УИХ-ын гишүүн Г.Баярсайхан газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр /2014.10.07/ газар тариалан эрхлэгчдийн төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, Сэлэнгэ аймгийн “Тухан Хан” ХХК-ийн захирал Б.Баярхүү, “Газрын Ундрам” ХХК-ийн захирал Ш.Мардаан, "Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбоо"-ны тэргүүн Л.Цандэлэг нартай уулзсан бөгөөд тариаланчид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дотоодын гурилын үйлдвэрүүдэд олгож буй улаан буудай импортлох эрхийг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Су.Батболд, Х.Болорчулуун, Н.Энхболд нар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар байлцав.
Сэлэнгэ аймгийн “Газрын Ундрам” ХХК-ийн захирал Ш.Мардаан, намрын ургац хураалттай зэрэгцээд импортоор их хэмжээний улаан буудай хямд үнээр орж ирж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тариаланчдаас тонн улаан буудайг 500-550 мянган төгрөгөөр худалдан авах дээд үнэ тогтоосон. Гэтэл гурилын үйлдвэрүүд энэхүү тогтоосон үнээс хямд үнэтэй импортын буудайг илүүд үзэж дотоодын буудай борлуулалтгүй байна. Тиймээс улаан буудай импортоор авахгүй байхыг хүсэж байна” гэлээ.
Импортын улаан буудай хямд үнэтэй нийлүүлэгдэж байгаагаас шалтгаалан тариалан эрхлэгчид ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа аж. Манай улсад 1500 гаруй газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, хувь хүн байдаг бөгөөд уулзалтад ирсэн тариаланчдад тус бүр нь 900-1000 тонн улаан буудай борлуулалтгүй хадгалагдаж байгаа аж.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас энэ жил улсын хэмжээнд өндөр ургац авч буйтай холбогдуулан тариаланчдыг ямар бодлогоор дэмжиж буй талаар асууж тодруулсан.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлэхдээ “Бид дотоодын гурилын үйлдвэрүүд болон тариаланчдыг аль алиныг нь дэмжин ажиллаж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ард иргэдийг хямд үнэтэй сайн чанарын гурилаар хангах асуудлыг гол зорилго баримтлалаа болгон ажиллаж байна. Бид өнгөрөгч 9 дүгээр сарын эхний долоон хоногт гурилын үйлдвэрүүдэд 49 мянган тонн улаан буудай импортлох эрхийг олгосон. Учир нь манай тариаланчдын хураасан 440 мянган тонн улаан буудайн 320 мянган тонн нь хүнсний хэрэглээнд ашиглагдана. Үүний 100 орчим мянган тонн нь цавуулаг чанар маш муу байгаа гэж хүнсний үйлдвэрүүд дүгнэж байгаа юм. Тиймээс үүнийг нөхөх зорилгоор ОХУ-аас гурил татах дотоодын үйлдвэрүүдийн хүсэлтийг харгалзан эрх олгосон” гэв.
Байнгын хорооны гишүүд ард иргэдийг хямд үнэтэй сайн чанарын гурилаар хангах нь гол зорилго биш хэмээн санал нэгдээд хямд гурилдаа бус нийгэмд үзүүлэх үр нөлөөг харгалзах ёстой хэмээв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр дотоодын тариаланчдын хураасан улаан буудайн чанар муу байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх шаардлагатай талаар хэлж Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Япон Улсаар жишээ татаж хэд хэдэн зүйл хэлэв. Тэрээр хэлэхдээ “Япончууд БНХАУ-аас 2 дахин илүү зардлаар будаа тариалдаг. Тэд БНХАУ-аас хямд үнээр будаа худалдан авч болох ч иргэдээ ажилтай орлоготой байхыг илүүд үздэг” гэв.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан байнгын хорооны гишүүдтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлээд маргааш буюу /2014.10.08/ өдрийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг оруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.