөн АН-ын дотоод асуудал. Бусад хүмүүст огт хамаагүй, тэр дундаа УИХ дахь бие даагч нарт хамаагүй гэвэл том эндүүрэл. Төр барьж байгаа нам дотроо самуурна гэдэг төрийг самууруулж, хүнд байдалд оруулж байгаа хэрэг.
Энэ нь шууд иргэд, сонгогчдын амьдралд нөлөөлж байна. Бидний татварын мөнгийг яаж ашиглах вэ гэдгийг шийддэг энэ намын асуудал бидний асуудал боллоо. АН ард иргэдийн асуудлыг шийднэ гэж гарчихаад өөрсдөө ард иргэдийн бэрхшээл болоод сууж байдаг. Үүний үндсэн санаа юу гэвэл АН хэзээ ч ард иргэд, намын сонгогчдоо сонсохгүй байна.
-Тэгвэл тэд хэний үгийг сонсож байгаа вэ?
Өөрсдийгөө АН гэж бодчихсон хэдэн фракцийн толгойлогч нараа сонсож үймэлдэж байна. Тэд өнгөрсөн өдрүүдэд дараагийн Ерөнхий сайд, улс төрийн лидерүүдээ гаргаж ирэхэд анхаараагүй. Ганцхан хэн байх талаар асуудал үүсгэсээр байсан шүү дээ. Энэ нь эргээд бидний эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд нь АН-ын эзэд юм.
Гишүүд нэг л зүйл хүсч байгаа. Ажлын байртай болж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Цаашлаад“Оюутолгой” болон уул уурхайн баялгийг Монголдоо үлдээж, олон үйлдвэр барихыг хүсч байгаа. Иргэдийн хүсч байгаа зүйл энгийн. Булаацалдаад, маргалдаад байх зүйл энд байхгүй.
-Хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг сонин биш, харин юу хийх вэ гэдэг чухал асуудал. Н.Алтанхуягийн хийснээс илүү гарах ямар ажил хийх шаардлага тулгараад байна?
Хэд хэдэн зүйлд анхаарч чадвал үр дүнтэй байх болно. Хамгийн эхлээд юунаас болж хямрал болов гэдгийг тогтоо. Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
УИХ дээр Монголбанкны ерөнхийлөгчийн тайланг тавиулж мэргэжил арга зүйн чадвар дутаж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй. Үүнээс л асуудлуудаа цэгцлэх эхлэл болно. Бизнес эрхлэгчид болон ам.долларын зээлтэй иргэд 40 хувийн алдагдалд орж байна. Цалин тэтгэврийн 30 хувь нь инфляцид идэгдэж байна.
Монголбанк үндсэн үүргээ гүйцэтгээгүйгээс ийм байдалд орсон. Миний бие хоёр жилийн турш Ерөнхий сайдаас ядаж өөрсдөө хадаасаа үйлдвэрлэдэг болъё гэж гуйсан, шүүмжилсэн. Ер нь Н.Алтанхуяг бүх зүйл дээр “За” гэж хэлснээрээ алдлаа.
Харин ихэнх асуудалд нь “үгүй” гэж хариулаад нэг зүйлд “за” гэж хэлсэн бол дээр байсан юм. Ерөөсөө бүх талаараа хүчтэй байх гэж оролдоно гэдэг бүх талаар сулын шинж. Бүх хүчээ дайчлаад ган болон нефть боловсруулах үйлдвэрээ барья.
Хамгийн эхлээд юунаас болж хямрал болов гэдгийг тогтоо. Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Ингэсэн тохиолдолд нэг тэрбум ам.долларыг гадагшаагаа нефтьд өгөхөө болино. 970 сая ам.долларыг арматурт Эрээн рүү гаргахаа зогсооно. Ингэснээр эх орондоо арматур үйлдвэрлэх болно.Цемент, арматур байгаа тохиолдолд барилгын үнэ 30-40 хувиар буурна. Энэ бүгд Монголдоо үлдэнэ.
Шинэ Ерөнхий сайд энэ мэт энгийн зүйлээс ажлаа эхлэх нь зүйтэй. Үүний дараа зэс хайлуулах үйлдвэр рүү хүчээ шавхах хэрэгтэй. Мөн махны үйлдвэртэй болох тухайд анхаарах ёстой.
Махны үйлдвэрлэл малчдыг ажилтай орлоготой болгож эхэлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн багцыг хөгжүүлэх ёстой. Энэ таван бодлогыг хэрэгжүүлсний дараа бид татвараа авдаг болно. Эдгээрийг юугаар дэмжих вэ гэвэл зээлийн бодлого.
-Улс зээлээр дэмжих бодлого барина гэхээр эргээд хүүний асуудалд унах эрсдэлтэй биш үү?
Улс зээл авдаг. Тухайлбал, 1.5 тэрбум ам.доллар бол зэсийн үйлдвэр барих мөнгө шүү дээ. Ер нь эхний ээлжинд 600 сая ам.доллараар гангийн үйлдвэр барих боломжтой. 1.5 тэрбум ам.долларыг зээлчихээд гэрийнхээ гадаа дугаарлуулж зогсоогоод өгөх биш юм.
Харин том бизнесийн төслүүдэд зээл өгөх боломжийг бусад орны Засгийн газар, банкуудтай ярьж, нээж өгөх нь Засгийн газрын үндсэн ажил. Банк төслүүдтэй танилцаад зээл өгч болно. Үүнийг нь Засгийн газар дэмжээд өг.
Засгийн газар өөрөө зээл өгөх гээд сууж байх ёсгүй. Гагцхүү зээл авах гэж байгаа бизнес эрхлэгчдэд эрх зүйн дэмжлэг үзүүлдэг байя. Мөн татварын хөнгөлөлт. Хэрэв ийм үйлдвэр барьсан тохиолдолд эхний гурван жил татвар авахгүй баймаар байна. Үүний дараа хүний нөөцийг нь бэлтгэж өгөх.
Өнөөдөр хятадуудыг Монголд ажиллуулсныхаа төлөө Засгийн газар 60 тэрбум төгрөгийг өгч байна. Үүний оронд энэ мөнгөө Монгол чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд зарцуулах ёстой. Бид тогооч, үсчингийн курс ажиллуулахаас хэтрэхгүй байгаа нь даанч харамсалтай. Бараг ичмээр. Харин ган, зэсийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэн бэлтгэх нь зөв сонголт.
Шинэ Ерөнхий сайдын хийх дараагийн ажил бол гэрээ. Манай төр, засгийн тэргүүнүүд гадаад руу явж 50 сая ам.доллар гуйхын оронд 50 сая тонн зэс хоолойг тухайн улсад арван жилийн хугацаатай нийлүүлэх гэрээ хийх юм. Бизнес эрхлэгчдэд зах зээлийг нь нээж өг. Өөрийнхөө компанид зах зээл нээж өгөх гэж УИХ-ын гишүүн сайд болохоо болиод гадаад зах зээлийг Монголын нийт бизнес эрхлэгчдэд нээж өгөх учиртай.
Ер нь бол тэд зах зээлээ тендерийн мөнгөөр нээдэг нь үнэн. Үүнээс гадна технологийг гаднаас оруулж ир. Үүнийг төр, засгийн тэргүүн л ярих зүйл. Япон эсвэл Герман улсын гангийн үйлдвэртэй технологийг авах тухай ярих ёстой.
Засгийн газар өөрөө зээл өгөх гээд сууж байх ёсгүй. Гагцхүү зээл авах гэж байгаа бизнес эрхлэгчдэд эрх зүйн дэмжлэг үзүүлдэг байя.
Үүнийг Засгийн газар, Дэлхийн худалдааны байгууллагын гэрээгээр авдаг зүйл шүү дээ. Ингэхдээ тарифын болон татварын хөнгөлөлттэйгөөр гуйж авна. Эдгээр зүйлээр л улс хөгждөг. Ийм энгийн ажлыг хийе гэж Ерөнхий сайдаас хоёр жил гуйсан.
-Ийм энгийн зүйлийг хийж чадаагүй юу?
Юу ч хийгээгүй. Гэвч энэ хүнийг буруутгаж чадахгүй байгаа. Энэ хүн өдөр болгон амьд үлдэхийн тулд брокер хийж, бүгдэд нь тал олж авах гэж наймаа хийсээр хоёр жилийг өнгөрөөсөн.
Улс төрийн тогтолцоо, нөхцөл байдлаа илэн далангүй ярих ёстой. Ер нь бол шүд араагаа хурцалж өөрийнх нь эсрэг кноп дарчих вий гэж өдөржин, шөнөжин ажилласан.
-Муу ажилласан юм бол та чуулганы хуралдаанд оролцоод Ерөнхий сайдыг огцруулах кнопоо дарах ёстой байсан юм биш үү?
Би дарханчуудаас асуусан. Тэдний 50 хувь нь наад хүнээ үтэр түргэн огцруул гэсэн. Харин үлдсэн 50 хувь нь Ерөнхий сайдыг хэвээр үлдээ гэсэн. Араас нь МАНАН үүсэх гээд байгаа гэсэн. Ингэж талцаж байгаа тохиолдолд санал хураалтад оролцохгүй байсан нь дээр гэж үзээд даваа гаригт урьдчилаад илэрхийлсэн.
АН-ын дотоод хямралыг засъя гэвэл 35 сайдтай Засгийн газар байгуулах юм бол сайхан амар жимэр ажиллах гээд байна. Сайд гэх мөнгөний чекэн дээр гарын үсэг зурдаг энэ уралдаанд бүгдээрээ оролцож түмний өмнө булайгаа дэлгэхээсээ ичмээр юм. Намын арчаагүй улс төр рүү оролцох сонирхол надад байхгүй.
АН-ын фракцуудад өөрсдийгөө удирдагчид гэж бодсон хүмүүс намаа алаад байна. Ард иргэд, дэмжигчид нэг хүсэл мөрөөдөлтэй. Нам амьд байя, хүчирхэг болъё гэвэл гишүүдээ сонс. Тэдэнтэй байнга харьцдаг байх хэрэгтэй. ҮЗХ-ндоо амьд үлдэхийн тулд доороо хэдэн хүнийг тэжээдэг, архидуулдаг.
Эргээд энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр ҮЗХ-ноосоо УИХ-ын гишүүн болдог. Ингээд УИХ-ын гишүүн болвол улсын төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг энэ тогтолцоо нь АН-ыг булшилна шүү. МАН ч ялгаагүй. Бүлгээрээ дээрэм хийгээд, дэмжсэн жижиг дээрэмчдэдээ мөнгө өгдөг тогтолцоогоо халах цаг ирсэн. Энэ байдлыг АН, МАН-ын олон мянган сонгогч тэвчээртэйгээр ажиглаж суугаа.
-Улс төр бужигнаж байх хойгуур ам.долларын ханш өссөөр байна. Үүнтэй холбоотойоор та Монголбанкны чадамжийн тухай дээр хэлсэн?
Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн валюттай харьцах харьцааг тогтвортой доод төвшинд барих. Энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас ийм байдалд хүрлээ. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг бид яриад байгаа. Монголбанк нь УИХ-ын бүтцийн байгууллага. Ядаж УИХ дээр юм асуух хэрэгтэй.
-Шинэ Засгийн газарт бие даагчид орох уу. Та гурвыг урих болов уу?
Бид Засгийн газарт хэзээ ч орохгүй. Миний хувьд Засгийн газарт сайд болох эсвэл давхар дээл өмсөх асуудал хэзээ ч байж болохгүй гэж үздэг. Би үүний эсрэг тэмцдэг хүн.
Гол нь төр засаг тогтвортой байх нь чухал. Тогтвортой байхын зэрэгцээ ажил хийх. Миний бие огцор, оронд нь би сууя гэсэн зүйлийг хэзээ ч ярьж байгаагүй. Гагцхүү ажлаа хий. Ингэж л байнга шүүмжилдэг. Ер нь ажил хэрэгч гаргалгаатай шүүмжлэл чухал байгаа юм.
-Гэвч шүүмжлэхээр ажил ургшлахгүй байна, тэгэхээр бүгдээрээ хамтарч Засгийн газар байгуулах гэж байгаа юм биш үү?
Ард иргэдийн оролцоогүйгээр эрх баригч бүлэглэлүүд хоорондоо зөвшилцвөл фашизм болно гэдгийг Европын томоохон нийгмийн зүтгэлтэн хэлсэн байдаг. АН гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэгийг авсан хойно юун МАН. Тэдэнтэй, тэдэнгүй ажлаа хийнэ шүү дээ. Ийм энгийн сонгодог улс төрийн ойлголтыг ойлгох хэрэгтэй.
-МАНАН, цаашлаад бүгд нийлээд ажиллавал парламентад сөрөг хүчний үүргийг хэн гүйцэтгэх вэ гэдэг айдас байна?
Сөрөг хүчний үүргийг бие даагчид гүйцэтгэнэ.
-Та гурвыг Монголбанк, “Оюутолгой”-гоор улстөржлөө гэх шүүмжлэл бий.Хэн эрх баригч болно, тэднийг дагадаг хүмүүс ч гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
Гол нь төр засаг тогтвортой байх нь чухал. Тогтвортой байхын зэрэгцээ ажил хийх.
“Оюутолгой”, Монголбанк гээд ярьж байгаа нь үнэн. Мөн Эрүүл мэндийн даатгал, Газрын тухай хууль зэрэг 11 хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Бид үр дүн гарахуйц томоохон асуудалд тууштай явдаг. Ингэснийхээ төлөө эргээд “Оюутолгой”, Монголбанкнаас мөнгө авах гэж байна гэж шүүмжилдэг хүн цөөнгүй.
Гэхдээ бид үнэний төлөө тэмцсээр байх болно. Ер нь Засгийн газрыг дэмжээд эсвэл эсэргүүцээд гүйхгүй байгаа нь ингэж харагдуулдаг байх. Асуудал болгонд оролцоод байвал “нохой шувуу шуугисан болгонд бие даагчид” гэсэн үг гарна шүү дээ.
-Агентлаг, томоохон үйлдвэрийн удирдлагад төлөөллөө томиллуулсан гэсэн шүүмжлэл сүүлийн үед илүү гарсан. Тухайлбал, таныг Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбосоор байгаа шүү дээ?
Бие даагчид үнэхээр цэвэр байгаа. Хуурай гүжирт хариугүй гэдэг дээ. Намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой гэсэн яриа гарсан. Энэ үйлдвэртэй маш том луйврын гэрээ хийсэн компани бий.Концессоор авсан гэрээнд зөвхөн ган хийнэ гэж тогтоол дээрээ байгаа.
Гэтэл гэрээ болон зарим хавсралтууддаа хоёр том төмөртэй уул байгаа. Түүнийг бүгдийг нь бутлаж хад, чулуу, шороогоор нь зөөж байна. Саяхан Дарханы Аудитын шалгалтыг хэлсээр байж оруулсан.
Шалгалтаар олон луйвар илэрсэн. Тухайлбал, гурван тэрбум төгрөгөөр дугуй худалдаж аваад хоёр жил гаруй хугацаанд хий дэмий гадаанаа байлгалаа. Тэр дугуйг ерөөсөө ашиглахгүй. Гурван тэрбум төгрөгийг дундаас нь идсэн луйварчдын л бизнес.Би тэр үйлдвэрт өчүүхэн ч хувь эзэмшдэггүй.
Харин ч шүүхэд өгөх гээд бэлтгэж байна. “Оюутолгой”, Монголбанкны асуудлыг шийдээд дараа нь энэ асуудал руу орно. “Оюутолгой” компанитай холбоотойгоор хэлэхэд хэрэв бид 130 сая ам.долларын татварыг авахгүй гэвэл монголчууд 70 жилийн турш тэндээс татвар авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаатай адил. Хүчтэй, мөнгөтэй, шоронд оруулахад бэлэн улстөрчдийн өмнөөс чөлөөтэй дуугарна гэдэг 100 хувь цэвэрхэн байгаа гэсэн үг.