Говь-Алтайд газар тариалан сэргэх боломжтой болов
2010.03.25

Говь-Алтайд газар тариалан сэргэх боломжтой болов

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Алтай хотод долоо хоног гаруй ажилласан юм. Алтай хотод ундны усны асуудал хүндхэн байна. Ундны усны гачаалаас хэрхэн гарах талаар санал солилцож, улмаар уг асуудлыг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд хамтарч цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох хүмүүст үүрэг өгчээ. 2010 он гэхэд одоо ашиглаж байгаа хоёр худгийн усны нөөц бүрэн дуусна гэсэн судалгааг мэргэжилтнүүд хийгээд байгаа юм. Шинээр худаг ашиглалтад оруулахад тэрбум 500 сая төгрөг, ашиглаж буй худгийг станцтай холбоход 186 сая төгрөг шаардлагатай аж. Энэ бүхнийг шийдэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр амлалаа.

өнгөрөгч зун Говь-Алтай аймгийн Бигэр суманд алтны томоохон орд илэрч газар газрын нинжа нарыг хуйлруулж байв. Гэвч аймгийн удирдлагууд хувийн компанид хайгуулын лиценз олгосноор нинжа нарын эзлэн түрэмгийлэлд цэг тавигдсан байна. Гэсэн ч гар аргаар алт олборлогч хүмүүс аймгийн удирдлагуудад хандан хууль бусаар олгосон лицензээ цуцлахыг шаардах болжээ. Ж.Энхбаяр гишүүн уг орд газрыг орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө аймгийн хэрэгцээний тусгай хамгаалалтад авч, зохион байгуулалттайгаар иргэддээ ашиглуулах асуудлыг аймгийн ИТХ хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн төрийн түшээ маань аймгийн эрүүл мэнд, боловсрол, хуулийн салбарынхантай уулзахдаа чамлахааргүй олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн оюутны сургалтын орчныг сайжруулахад зориулж иж бүрэн компьютерын кабинет бэлэглэсэн юм. Түүнээс гадна 30 ширхэг бага оврын техник, тоног төхөөрөмж, машин механизмыг газар тариалангийн бүс нутгуудад гардуулсан байна. Ингэснээр тус аймагт сүүлийн 20-иод жил тасраад байсан газар тариалан эрхлэлт сэргэх боломжтой боллоо.

Алтай хотод шийдэх асуудал мундахгүй. Хувьчлагдсанаасаа хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй дулааны халаалтын зуух аймгаа халааж дийлэхээ байжээ. өнөөдөр тус хотод нэмж барилга барих бололцоогүйгээр барахгүй байгаа хэдэн байшингаа халааж хүчрэхгүй болсон байна. Тиймээс хувьчлалыг буцааж, улсаас хөрөнгө оруулалт хийж хамтарсан аж ахуйн нэгж байдлаар зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах хүсэлтийг орон нутгийн иргэд болон удирдлагууд тавьж байна.

Говь-Алтай аймаг төвийн эрчим хүчний системд холбогдоогүйгээс гэрэл цахилгааны бараа харах нь ховор. Энэ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нутгийнхныхаа өмнө тулгараад байгаа асуудлыг системтэйгээр шийдэхийг зорьж байгаа аж. Эхний ээлжинд Дэлгэр, Тайшир, Эрдэнэ, Чандмань, Бигэр, Халйун, Цогт, Цэап сум, Гуулин Баянтоорой тосгоны цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн хүндрэлтэй асуудлыг шийдээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.