Төсөвт анхаарч байгаа хүн ховор байна гэв
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төсөв батлахад богино хугацаа үлдсэнийг онцлоод төсөвт анхаарч байгаа хүн ховор байгаа хэмээн шүүмжлэв.
Тэрбээр “Ирэх оны төсөв, мөнгөний бодлого энэ долоо хоногт байнгын хороодоор, ирэх долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлгийг батлахаар төлөвлөж байгаа. Одоо бол төсөвт анхаарч байгаа хүн алга. Олонх нь Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал руу хошуурч байна шүү дээ. Төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсэг маргаантай асуудлууд дээр анхаарч ажиллаж байгаа” гэсэн юм.
Түүнээс 2015 оны төсөв, мөнгөний бодлого хуулийн хугацаандаа баталж чадах эсэхийг тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөгдөхгүй хэвээрээ явахаар болсон. Мөн энэ удаа нэгдсэн төсвөөрөө, хуучин стандартаар батлагдаад явна. Мэдээж асуудлууд бий” хэмээн хариулав.
Мөн төсвөө батлаад маргаашнаас нь тодотголоо ярих хэрэгтэй болно гэсэн нь анхаарал татлаа. Тэрбээр "Засгийн .газрын шинэ бүтцээр гурван яам шинээр байгуулагдлаа. Эдгээр яамны санхүүжилтийг хэрхэхийг шийднэ. Нэгтгэгдсэн яамдын төсвийг нэгтгэх гээд тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүссэн. Түүнээс төсвийг нэмж, хасах зүйл тодотголоор хийгдэхгүй" гэсэн юм.