Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх Монгол эрдэмтдийн санал
Н.Баярсүх, доктор Ph, дэд проф, УГТСЭШХ-ийн захирал Ж.Намжилсүрэн, доктор Ph, дэд проф, УГТСЭШХ-ийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан
2014.08.26

Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх Монгол эрдэмтдийн санал

ОЛОН УЛСЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН ДЭМЖЛЭГЭЭР МОНГОЛ ОРНЫ ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАМГААЛЖ, АШИГЛАХ ЗАМААР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Н.Баярсүх, доктор Ph, дэд проф, УГТСЭШХ-ийн захирал

Ж.Намжилсүрэн, доктор Ph, дэд проф, УГТСЭШХ-ийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан нарын санал

Манай гариг дээр өдөр бүр 250000 хүүхэд төрж, одоогийн байдлаар 7,0 тэрбум орчим хүн амьдарч байгаа бөгөөд нэг тэрбум гаруй хүн өлсгөлөн, тэжээлийн хомсдолд ороод байна. 2050 онд дэлхийн хүн ам 9 тэрбум хүрч өсөх бөгөөд энэ үед дэлхий дахин хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 70%, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна.

Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж Дэлхий даяар маш хомс болсон.

Ийм нөхцөлд Хүнс, Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг /ХХААУГН/ цаг алдалгүй хамгаалж, хадгалах, түүнд агуулагдаж байгаа үнэт шинжүүдийг илрүүлж орчин үеийн генетик селекцийн арга, технологийг өргөнөөр ашиглаж хаа-н таримал ургамлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ сорт хэлбэрүүдийг бүтээж үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх хамгийн дэвшилтэт, оновчтой, цорын ганц арга зам гэдэгтэй дэлхийн дийлэнх орон санал нэгдэж тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрөөд байна.

      Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн ургамал, амьтны генетик нөөцийг харилцан солилцож, нэг газар нутгаас нөгөөд шилжүүлж тариалж ашигласаар ирсэн бөгөөд өнөө цаг үед огцом өөрчилөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ургамлын генетик нөөцийн хувьд харилцан бие биеэс хамаарах хамаарал нь улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн бүх улс орнууд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад ХХААУГН шаардлагатай бөгөөд түүнийг хадгалж хамгаалах, үр ашигтай ашиглах ажлыг нэг улс, нэг байгууллага дангаар хэрэгжүүлэх боломжгүй юм. Ийм учраас ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах олон улсын хамгийн үр ашигтай хамтын ажиллагааг хагах, олон улсын хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.

Ийм учраас НҮБ-ын ХХААБ-аас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн тухай олон улсын гэрээг  (ХХАУГНОУГ) баталж 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд 2014 оны байдлаар дэлхийн 143 орон элсээд байна /RESOLUTION 3/2001 Adoption of the International Treaty on Plant Genetic Resources for Food and Agriculture and Interim Arrangements for its Implementation/. Хамгийн сүүлд Япон улс энэхүү гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 30 өдөр нэгдэн орсон.

Энэ гэрээ нь хүний хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа бүх төрлийн ургамалд хамаатай бөгөөд эдгээр ургамал түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлээд “хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөц” хэмээн нэрлэхээр болсон байна.

УГНОУ-ийн гэрээ нь ургамлын генетик нөөцтэй холбоотой дараах үндсэн харилцаануудыг зохицуулж байна.Үүнд:

  1.  ХХААУГН-ийг хадгалах хамгаалах төдийгүй генетик нөөцийг судалж,

ашиглах зорилгоор харилцан солилцох, ххаа-н ургамлын генетик нөөцийг худалдааны зорилгоор ашигласнаас олох ашгийг олон улсын хэмжээнд тэгш хуваарилах хамгийн оновчтой Генетик нөөцийг ашиглах түүний үр ашгаас хүртэх олон талт системийг (Multilateral System of Access and Benefit-sharing) анх бий болгосон.

Одоогийн байдлаар энэхүү системд НҮБ-ийн дэргэдэх ХАА-н Эрдэм Шинжилгээний Олон Улсын Төвүүд, гэрээнд нэгдсэн улсууд болон бусад байгууллагуудаар дамжуулан албан ёсоор 1.3 сая ургамлын дээж материал буюу хүн төрлөхтний ургамлаас авах нийт калорийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг ургамлын сорт дээжүүд хамруулаад байна. 

Энэ механизм нь хамгийн чухал хаа-н ургамлын генетик нөөцийг ургамлын судалгаа, селекцийн ажилд ямарч саадгүй чөлөөтэй ашиглах боломж олгох замаар таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, хувирч өөрчлөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжыг бүрдүүлж байгаад хамгийн чухал ач холбогдол нь оршиж байна.

  1. УГНОУ-ын гэрээний нэг бүрэлдэхүүн хэсэг нь түүний зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож ашгийг тэгш хуваах сан (Benefit-sharing Fund) байгуулсан явдал юм.  Энэ сангаар дамжуулан хөгжиж байгаа орнуудын тариаланчид, фермерүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тусалж дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн аливаа санаачлага үйл ажиллагааг  санхүүжүүлж байна.

Энэ сангийн нийт хэмжээ 2014 онд 100 сая ам.долларт хүрсэн бөгөөд 2009 оноо үйл ажиллагаагаа эхэлж 2010, 2014 онуудад хоёр дахь шатны төслүүдээ шалгаруулан гэрээнд элсэн орсон хөгжиж байгаа орнуудын төсөл шалгаруулан санхүүжүүлж эхлээд байна.

  1. Энэ гэрээгээр ХХААУГН-ийг амьдаар хадгалж, тогтвортой ашиглах

(Conservation and Sustainable Use) үйл ажиллагаагхэрэгжүүлэхэд баримтлах үндэсний хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулахад шаардлагатай олон улсын хууль эрх зүйн боломж, нөхцлүүдийг тунхаглаж бий болгосон байна.  .

  1. ХХААУГН-ийн тухай олон улсын гэрээ хэлэлцээр нь (ITPGRFA)

Биологийн Төрөл Зүйлийн тухай Олон Улсын Конвенц (Convention on Biological Diversity буюу CBD)-ийн үзэл баримтлалтай огт зөрчилдөөгүй бөгөөд энэ тухай CBD-д тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн байна. Ялангуяа2010 оны 10 сард Япон Улсын Нагоя хотод COP10 талуудын уулзалтаар БОЯБК-ийн генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол батлагдсан. Энэ протоколыг Нагоягийн протокол гэж алдаршсан юм. Нагоягийн протоколоор БОЯБК-ийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн талаархи Олон улсын гэрээтэй нягт уялдуулж байхаар маш тодорхой заасан байна.

  1. ХХААУГН-ийн тухай олон улсын гэрээнд элсэн орсон улс орнуудын хувьд

ямар нэг мөнгөн төлбөрийн үүрэг хүлээдэггүй байна. Зөвхөн дээр дурдсан үндсэн зарчмуудыг өөрийн орны хууль эрх зүйн орчинд тусгаж хэрэгжүүлэхийг зөвлөдөг байна.

Монгол орон, таримал ургамлын гарал үүслийн Хятад-Япон, Төв Ази, Европ-Сибирийн төвүүдийн уулзварт оршдог эх газрын эрс тэс өвөрмөц уур амьсгалтай, нэгэн цагт өргөн уудам нутагтай их гүрний төв болж түмэн газрын тариачин ард түмэнтэй харьцаатай байсан зэрэг нь Монгол оронд өөрийн онцлогтой газар тариалан хөгжихийн зэрэгцээ нутгийн өвөрмөц шинж төрхтэй таримал ургамлын баялаг генофондыг бий болгосон. Монгол нутгийн таримал хэлбэрүүд нь эрс тэс уур амьсгалд зохицсон ган, хүйтэнд онцгой тэсвэртэй байдаг онцлогтой. 

Монгол нутгийн таримал ургамлын дээжийг бүр 1922 оноос зориуд цуглуулан судалж эхэлсэн бөгөөд зөөлөн буудай, арвай, хошуу будаа,  хар будаа, вандуй зэрэг таримлын зөвхөн Монголд тохиолддог, өөр хаанаас ч олддоггүй, нутгийн олон ховор унаган үнэт чанартай омгуудыг олж тогтоож экологи-газар зүйн тусгай бүлэг болгож дэлхийн дансанд бүртгүүлсэн байдаг.

Эдгээр үнэт цуглуулгыг Дархан-уул аймаг дахь УГТСЭШХ-ийн генобанкид өнөөг хүртэл амьдаар хадгалж ашиглаж байна. Энэхүү үндэсний хэмжээний цорын ганц генобанк нь 1970-аад оноос эхтэй бөгөөд 2000 онд НҮБ-ын ХХААБ-ын хөрөнгө оруулалтаар ХАА-н таримлын генобанк болж үйл ажиллагаа нь өргөжсөн байна. Энэ генобанкид хөдөө аж ахуйн 70 орчим төрлийн таримлын 20490 сорт дээж дугаарын үрийг амьдаар хадгалж, судалгаанд ашиглаж байна. Генофондын цуглуулгын бүтцэд Буудай 39.4 %, арвай 21%, хошуу будаа 5.4%, бусад үр тариа 6%, 1368, буурцагтан 3% 668, тосны ургамал 1% 182, утасны 0.3% 57, тэжээлийн 7% 1650, хүнсний ногоо 11% 2350, бусад 1.5% 382 дээж тус тус эзэлдэг. Олон наст ургамлын талбарт 52 төрлийн 135 зүйлд хамаарах жимс, жимсгэнэ, хүнс, тэжээл, эмийн болон бусад ашигтай олон наст мод бут, өвслөг ховор ургамлын 247 сорт, дугаарын 1350 ургамал ургаагаар хадгалж байна.

Харин сүүлийн 20 орчим жилийн хугацаанд явагдсан бүтэц зохион байгуулалтын өөрчилөлтүүд, санхүүгийн тогтолцооны доголдлоос

шалтгаалж ХААИС-ийн харъяа Ховдын салбар, Увсын ХАА-н эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв, Дорнод бүсийн салбаруудад байгаа салбар төвүүдийн таримал ургамлын генетик нөөцийн хадгалалт, судалгааны үйл ажиллагаа нь нилээд сул дорой, зогсонги байдалтай байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг амьдаар хадгалах, чөлөөтэй солилцож тогтвортой ашиглах түүнийг ашигласнаас бий болсон үр ашгийг шударга, тэгш хуваарилах үйл ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэг, бусад олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд ХХААУГН-ийн олон улсын зохицуулалтад зарчмын томоохон өөрчилөлтүүд гарч  ХХААУГН тухай олон улсын гэрээгээр (ITPGRFA) зохицуулагдаж байна.  

Монгол орны өргөн уудам нутагт хүнс, хөдөө аж ахуйн төрөл бүрийн таримал тариалах болон цаашилбал гадаадад экспортлох ихээхэн нөөц бололцоо болон бизнесийн орон зай, эрэлт хэрэгцээ байгаа ба хөрс, уур амьсгалын экологийн өөр бүсүүдэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлын эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлого, хөтөлбөрөөр дэмжих, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг өргөнөөр хүртэх боломж бүрдүүлэх тухайлбал олон улсын хэмжээнд бий болоод байгаа энэхүү бодит нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү гэрээнд элсэн орох нэн шаардлагатай байна.

Энэхүү гэрээнд элсэн орсноор монгол орны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай байгаа ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургацын чадавхи сайн, чанарын өндөр агууламжтай хүнс, тэжээл, тос техникийн зэрэг хэрэглээний өргөн чиглэлээр ашиглах шинэ таримал сорт хэлбэрүүдийг бий болгох, сайжруулахад дэлхийн ургамлын генетик нөөцийн сангаас чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчилэн, ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник технологийн, хөрөнгө санхүүгийн болон боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлүүдээр олон улсын хамтын нийгэмлэг бусад донор байгууллагуудын дэмжлэгийг бүрэн хүртэх  өргөн боломж нээгдэнэ.

ХХААУГН тухай олон улсын гэрээнд (ITPGRFA) Монгол Улс ойрын үед нэгдэн орох чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг харгалзан ҮХААЯ-аас, НҮБ-ын ХХААБ, ХХААУГН тухай олон улсын гэрээний байгууллагатай хамтран ХХААУГН тухай олон улсын гэрээ (ITPGRFA)-ний баримт бичгийг Монгол хэлнээ орчуулах, төр, захиргааны байгууллагууд, олон нийтэд танилцуулах, ойлголтыг гүнзгийрүүлэх, гэрээнд элсэх асуудлыг УИХ, засгийн газраар батлуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

Цаашид Монгол оронд Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг амьдаар хадгалж, үр ашигтай ашиглах ажлыг шинэ шатанд гаргахад дараах арга хэмжээнүүдийг дотооддоо нэн дариу хэрэгжүүлэх шаардлага байна. Үүнд:  

  1. Хүнс, ХАА-н таримлын генетик нөөцийг хамгаалах, амьдаар хадгалах, үр ашигтай ашиглах асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулах генетик нөөцийн тухай хууль, эрх зүйн акт боловсруулж УИХ-аар баталж хэрэгжүүлэх,
  2. УГТСЭШХ-ийн ХАА-н таримал ургамлын генефондын цуглуулгыг төрийн хамгаалалтанд авч олон улсын стандартын түвшинд техник тоног төхөөрөжийн шинэчлэл хийж Монгол улсын Үндэсний Генобанк болгон өргөжүүлэх засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэх,
  3. Газар тариалангийн бүс, бүсчлэлийн дагуу эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн орон нутгийн салбар генбанкуудыг өргөжүүлэн үйл ажиллагааг  идэвхжүүлэх,
  4. ХХАА-н таримал ба Монгол орны байгалийн ашигт ховор олон наст ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнг одоогийн УГТСЭШХ-ийн генобанкыг түшиглэн Дархан-Уул аймагт Хараа голын сав дагуу байгуулах,
  5. ХХАА-н таримал ургамлын цуглуулгын бүрэн хэмжээний электрон бүртгэлийг хийж дотоодын болон олон улсын мэдээллийн сүлжээнд холбож мэдээллийн сан байгуулах,
  6. ХХААУГНөөцийн судалгаагаар ажилладаг боловсон хүчний чадавхийг сайжруулах, гадаад, дотоодын урт, богино хугацааны болон магистр, докторантурын тэтгэлэгт сургалтанд хамруулах, төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээгээр ажиллуулах,
  7. Дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын донор байгууллагууд, хөгжингүй орнуудын засгийн газар, олон улмын судалгааны төвүүд зэрэг томоохон байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, санхүүжилтийг оновчтойгоор ашиглах замаар хамтран ажиллах, тэдний ашиг сонирхлыг Монголд бий болгох,