Төсвийн мэдэгдэл, төсөөслийн өөрчлөлтийг дэмжсэнгүй
Санал хураалтын өмнө сөрөг хүчний гишүүдээс голдуу шүүмж өрнөсөн юм.
2014.10.31

Төсвийн мэдэгдэл, төсөөслийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганаар дөнгөж сая Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй.

Иймд Засгийн газарт хуулийн төслийг буцаахаар болсон бөгөөд “хуучин хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдэлд л баригдана гэсэн үг” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцолсон байна.

Уг төсөлд 2015 оны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 7,1, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,160.4 тэрбум төгрөг, хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 7,0 хувь,  нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,638.8 тэрбум төгрөг, улсын өрийн нийт хэмжээ нь ДНБ-ийн 40 хувьд байна гэх зэргээр тооцсон байв.

Санал хураалтын өмнө сөрөг хүчний гишүүдээс голдуу шүүмж өрнөсөн юм.

Я.Содбаатар "Иргэдийн хувьд ирэх онд Монголын эдийн засаг ямар байх вэ гэдгийг л харж байгаа. Сангийн яамнаас ганц л зүйл асууя. Ирэх онд энэ оныхоос эдийн засаг сайжрах төлөв байна уу? Үгүй юу?. Үүнд л хариулаад өгөөч" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хоёрхон жилийн дотор эдийн засгийг долоо дахин унагасан. Цалин тэтгэврээр амьдардаг иргэдийн амьдрал улам бүр муудсан. Гадаадын хөрөнгө оруулалт 5,4 дахин буурсан. Энэ бууралт 2015 онд ямар хэмжээгээр сэргэх юм. Төсвийн хөрөнгө оруулалт дахин тасрахгүй байх боломж алга уу. Төсвийн хөрөнгө тасарч байхад орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. ДНБ-д эзлэх өрийн хэмжээ нь бодитоор яг хэд юм. Тооцоолол, бодлогогүй энэ их зээл, өрийн асуудлыг засч залруулахгүй юм уу” гэсэн