2014.10.09

Монголын тариалан эрхлэгчид энэ жил алдагдал хүлээнэ

ОХУ-ын улаан буудайн цавуулаг чанар манай улсынхтай адил байдаг аж. ОХУ-аас оруулж ирэхээр болсон 49300 тн улаан буудайны 300 тн нь үрийн буудай, 49 мянга нь таваарын буудай.

Түүний 10 мянган тонныг АПУ компани спиртийн түүхий эд болгож байгаа бол үлдсэн 39 мянган тонныг дөрвөн компани хувааж авсан тухай салбарын яамнаас мэдэгдэж байгаа.

Дотоодын улаанбуудайн цавуулаг 23 хувиас дээш байвал гурил тээрэмдэж болдог байна. Харин Монголын улаанбуудай чанар харилцан адилгүй байдаг ч ихэнх тохиолдолд 21 хувьтай байдаг гэж хэллээ. Гурил үйлдвэрлэгчид дотоодын улаанбуудайн үнийг буулгахын тулд цавуулагийн хэмжээг багасгаж хэлэх туршлага байдаг байна.

УИХ-ын гишүүн Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Монгол төр дэлхийн зах зээлээс хамаарахгүйгээр, монгол гэдэг айл хүнээс хамаарахгүйгээр өөрийнхөө будаатай байх гол зорилготой. Өөрсдийгөө дотооддоо хангаж байх ёстой. Түүнээс биш хямд зүйлийг хайх юм бол дэлхийн зах зээлээр дүүрэн хямд гэсэн тодотголтой гурил будаа байна. Төрийн бодлого бол монгол төр экологийн цэвэр, чанартай, органик хүнсээр өөрсдийгөө хангах гол бодлогоо бариад цаашдаа явах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр “Бүх хөнгөн үйлдвэрийн салбарыг унагаасан шигээ одоо ХАА-н салбарыг унагаана. Сүүлийн 10 жилийн хөдөлмөрийг үгүй хийх ийм том бодлогын алдаа хийж байна. Энэ салбарт орж буй гадны хөрөнгө оруулалтыг унагаж байна” гэв.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү