Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулагдлаа
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа импортын буудайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээсэн юм.
Тариаланчдын тавьж буй хүсэлтийг судалж үзэээд УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулжээ.
Монголын тариаланчдын холбооноос ирүүлсэн албан бичигт"Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400.0 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна. Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна.
ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна
Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна. Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна.
Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү" гэжээ.