Тариаланг дэмжих бүлгэмээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
2014.10.09

Тариаланг дэмжих бүлгэмээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн Үндэсний үйлдвэрлэл, тариаланг дэмжих бүлгэмээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

Ингэхдээ гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан байна. Шаардлагад дурдсанаар "Уналтад ороод байсан газар тариалангийн салбар “Атар-III” аяны хүрээнд сэргэж, газар тариалангийн компаниуд хөл дээрээ зогсож эхэлсэн билээ.

Энэ онд манай тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд 420,0 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах боломж бүрдээд байсан. Гэтэл намрын тариа хураалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тонн тутамд олгох урамшууллыг олгохгүй, хямд үнэтэй импортын улаан буудай оруулж ирнэ гэж хариуцлагагүй мэдэгдэл гаргасны зэрэгцээ 49,0 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортлох зөвшөөрлийг таван компанид олгож, эхний 10,0 мянган тонн буудай нь хилээр орж ирээд байна.

Үүнээс үүдэлтэйгээр гурилын үйлдвэрүүд дотоодод тариалсан улаан буудай авахгүй, ОХУ-аас хямд буудай импортлох нь ашигтай байна гэдэг үндэслэлээр үндэсний компаниудаас буудай авахгүй байгааг тариаланчид мэдээлж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гурил импортлох зөвшөөрөл олгохдоо Ерөнхий сайдын ахалдаг хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэсэн гэх боловч энэ жилийн ургацын хэмжээ, цавуулаг, ялангуяа цаг хугацааг огт тооцолгүй туйлын хариуцлагагүй шийдвэрлэсэн нь газар тариалангийн салбарт ноцтой хүндрэл үүсэх шалтгаан болсон байна.

Иймд гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.Тариа хураалтын ажил дуусаж, ургацын баланс бүрэн гарсан хойно буудай болон гурилын эрэлт, нийлүүлэлтээ тооцсоны үндсэн дээр импортлох асуудлыг шийдвэрлээгүй Засгийн газрын алдаатай бодлого нь тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэ цэнгүй болгоод зогсохгүй газар тариалангийн салбарыг уналтад оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна.