Л.Гантөмөр сайд ирээдүйн багш нарт тэтгэлэг гардууллаа
Боловсролын их сургуульд 2012-2013 онд элсэгчдийн 59.5 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж холбогдох албаныхан үзжээ.
Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг
сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болсон нь чанаргүй боловсролын суурь юм.
Багш нарын боловсролын чанарыг дээшлүүлэхтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс багш нарыг бэлтгэх сургуульд өндөр оноо авсан элсэгч тэтгэлэгтхамр агдах боломжтой болсон билээ. Элсэлтийн ерөнхий шалгалтаар 750-иас дээш оноо авсан бол тухайн оюутны төлбөрийг 100 хувь, 650-иас дээш оноо авбал төлбөрийн 80 хувийг хариуцахаар тэтгэлэгт тусгагдсан.
Мөн оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачааллыг ихэсгэж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс, санхүүжилтийг төрөөс шийдвэрлэсэн.
Ингэснээр багшийн хүрэлцээ дутмаг байгаа орон нутгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөр үр өгөөжөө өгсөн хэмээн Боловсролын их сургуулийн багш эрдэмтдийн сайшаалыг хүртээд байгаа юм. Одоогоор 2000 гаруй оюутанд тус тэтгэлгийг хүртээд байгаа юм.
Энэ хичээлийн жилд ч чамгүй олон төгсөгчид дээрх тэтгэлгийн болзолыг
хангажээ. Тэд өчигдөр багшийн мэргэжлээр 70-100 хувийн хөнгөлөлттэй
суралцах батламжаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс гардаж авлаа.
Уг арга хэмжээнд салбарын яамны эрх бүхий албан тушаалтнууд болон
МУБИС-ийн удирдлагууд оролцож, тэтгэлэг авсан шинэ оюутнуудад баяр хүргэсэн юм. Энэ үеэр Л.Гантөмөр элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч багшийн мэргэжлийг сонгож суралцах болсонд нь баяр хүргээд сургамж хайрлалаа.
Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалтад 650-аас дээш оноо авсан
оюутнууд бол ерөнхий боловсролын сургуульд сурах зүйлээ бүгдийг сурсан гэсэн үг.
Харин 750-аас дээш оноотой их сургуулийг хөнгөхөн туулаад гарна. Гэхдээ 650-750 оноо авсан буюу 70 хувийн тэтгэлэгт хамрагдах
оюутнууд ирэх дөрвөн жил жаахан хичээх шаардлагатай. Ямар ч байсан ийм олон залуучууд дээд боловсрол эзэмших бүрэн чадвартай хүмүүс гэж хэлэхэд сайхан байна.
Та бүгд ямар нэгэн арын хаалгагүйгээр их сургуулийн босгыг давж чадсан хүмүүс юм шүү. Багшийн мэргэжлийг сонгосон олон залуучуудад Монгол Улсын Засгийн газар тэтгэлэг олгож байгаа. Та бүгдэд олгож байгаа тэтгэлэг бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс сайн сурах үүрэг та бүгдэд ноогдож байна” хэмээгээд “Залуучуудаа архинаас хол байгаарай” гэж багшийн мэргэжлээр тэтгэлэгт хамрагдаж байгаа эрэгтэй оюутнуудад захиас үлдээлээ.
Учир нь энэ жил өндөр оноо авч багшийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын талаас илүү хувь нь эрэгтэйчүүд. Анхаарал хандуулах ёстой нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа байсан юм. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь хөвгүүд байсан. Тиймээс элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтлахаар болсон нь үр дүнгээ өгсөн нь энэ аж.
/Дээрх уулзалтын үеэр Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан заримоюутантай уулзаж цөөн хором ярилцлаа./
МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүйн ангийн оюутан Г.Батбаяр: Тэтгэлэг олгож эхэлсэн нь их нөлөөлсөн
-Дунд сургуульд байхдаа сайн суралцсаныхаа үр дүнг хүртэж Засгийнгазрын тэтгэлэг авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүйн ангийн оюутан Г.Батбаяр:
-Засгийн газраас тэтгэлэг олгож, бидний аав ээжийн маань нуруун дээрх
ачааг хөнгөлсөнд их баяртай байгаа. Миний хувьд боломжийн оноо авч их сургуульд тэтгэлэг авах болсондоо өөрийгөө азтайд тооцож байна.
-Аль аймгаас ирсэн бэ?
-Архангай аймгийн төвөөс ирсэн. Аймгийнхаа 2 дугаар сургуулийг төгссөн.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн оноо авсан бэ?
-739 оноо авсан. Тэгээд 70 хувийн тэтгэлэгт хамрагдаж чадсан.
-70 хувийн тэтгэлэгт хамрагдаад, одоо чиний зүгээс хэдэн төгрөг төлнөгэсэн үг үү?
-Энэ жилийн сургалтын төлбөр нэг сая 650 мянган төгрөг гэсэн. Үүнээс 495 мянган төгрөгийг манай эцэг эх төлж байгаа.
-Аав ээж хоёр чинь юу хийдэг вэ?
-Аав жолооч, ээж сургуулийн тогооч хийдэг.
-Энэ тэтгэлгийн зорилгыг юу гэж бодож байгаа вэ?
-Энэ тэтгэлэг бидэнд том дэмжлэг болж байна. Мэдээж их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа зүйл. Мөн багшийн мэргэжлийг дэмжиж өгч байгаа нь Монгол Улсад хэрэгтэй юм болов уу.
-Эрэгтэй хүүхдүүд тэр болгон багшийн мэргэжлийг сонгодоггүй шүү дээ.Чиний хувьд яагаад багшийн мэргэжлийг сонгохоор болов. Тэтгэлэг олгож байгаа нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн үү?
-Тэтгэлэг олгож эхэлсэн нь 50-иас илүү хувиар нөлөөлсөн. Бага зэрэг
өөрийн сонирхол байсан. Аймгийн олимпиадад газар зүйн хичээлээр
хоёрдугаар байр эзэлсэн маань ч нөлөөлсөн.
-Төгсөөд багшийн мэргэжлээрээ хаана ажиллах вэ. Нутагтаа очиж ажиллах сонирхол байгаа юу?
-Төгсөөд ажлын байр хаана байна тэнд очиж ажиллах байх. Мөн өөрийн гэсэн зорилго тавьсан юм байгаа.
МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүйн ангийн оюутан Б.Баярманлай: Нутгийнхаа хүүхдүүдтэй сурсан мэдсэн зүйл ээ хуваалцана
-Багшийн мэргэжлийг сонгоод тэтгэлэгт хамрагдсанд баяр хүргэе.Элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн оноо авсан бэ?
МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүйн ангийн оюутан Б.Баярманлай
-Элсэлтийн ерөнхий шалгалтад 766 оноо авсан. Гэхдээ 800 оноо авна гэж шалгалт өгсөн. Одоо ингээд 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж чадсан даа их баярлаж байна. Манай аав ээж хоёр надаас илүү баярлаж, хөл нь газар хүрэхгүй л явна. Багшийн мэргэжил гоё
-Аль аймгаас ирж суралцаж байгаа вэ?
-Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоноос ирсэн.
-Зуны амралтаар хийх дадлагын санхүүжилтийг хүртэл улсаас шийдэж өгч байгаа гэж байна. Дадлагаа хаана хийх вэ?
-Би хичээлийн дундах дадлага, судалгааны ажлаа заавал нутагтаа очиж
хийнэ. Нутгийнхаа хүүхдүүдтэй сурсан мэдсэн зүйл ээ хуваалцана.
-Танай нутагт багшийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-Манай газарзүйн багш хот руу шилжсэн. Иймээс одоогоор манай сургууль газарзүйн багшгүй байгаа. Мөн физикийн багшийн хүрэлцээ муу. Манай сургуульд хөгшин багш гэрээгээр ажилладаг байсан. Энэ жил гэрээ нь дууссан гэсэн.
-Газарзүйн мэргэжлийг сонгох шалтгаан нь юу байв?
-Наймдугаар ангиасаа газарзүйн хичээлийг гүнзгийрүүлж үзсэн. Өөрөө ч
газарзүйн хичээлд сонирхолтой. Газарзүйн улс, аймгийн олимпиадад
оролцоод мөнгөн медаль авч байсан. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон