“Дээд болон мэргэжлийн боловсролын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлахтай холбогдуулан “Дээд болон мэргэжлийн боловсролын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр / 2014.06.20 / Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн. Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэнэдээ, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт 1995 онд батлагдаж 20 жилийн хугацаанд нэлээд биелсэн үзүүлэлттэй гарсан. Одоо энэ бичиг баримтыг шинчлэх шаардлага гараад байна. Тухайлбал боловсролын чанар, агуулга, боловсон хүчнийг зах зээлд ажлын байраар хангах зэрэг асуудлыг эргэн харж, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэлээ.
Мөн энэхүү бичиг баримтын гол бодлого нь 21-р зууны монгол хүн ямар байх ёстой, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд дээд сургууль төгсөх хүртэлх, цаашлаад дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгоход анхаарна гэдгийг хэллээ.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, шинэчлэл” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилго тавьж байгааг дурдлаа.
“Дээд болон мэргэжлийн боловсролын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Дээд боловсролын шинэчлэл төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ “Дээд боловсролын хөгжлийн төлөв, хандлага” сэдвээр мөн илтгэл тавив. Илтгэлдээ гадаад орнуудын боловсролын салбарын чиг хандлага, сургуулиудын хөтөлбөрийн талаар харьцуулсан судалгаа, тайланг танилцуулсан.
Хэлэлцүүлэгт ороцлогчид шинжлэх ухааны салбарыг боловсролын салбараас салгаж ойлгож болохгүй гэдэг дээр санал нэгдэв. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг аль яаманд харъяалуулах ёстой вэ гэдэг дээр санал, шүүмжлэлээ хэлж байсан.
Уулзалтын төгсгөлд хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал солилцож, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөлд оруулах чухал саналуудыг хэллээ. Хэлэлцүүлэгт НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Лүндээжанцан нар болон их, дээд сургууль, МСҮТ-ийн захирлууд, албаны бусад төлөөлөгчид оролцов