Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.11.04

Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийнэ

Ирэх оны улсын төсвийг энэ сарын 15 гэхэд батлах хуультай. Гэсэн ч өнөөг хүртэл УИХ Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байна. Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цоорхойтой байна гэж УИХ үзсэн учир эгүүлэн татаад буй. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2015 төсөв, мөнгөний бодлого энэ долоо хоногт байнгын хороодоор, ирэх долоо хоногт хоёрдугаар  хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлгийг батлахаар төлөвлөж байгааг шүүмжилж байна.

Мөн ирэх оны төсөвт төсвийн бүрэлдэхүүнээс гадуур хөрөнгө оруулалт орхихгүй байхаар болсон аж. Тодруулбал, 170-аад хөрөнгө оруулалтыг  төсвийн бүрэлдэхүүн болгожээ. Түүнчлэн орон нутагт ачаа үүрүүлэхгүй байх чиглэл барьж энэ жил төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудлыг хойшлуулж дагалдан орж ирсэн хуулиудыг буцаасан байна.  
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.   

-Ирэх оны төсвийн төсөлд анхаарахаас илүүтэй сандал ширээний хэрүүл хийсээр сар гаруй хугацаа өнгөрлөө. Ер нь, ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хуулийн хугацаандаа баталж чадах болов уу?

Төсөв батлахад хязгаарлагдмал цаг хугацаатай. Харин өнөөдөр төсөвт анхаарч байгаа хүн алга. Олонх нь Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал руу хошуурч байна. Төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан Ажлын хэсэг маргаантай асуудлууд дээр анхаарч ажиллаж байгаа.

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөгдөхгүй хэвээрээ явахаар болсон, өнгөрсөн долоо хоногт. Мөн энэ удаа нэгдсэн төсвөөрөө, хуучин стандартаар батлагдаад  явна. Гэхдээ асуудлууд бий. Дутуу орхисон 500-аад обьект байна.

Үүний цаана зээл авсан компани болон банкууд хүнд байдалд байгаа. Энэ мэт асуудлыг судалж,  арга хэмжээ ав гээд ажлын хэсэгт үүрэг болгосон.

-Төсөвт тодотгол хийх үү? 

Тодотгол хийхээс аргагүй. Төсвөө батлаад маргаашнаас нь тодотголоо ярих хэрэгтэй болох байх. Учир нь, Засгийн газар шинэ бүтцээр ажиллана. Шинээр байгуулагдсан гурван яамны санхүүжилтийг шийднэ.

Тэгэхээр тодотгол хийхээс өөр аргагүй. Түүнээс төсвийг нэмж, хасах зүйл тодотголоор хийгдэхгүй.