2010.04.20

"Бороо гоулд" төсөвт 190 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Жил гаруйн өмнө байгуулсан "Бороо гоулд" компанийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд дүгнэлтээ танилцууллаа. УИХын гишүүн Ж.Энхбаярын ахалсан ажлын хэсгээс гурван зүйл бүхий тогтоолын төсөл санаачилсан байна.40 гаруй тонн алтны нөөцтэй Бороогийн алтны үндсэн ордын ашиглалт ерөнхийдөө дуусч байгаа аж.

Тиймээс Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий дараа дараагийн томоохон ордыг ашиглах төсөлд сургамж болгох үүднээс асуудал боловсруулжээ. Тухайлбал, Оюутолгойн орд л гэхэд зэсийн асар их нөөцөөс гадна 1800 орчим тонн нөөцтэй алтны үндсэн ордтой. Гэтэл Монгол Улс алтны шороон ордуудаа ерөнхийд нь ашиглаад дуусч буй энэ үед үндсэн ордтой холбоотой зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байдаггүй ажээ. Тиймээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, техник эдийн засгийн үндэслэлд нөхөн сэргээлттэй холбоотой нарийвчилсан зохицуулалт тусгах, технологийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр санал оруулжээ. Нөгөөтэйгүүр, "Бороо гоулд" компани нуруулдан уусгах аргыг туршилтаар хэрэглэж, 1.2 тонн алт олборлоод буй. Дэлхийн дэвшилтэт уг технологийг Монголд нэвтрүүлэх талаар тогтоолын төсөлд тусгасан байв.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Э.Бат-Үүл гишүүн "Нуруулдан уусгах нь агуулга багатай хүдрийг бүрэн ашигладаг технологи. Үүнийг яагаад Монголд хэрэглэж болохгүй байгаа юм бэ. Би хувьдаа "Бороо гоулд"-ыг их зовлон туулсан хөрөнгө оруулагчийн тод жишээ гэж үздэг. Монгол Улсын хуулийн дагуу л гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан. Хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн. Бид их мөнгө алдаад байна гэдэг. Энэ бол 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан хууль тогтоогчдын алдаа. Үнэхээр "Бороо гоулд"ынхан хууль зөрчсөн юм уу" гэж лавлаж байв. Энэ асуултад Ж.Энхбаяр гишүүн "Ашигт малтмалын тухай хуульд ордыг бүрэн ашиглахыг үүрэг болгосон. Нуруулдан уусгах арга нь бүрэн ашиглана гэсэн үг. "Бороо гоулд" энэ аргаар 1.2 тонн алт олборлосон. Туршилтаар гэчихээд хэтэрхий их алт олборлосон байна гэсэн хэл ам бий. Гэтэл үнэндээ Үйлдвэр худалдааны яам зөвшөөрөл өгсөн байдаг юм билээ.Ер нь Бороогийн алтны нөөц долдугаар сард дуусна. Хуулийн зөрчил байхгүй. Харин дараа дараагийн ордыг ашиглахад сургамж болгон анхаарах зүйл байна. Жишээ нь, 1997 онд нэг унци алт 200 ам.доллар байсан бол одоо 1000 ам.доллар давчихсан. Гэтэл тогтвортой байдлын гэрээгээр литр усыг зургаан төгрөгөөр ашиглах зөвшөөрөл олгосон байсан. Үүнийг компанитай зөвшилцөж байгаад 150 төгрөг болгож өнөөгийн нөхцөлд тохируулсан" гэж байлаа.

Түүнчлэн Д.Энхбат гишүүн "Олон жилийн дараа байгаль орчинд хохиролтой зүйл гарвал яах вэ. Энэ талд компани ямар хариуцлага хүлээх вэ" гэсэн асуултад Ж.Энхбаяр гишүүн "Энэ талын зохицуулалт манай хуульд байдаггүй. Тиймээс хаалтаа хийж байгаа компани дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх асуудлаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгч байгаа" гэлээ. Харин "Бороо гоулд" компанийн захирал Д.Сандаг "2004 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхтэй зэрэгцэн нөхөн сэргээлтээ хийж байгаа. Жилд 6070 га газрыг нөхөн сэргээдэг. Бид олборлолт явуулж дууссанаас хойш дахин Канад технологиор хоёр жил нөхөн сэргээлтийг үргэлжлүүлнэ" гэсэн юм."Бороо гоулд" компани 2009 оны эцэс хүртэл 880 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс улсын болон орон нутгийн төсөвт 190 тэрбумыг татвараар төлсөн байна. Монгол Улсад өгсөн өгөөж гэвэл 400 гаруй тэрбум төгрөг буюу нийт борлуулалтын ойролцоогоор 50 хувь гэдгийг Д.Сандаг захирал онцолж байв. Түүнчлэн тогтвортой байдлын гэрээгээр эхний гурван жил 100 хувь, дараагийн гурван жил Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь чөлөөлөгдөх байсан аж. Гэсэн ч гэрээнд өөрчлөлт оруулж, эхний гурван жил хөнгөлөлт эдлээд, түүнээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүх татварыг 100 хувь төлсөн гэлээ. УИХын гишүүн Х.Наранхүү, Э.Бат-Үүл нар "Бороо гоулд"-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээг тийм ч муу байгаагүй хэлж байлаа. Монголд хөрөнгө оруулалтыг татах үүднээс л тухайн үеийн улстөрчид татварын хөнгөлөлтийг эдлүүлсэн гэж байв. Нөгөөтэйгүүр, алтны үнэ сүүлийн хоёр, гурван жилд л 1000 ам.доллар гарсан гэдгийг мартаж болохгүй гэж байлаа.Хуралдааны төгсгөлд ажлын хэсгээс оруулж ирсэн тогтоолын төслийг батлахыг гишүүд олонхийн саналаар дэмжсэн юм. Ингэхдээ нуруулдан уусгах технологийг Монголд нэвтрүүлэх асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг ирэх сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргахыг Байнгын хорооноос чиглэл болгохоор тогтов.

Ч.Сансар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.