МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
2014.11.05

Д.Оюунхорол: Тусгай сангуудын зардлыг бууруулж, цалин тэтгэврийг нэмэх боломжтой

УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг мөчид ирэх оны төсвийн төслийг тал бүрээс нь нухацтай хэлэлцэж, ард иргэдэд наалдацтай, ахуй амьдралд нь бодит хөрөнгө оруулалт хийх төсөв батлах ёстой гэж үзэж байна.

Энэ ч үүднээс 2015 оны төсвийн төслийг илүү сайжруулах, эрүүлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон санал гаргаж байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол 2015 оны төсөв тооцоо судалгаа муутай, хөрөнгө оруулалт багатай төсөл болсныг онцлоод, ирэх оны төсвийн төсөлд бүлгээс оруулах саналуудаа танилцууллаа.

Ингэхдээ МАН-ын бүлэг ирэх оны төсвийн зардлаас 150 тэрбум орчим төгрөгийг бууруулах боломжтой гэж үзжээ. Эдийн засаг хүндэрсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өссөн, иргэдийн амьжиргаа муудсан ийм үед төрөөс ард иргэддээ бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах саналуудыг гаргалаа. 

- Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгож  зорилтот бүлэгт олгох 
-    Цалин, тэтгэврийг 30 хувиар бодитойгоор нэмэгдүүлэх 
-    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх 
-    "Эхийн алдар" I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог 100.0, 200.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийн хэмжээг 500.0 мянга, 1.0 сая болгож олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ дэмжих ёстой. 

Жилдээ 2.5 их наяд төгрөг зарцуулдаг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангуудын зардлыг танах, заримыг нь татан буулгах замаар 135 орчим тэрбум төгрөг хэмнэж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, эсвэл нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах боломжтой хэмээн үзэж, энэхүү саналаа Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд хүргүүлэхээр болов. 

Дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр найман тэрбум төгрөгөөр бууруулах,  мөн эмнэлэг, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахаас бусад салбарын шатахууны зардлыг 30 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. 

Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж, энэ мөнгийг тодорхой чиглэл зааж өгч санхүүжилтийг нь ашигладаг болъё гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Аудит, АТГ-аас хийсэн шалгалтаар тус сангийн хөрөнгийн зарцуулалт зарим аймагт үр дүн муутай байгаа талаар санал дүгнэлт гарсан. Тиймээс энэ алдааг засахын тулд энэ сангийн хөрөнгийг зарцуулах чиглэлд өөрчлөлт оруулснаар цэцэрлэг, сургуулийн асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс шийдэх боломж бүрдэх юм байна. 

Төрийн захиргааны албан хаагчдын орон тоо сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмэгдсэн. Энэ тоог дор хаяж 10 хувиар бууруулснаар 11.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж Д.Оюунхорол гишүүн хэллээ.