О.Мөнхжаргал: Рапсаар биодизель хийдэг туршлага бий
Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс-агрохимийн тэнхмийн эрхлэгч, МУ-ын зөвлөх агрономич, доктор, дэд профессор О.Мөнхжаргалтай тосны ургамал, түүний дотор рапсыг хэрхэн монголд тарьж, ургуулах талаар ярилцлаа.
Тэрээр 1987 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономчийн мэргэжлээр төгсөөд Дорнод аймгийн Халх гол дахь эрдэм шинжилгээний хүрээлэнд 20 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд дандаа тосны ургамлын талаархи судалгааг дагнан гүйцэтгэж, шинжлэх ухааны технологийн 7 төслийг амжилттай гүйцэтгэж, байна.
О.Мөнхжаргал доктор нь 2001 онд Монгол улсын Засгийн газрын “Ургамлын тос” хөтөлбөрийг боловсруулахад оролцож, 2012 онд “Ургамлын гаралтай түүхий эд ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт гарган авах технологи” ШУТ-ийн төсөл, Монгол-Германы хамтарсан “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” олон улсын төсөлд рапсын чиглэлээр ажиллажээ.
-Ургамлын тос гарган авах, үйлдвэрлэлийг явуулах талаар ямар бодолтой байна вэ?
Нэг үеийг бодвол нааштай алхамууд хийгдэж байна. Дархан-Уул аймагт “Монгол Алтан тос” компани байгуулагдан ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Энэ үйлдвэр нь хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай 4 дамжлагаас бүрдсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хуучин гурлийн үйлдвэрийн бриалгыг ашиглан ургамлын тосны үйлдвэр байгуулсан.
Үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэхэд рапс маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд манайд тариалахад хамгийн тохиромжтой тосны таримал гэж үздэг. Тийм учраас манай тариаланчид улаан буудай тариалж гурилынхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ рапс зэрэг тосны ургамлыг тариалж, ургамлын тосны түүхий эд бэлтгэх нь чухал болж байна.
Иймээс бид тариаланчдын тодорхой хэсгийг нь рапс тариалуулж, үрийг нь худалдан авч тосны үндсэн түүхий эд бэлтгэх бодлого барьж байгаа. Рапсаас зөвхөн тос гаргаад зогсохгүй тос шахаад үлдсэн шаар, шимэлдэг үнэлж баршгүй уурагт тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ.
Тийм учраас бид хөрс, цаг уурын нөхцөл ойролцоо хөрш зэргэлдээ орнуудаас сайн чанарын сортын үр оруулж ирж тариалах чиглэлтэй байна.
Бидний тооцоолсноор энэ жил тариалан эрхэлж байгаа компани, аж ахуйн нэгжүүд 23.0 мянган га-д тариалсан байна. Эндээс га-аас дунджаар 15.0 цн/га ургац авахад тосны үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг хангах боломжийг бүрдүүлнэ.
Нөгөө талаасаа манай газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд дээрхи хэмжээний талбайд тариалах техник, хангамж эдийн засгийн чадавхитай болсон байна.
Түүнээс гадна “Монгол Алтан тос” компани нь Төв, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгуудын тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн гол хэсэгт нь байгуулагдсанаараа байршлын хувьд маш тохиромжтой байгаа юм. Эндээс л бид ургамлын тосны түүхий эдээ бэлтгэх үйлдвэрлэлийн ажлыг явуулна.
Ер нь бол Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д бүс нутгийн хөрс уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тосны таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээрийн нутагшсан сортын үр үйлдвэрлэж, ургамлын тосны дотоодын хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж, стратегийн болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн, 2015 он гэхэд ургамлын тосны 10-15 хувийг дотоодын үйлдвэрлэлтээр хангаж, гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээр заасан байдаг.
-Рапсыг хөрсний үржил шимийг сордог гэсэн яриа их гарсан байдаг, энэ талаар та мэргэжлийн эрдэмтэн хүний хувьд юу гэж бодож байна.
2006-2007 оны үед энэ талаар сэтгүүлчид анх сонинд бичиж эхэлсэн. Тэдний бичсэн шиг тийм амархан хөрсний үржил шимийг юу ч үгүй алга болгодог байсан юм бол дэлхийн улс орнуудад энэ асуудал яагаад хөндөгдөхгүй байгаа юм бэ.
Рапсыг таримлынх нь хувьд урьд нь хэрхэн үр дүнтэй тарьж, туршиж судалсан эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсолгүйгээр үндэслэл муутай дүгнэж бичих эсвэл хятадуудыг бодлоготойгоор хөрсний үржил шимийг алга болгож байна гэх мэтээр хий хардаж дэмий юманд санаа зовох нь утгагүй.
Түүний оронд энэхүү таримлын Монгол орны хөрс цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургаж байгаа биологийн өвөрмөц онцлогийг (үржлийн коэффициент өндөртэй) нь ашиглан олон жил хог ургамалдаа дарагдаж атаршсан олон мянган га талбайдаа тариалж, талбайгаа цэвэршүүлэн экологийн орчин нөхцлийг нь сайжруулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх талаас нь бодох нь чухал байна.
Миний бие гадаадын судлаачдын болоод хэвлэлийн тойм мэдээллээс энэ талын зүйлийг олж сонсоогүй юм байна. Би мэргэжлийн хүний хувьд, нөгөө талаар олон жил судалгааны ажил хийсэн эрдэмтэн хүний хувьд өөр бодолтой байдаг. Монгол оронд рапсыг 1980-аад оноос тэжээлийн чиглэлээр, 1990-ээд оноос тосны зориулалтаар тариалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, рапсыг шинжлэх ухааны үндэстэй ургуулах боломж бүрдсэн гэсэн үг.
Түүний тариалалтыг нэмэгдүүлснээр дэлхийн ихэнх улс, орнууд олон чухал асуудлыг шийдвэрлэж чадаж байна.
Рапсыг зөвхөн манай оронд тариалаад сонирхоод байгаа юм биш, дэлхийн хэмжээгээр энэ таримлын олон чухал давуу талыг илрүүлж тариалалтын хэмжээ жил ирэх тутам өсөж байна. Түүний тариалалтыг нэмэгдүүлснээр дэлхийн ихэнх улс, орнууд олон чухал асуудлыг шийдвэрлэж чадаж байна.
Рапсыг дэлхийн олон улс орнууд фитосанитарный культур буюу талбайг цэвэршүүлэгч таримал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл рапс нь талбайн хог ургамлыг маш сайн дарж, талбайг цэвэрлэхээс гадна үр тарианы ургамлын өвчлөлтийг бууруулж, улмаар ургацыг нэмэгдүүлдэг.
Манай орны Төв, Сэлэнгийн газар тариалангийн районуудад буудайг олон жил давтан тариалдаг болсноос үндэсний ялзрал, харуу өвчнөөр өвчлөх нь их болсон бөгөөд ХХААХҮЯамны мэдээлснээр буудайн тариалангийн нийт талбайн 40 орчим хувь нь харуу өвчний тархалттай байгаа юм. Чухам ийм нөхцөлд рапсыг тариалангийн талбайн сэлгээнд оруулан тариалах нь чухал ач холбогдолтой болж байна.
-Та энэ талаар бүр тодруулж ярих боломж байна уу
Тэр бололгүй яахав. Рапсыг сэлгээнд оновчтой байрлуулснаар үр тарианы үндэсний ердийн ялзрал, өвчний хөгжилт тархалтыг буудайг давтан тариалсантай харьцуулахад 1.5-4.0 дахин бууруулж байна. Ингэж хөрс эрүүлжих байдлыг сайжруулж, талбайн хогтолтыг багасгахаас гадна рапсыг эрчимжсэн технологиор тарьдаг учраас түүний дараа тарьсан арвайн ургац буудайнхтай харьцуулахад 4.2 цн/га-аар илүү байгаа юм.
Рапс тариалдаг аж ахуйн нэгж, компаниудын хүмүүстэй уулзаж байхад тэд рапсын дараа буудай тариалахад өндөр ургац авч байгаа тухайгаа ярьж байсан, тухайлбал, Төв аймгийн Жаргалант сумын рапсын дараа тарьсан улаан буудайнаас 22.0 цн/га, Сэлэнгэ аймгийн Орхон Туул суманд 30.0 хүртэл цн/га ургац авсан бодит жишээ байна.
Учир нь рапс тарьсан талбайд хог ургамал эрс багасахаас гадна рапс өөрөө сахлаг үндэсний системтэй учраас маш их үндэсний үлдэгдлийг хөрсөнд үлдээж органик бодисын хуримтлалыг үүсгэдэг.
-Манай тариаланчид рапсыг өргөн тариалах боломж бий юу ?
Сүүлийн жилүүдэд манай орны газар тариалангийн үндсэн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булганы районуудад зусах рапсыг нилээд их хэмжээгээр тариалдаг болж байна.
Өнөөдөр Монголын тариалан эрхэлдэг компаниуд улаан буудай тариалахаасаа илүү эдийн засгийн үр ашигтай, гадаадын зах зээлд өндөр үнэд хүрч байгаа рапс мэтийн таримлыг тариалах сонирхолтой болж тариалах талбайн хэмжээ 50 гаруй мянган га-д хүрсэн ч удаа бий. Энэ бол тариаланчдын буруу биш.
Магадгүй энэ нь олон жил Монголын хүн амын гурилын хэрэгцээг хангана гэж тариаланчдыг хошгоруулж баахан зээл өгч дампууруулах шахсан газар тариалангийн компани, аж ахуйнуудад тэрхүү хүндрэлээсээ салахад илүү түлхэц боломж өгч, эдийн засгийн хувьд хөл дээрээ босох нөхцөл бүрдсэн байх гэж боддог.
Тийм учраас манай газар тариалангийн компани, аж ахуйнууд уринш, үр тарианы сэлгээний бүтэцэд эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий рапсыг оруулж сэлгүүлэн тариалснаар ашиг, алдагдлаа тэнцүүхэн авч явах боломжоо бүрдүүлж байна.
Нөгөө талаасаа манай тариаланчид рапс тариалах талаар нилээд туршлагатай болсноос гадна үр тарианы үрлүүр, комбайныг маш нарийн тохируулга хийсний дараа рапсыг тарьж хураахад ашиглах боломжтойг ч мэдэж байна. Тэр байтугай 10 гаруй жил рапсыг үйлдвэрлэлд өргөн тариалж хэнээс ч дутуугүй мэдлэг, туршлага хуримтлуулсан тариаланч, компаний захирлуудтай миний бие уулзаж санал солилцож байсан.
Тэд рапс хөрсний үржил шимийг сордоггүй харин үржил шимийг нь дээшлүүлж, бүтцийг сайжруулдаг гэдгийг үйлдвэрлэлд тарьсан практикаасаа бүрэн ойлгосон байна лээ.
Бид өнгөрсөн хавар тариалалтын үеэр Дархан –Уул аймагт рапс тариалагчдын зөвөлгөөнийг зохион байгуулсан. Төв, Сэлэнгэ, Дарханы 50 гаруй компани, аж ахуйн нэгж, хувиараа тариалан эрхэлдэг хүмүүс оролцон санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар болсон.
-Рапс ер нь ямар үр ашигтай таримал болох талаар танаас сонирхмоор байна.
Рапсыг олон улс оронд “фитосанитарный” буюу ариутгагч таримал гэж нэрлэдэг бөгөөд түүнийг үр тарианы болон бусад төрлийн таримлын сэлгээнд оруулан тариалах замаар хог ургамал болон үндэсний ялзрал, харуу өвчнөөс хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, доройтлоос сэргийлэх боломжтой.
Үр тарианы ургамлын үндэсний ялзрал, септериоз, толбожилт, ишний өвчлөлтийг 15-20%-иар бууруулж, үндэсний үлдэгдэл нь хөрсөн дэх өвчин үүсгэгчийг хөнөөж устгадаг.
Газар тариалангийн экологижуулалтын нэг арга зам нь химийн бодисын хэрэглээний хэмжээг багасгах, ургамлын химийн хамгаалалтыг биологийн хамгаалалтаар солих явдал бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд рапс чухал рольтой.
Үр тарианы гол өвчин болох үндэсний ялзрал нь тэдгээрийн ургацын хэмжээг 15-25%, зарим жилд 50% хүртэл хөрсөнд өвчлөлийг үүсгэдэг. Тийм учраас үндэсний ялзралын өвчин үүсгэгчид нөлөөлөх биотек гол хүчин зүйл болох байгалиасаа үндэсний системээрээ бодисын ялгарал сайн үүсгэдэг таримал чухал болж байна.
Өөрөөр хэлбэл, өмнөгч таримал нь дээрхи өвчлөлөөр өвчилдөггүй байх явдал юм. Ийм таримлын нэг нь рапс юм. Тухайлбал, рапсын дараа тариалсан арвайн үндэсний ялзралын өвчлөлтийн зэрэг 34%-иар буурч,
Биодизелийн шатахуун түгээгүүр
ургац 4.3 цн/га-аар нэмэгдсэн судалгаа байдаг.
Хөрсний гүний 20 см –ийн үе давхаргад рапсын үндэсний 90% нь байдаг учраас хөрсийг хөвсгөр болгож, бүтцийг нь сайжруулах ач холбогдолтой. Түүнийг хураан авсны дараа хагалгааны үе давхаргад 40-69 цн/га үндэс болон гуурсны үлдэгдэл үлдэх бөгөөд энэ нь 12.0 тн/га бууцтай тэнцэнэ.Түүнийг ногоон бордоонд тарихад агрономын асар их ач холбогдолтой байдаг.
Рапс нь хөрсний элэгдлийг бууруулах чадвартай. Рапс нь маш хурдан хугацаанд хөрсийг бүрэн бүрхдэг учраас ус, салхины элэгдлээс хамгаалдаг. Рапс нь нягт ургамалан бүрхэвчтэй учраас талбайн хогтолтыг багасгаж, салхины элэгдлээс хамгаалахаас гадна хөрсөн дэх нитратыг гүний ус руу угаадаг.
Рапсыг байгалийн абсорбент буюу шингээгч ургамал гэж нэрлэдэг. Рапсын үндэсний систем нь шингээх чадвар сайтай байдаг учраас цацраг идэвхит бодисоор бохирдсон газрыг цэвэршүүлж, нөхөн сэргээх ач холбогдолтой гэж үздэг.
Түүний зэрэгцээ нэг гол онцлог нь үр нь цэврээрээ, ашиглахад тохиромжтой хэвээр үлддэг байна. НҮБ-аас 2007 онд ОХУ-ын Чёрнобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтэд нэрвэгдсэн газрыг нөхөн сэргээж, хөрсөн дэх цацраг идэвхит бодисын агууламжийг бууруулахад рапсыг тариалж ашигласан байдаг.
Манайд Заамарын алтны уурхайн хүнд металлын бохирдолтод рапсыг тариалж, шингээлтийг судалсан дүн ч байдаг.
Рапс нь үр тарианы ургамлын үндэсний ялзрал, септериоз, толбожилт, ишний өвчлөлтийг 15-20%-иар бууруулж, үндэсний үлдэгдэл нь хөрсөн дэх өвчин үүсгэгчийг устгадаг. Ургамалд зэсийн нэгдлүүд(глюкозиналат ) байдгийн ачаар дараагийн тарималд хөрсийг ариутгаж өгдөг.
Рапсыг тариалснаар маш өндөр үр ашгийг олох боломжтой. Үүнийг
Дэлхийн нийт газар нутгийн 26,19 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Харин Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байна. Ойн сангийн талбайгаараа дэлхийд тэргүүлдэг улс бол Орос, Өмнөд америк юм.
дэлхийн болон Европын үнэлгээ гэрчилдэг. Түүний борлуулалтын үнэ үр тарианыхаас 1.8-2.4 дахин их байдаг. Рапс нь хүрээлэн буй орчны экологийн орчинд сайн нөлөөг үзүүлдэг. Тухайлбал, 1 га рапсын талбай 10.6 сая литр хүчилтөрөгч ялгаруулдаг.
Энэ үзүүлэлтээрээ чихрийн манжин (15.0сая/литр)-гийн дараа 2-т ордог. Харин нэг га ойн талбай дөнгөж 4 сая/литр хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Рапс нь эдийн засгийн үр ашигтай тарималд тооцогддог.
Рапсаас 10 цн/га ургац авахад рапсын үйлдвэрлэл ашигтай болж эхэлнэ. Ер нь рапсаас цэвэр ургамлын тос гарган аваад бусад дагавар бүтээгдэхүүнээр нь түүний үйлдвэрлэлд зарцуулсан зардлыг нөхөх бүрэн боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо ч байдаг.
Рапс нь сүүлийн үед дэлхийн улс орнуудад өргөн ашиглагдах болсон биодизель хийх гол түүхий эд болж маш их эрэлт хэрэгцээтэй биологийн гаралтай бүтээгдэхүүний нэг болж байна.
Тээврийн хэрэгслэлд ашиглаж байгаа шатахууны 5.8%-ийг биодизелийн түлш эзэлж байгаа бөгөөд 2015 он гэхэд 8.0%-д хүргэх юм байна. Үүний ихэнхийг рапсаас гаргаж байна. Өнөөдөр Европод биодизелийнхээ 80%-ийг рапсаас гарган авч байна.
Ойрын ирээдүйд техникт ашиглаж байгаа минерал тосыг ургамлын гаралтай сайн чанарын тосоор орлуулах, түүний дотор рапсын тосоор орлуулах боломжтойг тогтоосон байна.
Хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд эрдэс тосыг ургамлынхаар солих шаардлагатай бөгөөд тэр нь биологийн маш хурдан задралд ордог учраас хүрээлэн буй орчинд хоргүй. Рапсын тос нь гүний ус болон усны эх булгийг бохирдуулдаггүй, хөрсөнд бүрэн задарч арилдаг. Тухайлбал, рапсын тос нь хөрсөнд 7 хоногийн дараа гэхэд 95% нь задарч байхад эрдэс тосны дөнгөж 16% нь задардаг байна.
Рапсын түүхий эдийг боловсруулж, биодизель хийснээр нэмэлт орлого олох боломжтой. Нэг тонн үрийн үнэ 200 евро, нэг тонн биодизель 890 евро байна. Боловсруулснаас үлдсэн шаар нь мал аж ахуйд сайн тэжээл болно. Жишээлбэл: 100.0 мянган тонн биодизель хийх хүчин чадалтай үйлдвэрээс 120-150 мянган тонн шаар гарна. Биодизелийн өөрийн өртөг нь эцсийн бүтээгдэхүүн болох ургамлын тосыг боловсруулах үйлдвэрлэлийн зардал, рапс тариалсан өөрийн өртөгөөс шууд хамаардаг.
Рапсаас 1.5тн/га-аас доош ургац авч үйлдвэрлэсэн үрээр биодизель хийхэд алдагдалтай байдаг. Харин 2.0 тн/га-аас дээш ургац авсан тохиолдолд биодизель хийхэд илүү ашигтай болж эхэлдэг. Рапсын тосыг биодизельд ашигласнаар байгалийн нефтийн нөөцийг хязгаарлаж, хүрээлэн буй орчны нүүрсхүчлийн хийн ачааллыг багасгадаг.
Рапсын тосыг хүнсэнд хэрэглэхээс гадна техник үйлдвэрийн зориулалтаар ашигладаг. Жишээлбэл: цахилгаан болон гинжит хөрөө, машины моторын тосонд хэрэглэдэг. Гинжит хөрөөгөөр голдуу ой модны ажлыг хийдэг учраас рапсын тос нь байгаль орчинд муу нөлөө үзүүлдэггүй, газрын хөрсөнд шингэхдээ газрын хөрсийг бохирдуулдаггүй, хөрсний гүний усыг хордуулдагггүй жинхэнэ органик тос юм.
Өндөр хөгжилтөй орнуудад бензиний хэрэгцээг багасгах зорилгоор рапсын тосыг ихээр хэрэглэх болсон нь байгаль орчныг, агаарын бохирдолтоос хамгаалахад чухал ч холбогдолтой болж байна. Сүүлийн үед дизель мотортой машиныг өөрчилж рапсын тосонд зориулсан мотор үйлдвэрлэж байна.