Г.Баярсайхан ноос, ноолуурын салбарын төлөөлөлтэй уулзав
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан ноос, ноолуурын салбарынхны төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдэнд тулгамдаж буй зарим асуудлаар саналыг нь сонслоо.
Уулзалтад Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон “Говь”, “Гоёо”, “Блю Скай кашмир”, “Хан Богд кашмир”, “Ариг гол” зэрэг ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанийн төлөөллүүд оролцлоо.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Ноос, ноолуурын салбарынханд богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Нийт долоон компани эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаанд барагдуулах ёстой гэж Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр эдийн засгийн хямрал болсон. Ноолуурын үнэ ханш буурсан.
Мөн гадаадын худалдан авагчдын эрэлт хэрэгцээ багассан зэргээс шалтгаалаад энэ ондоо багтаагаад эргэн төлөлтөө хийхэд хүндрэл тулгарч байна. Түүхий эдийн бэлтгэлээ аваад, экспортынхоо орлогоос зээлээ төлөх боломж бүрдэж байгаа учраас 6, 7 сарын хугацаагаар сунгах шаардлагатай байгаа” гэж байлаа.
Иймд эргэлтийн хөрөнгийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны зургаадугаар сар хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа ноолуурын салбарынхан илэрхийлэв. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан хүсэлтийг судалж үзэж, холбогдох байгууллагуудын удирдлагатай санал солилцох, шийдвэрлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Ноос, ноолуурын салбарт олгосон зээл үр дүнгээ өгсөн гэж тус салбарынхан үзэж байна.
Тухайлбал, Говь компани эргэлтийн хөрөнгийн зээл авснаар түүхий эдийн бэлтгэл өмнөх оныхоос 38 хувиар өсч, компанийн бүтээгдэхүүний борлуулалт есдүгээр сарын байдлаар 41 хувийн өсөлттэй гарчээ.