Хөвсгөлийн тариаланчид ургацын баяраа тэмдэглэв
Ургацын баярт нийт 300 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.
2014.11.04

Хөвсгөлийн тариаланчид ургацын баяраа тэмдэглэв

Монгол Улсад атар газар эзэмшсэний 55 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэгчид "Хөвсгөл-Атар 55" ургацын баярыг тус аймгийн Тариалан суманд зохион байгууллаа.

УИХын гишүүн Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Тариалан сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд газар тариалан эрхэлдэг сумдын 300 орчим төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Эдгээр хүмүүсээс 10 гаруй нь Атрын анхны шанг татаж 10 мянган га-д үр тариа тарьсныг баталгаажуулахаар мориор хэмжиж явсан түүхээсээ ярилаа. 1990-ээд оноос хойш газар тариалангийн салбар уналтад орж, олон хүн ажилгүй үлдэж, өмч хувьчлал нэрийн дор олон сангийн аж ахуй, барилга байгууламжууд балгас болох байсан.

Харин "Атрын III" дахь аяныг эхлүүлснээр байдал өөрчлөгдөж ашиглагдахаа байсан атаршсан газрууд дахин эргэлтэд орж, газар тариалангийн компаниудад техникийн шинэчлэл хийх боломж олдож. улаан буудайн тариалалт, га-гаас авах хэмжээ нэмэгдсэнийг Хөвсгөл аймгийн Малчин, тариаланчдын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.