2010.03.11

Г.Баярсайхан: МАХН-ын 1.5 сая төгрөгийн амлалтын өрөнд Ардчилсан нам унамааргүй байна

УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхантай ярилцлаа.

-Саяхан парламентын зарим гишүүн Япон яваад ирсэн гэсэн. Та тэр бүрэлдэхүүнд багтсан байна лээ. Ямар ажил амжуулж ирэв?

-Япон, Монголын цаашдын харилцааны асуудлаар улстөрчид болон эрдэмтэдтэй санал солилцож, мөн Ерөнхий сайд Хатояма биднийг хүлээн авч уулзсан. Хоёр улсын харилцааг нэг шат ахиулж, стратегийн түншлэлийн гэрээ байгуулах нь зөв зүйтэй юм гэдгийг онцолж хэлж байсан. Японы байгаль орчны мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг парламентын гишүүдтэй нь уулзсан. Японы Айсо гэж мужид зэсийн томоохон уурхай олборлолт хийж байгаад 1973 онд хаасан юм байна. 1600 оноос хойш 400 гаруй жил олборлолт явуулсан эртний далд уурхай. Цооногийн урт нь 1200 км-ийн урттай, асар том зэсийн орд байсан юм билээ. Уул уурхайг олборлохдоо баялгийн төлөв байгаль орчноо үл хайхрахаар ямар сөрөг ур дүн гарч болох нь тэндээс харагдаж байна лээ. Япон Улс 1973 оноос хойш хоёр зуун тэрбум иений нөхөн сэргээлтэд зарцуулсан юм билээ. Тэгсэн атал гуч гаруй жилийн хугацаанд нөхөн сэргээлт дөнгөж тавин хувьтай явж байна гэж үзээд дахиад 200 гаруй тэрбум иений хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байсан. Байгалийн унаган төрхөнд нь оруулахын тулд зуу гаруй жил шаардлагатай гэж ярьж байна. Бид ч асар том уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Олборлолт явуулахын зэрэгцээ нөхөн сэргээлтийг *хамт хийх ёстой нь эндээс харагдсан. Түүнээс ухаж дууссан хойноо нөхөн сэргээнэ гэсэн ойлголт байдаггүй юм билээ. Бид үүнээс суралцах хэрэгтэй юм байна. Айсо мужийн тэр хуучин уурхайн хажуугаар нэг гол урсдаг юм билээ. Тэр голынхоо усыг хүртэл бүрэн цэвэршиж амжаагүй гэж байсан. Мөн Монголын эдийн засгийг нэвт мэддэг монголч эрдэмтэд Монгол, Японы эдийн засгийн харилцаа идэвхжихгүй, хөрөнгө оруулалт багассаныг бидэнд хэлж байна лээ. Индонез, Австралиас урт хугацаатай, хямд үнэтэй, их хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа. Ийм тохиолдолд шууд дэд бүтэц хөгжөөгүй улсаас гурав дахь хөршөөр дамжуулж нүүрс авна гэдэг хүндрэлтэй байсан биз. Арваас арван таван жилийн зэсийн нөөцөө худалдаж аваад бүрдүүлчихсэн байдаг. Харин ураны салбарт хамтрах сонирхлоо илэр. хийлсэн. Ашигт малтмалын тухай хуульд төр 51 хувийг мэдэлдээ байлгана гэж заасан нь Японы хувийн хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байгаа. Гэсэн ч ураны олборлолт, боловсруулалтад оролцох, хамтран ажиллах сонирхол их байгаа юм билээ. Мөн газрын ховор элемент авах сонирхлоо илэрхийлсэн. Сая биднийг очиход зөвхөн устөрөгчөөр ажилладаг автомашины танилцуулгаа хийж байна лээ. Тэр машиныг бүтээхэд газрын ховор элемент зайлшгүй шаардлагатай. Дэлхийн эдийн засаг нефтин дээр суурилсан байхад үүнээс дэлхий даяар татгалзаж байна. Япон улстай стратегийн түншлэлийн гэрээ хийгдвэл хоёр орны бараа эргэлт хоёр дахин нугарах бололцоо байгаа юм билээ. Япон гурав дахь хөрш гэдэг нь эндээс тодорхой харагдаж байсан. Зуданд тусламж үзүүлнэ гэж Ерөнхий сайд нь мөн илэрхийлсэн.

-УИХ-ын гишүүдээс байгаль орчны талаар дуугардаг тоотой хэдхэн хуний нэг нь та. Утаанаас салгана гэж жил бүр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад, тэр нь хэдхэн бизнесменд ашигтайгаар дуусдаг. Төсөвт энэ жил дахиад л баахан мөнгө суулгасан байна лээ. Үр дунд нь иргэд итгэхээ байчихсан. Арай өөр хувилбар байж болдоггүй хэрэг үү?

-Зах зээлд ороод хорин жил болоход хотын утаа, агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байна. Яагаад бууруулах арга хэмжээ аваад байгаа мөртлөө утаа нэмэгдээд байна. Нийслэлийн ИТХ-д нэг нам маш удаан жилээр ноёрхсон. Тэнд байгаа улс төрчид өөрсдөө мафийн сүлжээнд орсон. Утааны эсрэг баахан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг. Тэр нь мөнгө хувааж идэх нэг сүлжээнд орчихсон байна. Утаагүй түлш, бүрэн шаталтын зуух гэж хэдэн жил хичнээн мөнгө зарцуулаад үр дүнгээ өгсөнгүй. Ерөөсөө утааг ийм аргаар ариЛгах нь явцгүй   нь харагдлаа. Гэр хорооллыг барилгажуулах нь утааг арилгах үндсэн хөшүүрэг. Уул уурхайгаас орж ирэх их хөрөнгийг нийслэлийг барилгажуулахад зарцуулах шаардлагатай. Токиогийн утаа хориод жилийн өмнө Улаанбаатарынхтай адил байсан гэдэг. Таван метрээс цааш юм харагддаггүй байсан юм билээ. Одоо бүх байшингаа хийжүүлж, цахилгаанаар дулаанаа гаргадаг болсон. Монгол Улс барилгын салбараа сэргээх ёстой. Үүний тулд банк нь өөрийн чадлаар ипотекийн зээлийн системийг ергөн цар хүрээтэй болгож, иргэдээ энэ зээлд хамруулан, гинжин урвалын системтэй цогц арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Өнгөрсөн онд гэхэд арав гаруй мянган яндан шинээр нэмэгдсэн байна лээ. Тэр хэмжээгээр нийслэлийн утаа ихэсч агаар бохирдож байна. Үүнийг зохицуулахын тулд хөдөө амьдрах, нийслэлд амьдрахын аль нь хэрэгтэй вэ гэдэг хөшүүрэг бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж   байна. Хөдөө амьдрахад татварын хөнгөлөлт, хязгаарын нэмэгдэл гэх мэт хуучин байсан зүйлийг нь сэргээх нь зайлшгүй болжээ. Өнөөдөр бэлчээрийн мал аж ахуй маань байгаль цаг уур өөрчлөгдөж байгаа нөхцөлд нэгэнт тохиромж муутай болж байна. Саяын зудаар малаа барсан хүмүүс хот руу нүүдэл хийнэ. Ингээд хотод утаа, ажилгүйдлийг давхар нэмнэ. Хөдөө аж ахуйн салбар маань эрчимжсэн салбар болж хөгжиж малчид зудыг ажрахгүйгээр даваад гарчих зөв бодлого дутаад байгаа.

-Төрийн ордон барих газаргүй байна гээд ордны арын цэцэрлэгээ устгах гэж байгаа. Тэрийгээ зөвтгөж элдэв тайлбар хэлдэг. Зарим гишүүн үүнийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулаад өгсөн байна лээ. Та ч эсэргүүцэж байсан санагдана?

Монголчуудын сая гаруй хувь нь ядуу амьдарч байна. Ийм байхад Монголын төр ордон барина гэдэг бол төр өөрөө ёс зүйгүй байна гэсэн үг. Нүхэн оромжинд амьдарч байгаа иргэд манай Чингэлтэй дүүрэгт гэхэд байна шүү Дээ. Гэтэл ордон барихаар уралдаж байна. Монголчуудад орд харш хэрэгтэй байна уу, ирээдүй болсон хойч үед маань төрөх ор хэрэгтэй байна уу. Шинээр мэндэлсэн иргэнд эмнэлэг байхгүй хүүхдүүд эмнэлэгт хэвтэж чадахгүй эмгэнэлтэй байдалд байна. Энэ ордон барих гэж байгаа хөрөнгөөр төрөх эмнэлэг баривал яасан юм. Арван есөн тэрбум төгрөгөөр шинэ төрөх босох юм билээ. Би хувьдаа УИХ-ын даргад энэ саналаа хэлье гэж бодож байгаа. Өөрийн багцын тэрбум төгрөгөөсөө гишүүн болгон зуун сая төгрөг төрөх эмнэлэгт хуваарилъя л даа. Болохгүй зүйл биш шүү дээ. Ордны хойд талын цэцэрлэг жаран жилийн  маш олон төрлийн ургамал, бут, сөөг ургадаг. Монголын төр байгаль орчинд хандаж байгаа хандлагаа ингэж л харуулж байна. Миний хувьд ямар ч тохиолдолд ордон бариулахгүй гэсэн бодолтой байна. Эрх баригчид ордон барина гэдгээсээ татгалзаач. Өнөөдөр ордон хэрэгтэй байна уу, орон сууц, эмнэлэг хэрэгтэй байна уу гэдгээ ухаарч ойлгохгүй байгаад харамсдаг.

-Байгаль орчны сэдэв рүү яриа маань хандсан учраас Хөвсгөл далайн фосфоритын ордын талаар асуумаар байна. Танай намын гишүүдээс ч гадныхантай нийлж Хөвсгөлөө сүйрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа баримтууд хэвлэлээр гарч байна. Үүнд анхаарлаа хандуулж байна уу?

-Монгол Улсын иргэн л бол хэн ч байсан лиценз эзэмших эрхтэй л дээ. Гэвч Монголын улс төр, бизнес хоёр гүн холбоотой болж, Монголын төрийг олигархиуд эзэгнэж байна. Бүх том ордын лиценз манай улстөрчийн цүнхэнд явж байдаг. Томоохон бизнесменүүд нь улс төрчтэйгээ нэг хөнжилд орж тэврэлдчихсэн явж байна. Монголын улс төр тунгалаг, хариуцлагатай байх ёстой. Улс төрчид лицензийн бизнес наймаа хийгээд байгааг дэмжихгүй. Хөвсгөл далай маань дэлхийд хосгүй нандин цэвэр устай. Хөвсгөлийн тайга онгон дагшнаараа дэлхийд хосгүй эко систем. Сүүлийн үед Хөвсгөл далайн эргэн тойронд маш олон лиценз олгогдсон. Усны асуудлыг дэлхий даяар ярьж эхэллээ. Усны дайн гэдэг ойлголт хүртэл гарсан. Энэтхэг, Пакистан Ижил мөрний усны асуудлаас болж маргалдаж, Этиопийн хоёр омог нэг нуураас ундалдаг байсан. Тэр нь ширгээдэхлэхээр ундаргаа булаацалдаж иргэний дайн гарч байна. Турк улсаас эх авдаг Ефрат мөрнөөс Ойрхи Дорнодын зургаан улсын гол мөрөн эх авдаг. Турк геополитикийн бодлого явуулж нөгөө улсууддаа шахалт үзүүлэх жишээтэй. Хоёр хөрш маань ч усны бодлогыг чухалд тавьж, усны бизнес яриад эхэлчихлээ. Ийм нөхцөлд манай улс усны нөөц нь багасч, олон гол горхи ширгэж байхад усны эх үүсвэрээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Өмнийн говийн газар доорхй усны их нөөцийг стратегийн ордод авах ёстой юм. Дашрамд хэлэхэд өмнийн говийн гүний усны ордуудыг Оросын эрдэмтэн Макквеев 19321933 оны хооронд геологийн хайгуулын явцад нээсэн байдаг. Үүнийг нь бодолцвол улсын хөрөнгөөр нээсэн орд гэж үзэж болох юм. Хөвсгөлийг мөн стратегийн ордод бүртгэж авах хэрэгтэй. Усны үнэлгээг дэлхийн түвшинд хүргэх цаг нь ирсэн. Нөөц багатай хэрнээ ус ийм хямд байж болохгүй, Аж ахуй нэгж байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад усаа өндөр үнэтэй борлуулж харин жирийн иргэдэд өнөөдрийн үнээр нь борлуулахад буруудахгүй. Уул уурхайн нэгжүүдэд устай холбоотой технологи байвал бүгдийг нь битүү циклд оруулж бохирдсон усаа эргүүлэн цэвэршүүлдэг болгох шаардлага тавих хэрэгтэй юм. Усны асуудал дээр зөв бодлого барихгүй бол Монголын рененсанс усны гачаалаас болж уналтад орох вий гэж эмээж байна. Дөрөвдүгээр цахилгаан станц нийслэлийн ураны дөчин хувийг дангаараа хэрэглэж байна. Усаа эргүүлээд ашиглаж байгаа ч одоо энэ хуучирсан технологийг тэтгээд явах нь зөв үү,  буруу юу гэдгийг бодох цаг болжээ.
Тавдугаар цахилгаан станцын асуудал яригдаж байгаа. Япончууд манайхыг саналаа тавибал түлхүүрээ хүлээлгэж егөх хэмжээнд цахилгаан станц бариад өгөх боломжтой гэж хэлж байна лээ. Японы орчин үеийн, дэлхийд тэргүүлэх, байгаль орчинд хор хөнөөлгүй технологийг оруулж ирэх хэрэгтэй болов уу. Ер нь ойн сав, усны сав, Хөвсгөлийн тайга гэлтгүй лицензийн асуудлаа цэгцлэх цаг болсон. Төрөөс хамааралтай байгууллага нь лиценз өгчихөөд хаана хэний гарт явж байгаа, хэнд зарагдаж байгааг хянах хяналт алга. Би хурал дээр ч хэлсэн. Лиценз олголтыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлье. Энэ бүх байгаль орчин сүйтгэх бололцоотой лицензүүдийг эргэж нэг харъя. Цуцлахыг нь цуцалж, маргаантайг нь судалъя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Олгогдсон лицензийн ихэнх нь гадны наймаачдын гарт орчихсон байгаа. Үүнийг цэгцэлж, эмх цэгцтэйгээр лиценз олгох хэрэгтэй юм. Мэдээж монголчууд газар нутгаа судалж, газар доорхи баялгаа хаана юу байгааг нь мэдэх шаардлагатай. Лиценз олгох нэрийн дор байгалиа сүйтгэж, туух соёлын биет болон биет бус үнэт олдвор, дурсгалуудыг уул уурхайн баяжмалтай нь хамт гадагшаа гаргаж байна.

-Танд лиценз байхгүй хэрэг үү?

-Өмнө нь байгаагүй, одоо ч байхгүй. Би экологич хүний хувьд газар нутгаа онгичин төнхөж, ухахын эсрэг байдаг.
-Таныг Ардчилсан хүчнүүдийн холбооны залуучуудын байгууллагыг ахалж байгаа гэж сонссон. Ардчилсан хүчнүүдийн хурал маргааш болно. Холбооны талаар тодорхой ойлголт өгөөч?
-Би Ардчилсан хүчнүүдийн холбооны Нийгмийн бодлого, байгаль орчин, залуучуудын асуудлыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Холбоо маргааш анхдугаар их хурлаа хийнэ. Ардчилсан хүчнүүдийн холбоо нийгмийн захиалга байсан. Энэ холбоо байгуулагдахад хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Хамтарсан Засгийн газрыг унагах гэж байна. Намд фракц үүслээ. Алтан гадасын эсрэг томоохон хүчин бий боллоо гэсэн эмзэглэл айдас явж байсан. Тэр бол хувь хүмүүсийн бодол, хардлага. Холбооны уйл ажиллагаа, зорилгыг эерэгээр хараасай гэж хүсч байна. Өөрсдөө дотроосоо шинэчлэгдэх зорилго эрмэлзэл байгаа юм байна гэж харж байгаа хүмүүс бий. Өнөөдөр уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр их хэмжээний хөрөнгө Монголын эдийн засагт цутгаж орж ирнэ. Тэр их хөрөнгө өнөөдрийн тогтолцоог өөрчлөхгүй бол элсэнд асгасан ус шиг үрэгдэнэ. Энэ мэтчилэн нийгэмд тулгарсан олон бэрхшээлтэй зүйлийг Ардчилсан хүчнүүдийн холбоо зөв гольдролоор нь явуулж Монголоо шинэчилье гэсэн уриа лоозон дэвшүүлж, мөн улс төрийг ч шинэчилье гэсэн үзэл бодол явж байна. Энэ бүх үйл явцыг өөрчлөхийн тулд мэдээж улс төрийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

-Ардчилсан хүчний холбоонд аль ч намын гишүүн элсэж болно гэдэг нь үнэн үү?

-Ардчилсан хүчнүүдийн холбооны үүд хаалга ардчилсан үзэлтэй иргэн бүрт нээлттэй. МАХН-ын гишүүн ч элсэж байна. Нам бус иргэд ч бас элсэж байгаа. Ардчилсан намын гиш үүн байгаад төрийн албанд орсон эмч, багш нарыг үзэл бодлоос нь болж хавчиж байгаа явдал жирийн үзэгдэл болсон. Наад зах нь тодорхой харьяалалдаа авч, өмгөөлөл хамгаалалдаа байлгах нь амьдралаас ургаж гарч байгаа зүйл болов уу гэж бид харж байна.

-МАХН-ын гишүүн үнэхээр элсч байна гэж үү. УИХ-д байгаа МАХН-ын гишүүдээс элсэж байна уу?

-УИХ-д байгаа МАХН-ын нэгэн нэр бүхий гишүүн энэ холбоонд элсэнэ гэдгээ өөрөө хэлсэн. Хэлсэндээ хүрэх байх. (инээв) МАХН-ын Зүүний хүчний холбоотой манайхыг адилтгаж Барууны хүчний холбоо гэж нэрлээд байгаа. Зүүний хүчний холбооны олон хүн албан тушаалд очсон гэж сонссон. Тэрийг нь харахаар албан тушаалын төлөө явж байгаа юм шиг харагдаад байна. Гэвч тэдний дотоод асуудал бидэнд ямар хамаа байхав. Ардчилсан хүчнүүдийн холбооны хувьд ард түмний төлөө Монгол Улсаа шинэчилье, хөгжүүлье, ардчиллаа аваръя гэсэн эрхэм зорилготой.

-Хоёр намд залуучуудын шинэ үе гарч ирлээ. МАХН-ын залуус намын шинэчлэл ирээд эхэлжээ. Ардчилсан намын залуучууд шинэчлэл яриад байгаа нь харагдахгүй байна. Хоорондоо тэмцэлдээд ойлголцдоггүй юм уу. Та ч залуу гишүүдийн ангилалд багтах учраас энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс төрийн залгамж халаа, үе солигдох хандлага эрчимтэй явж байх шиг харагддаг. МАХН-ыг харж байхад 1990 оноос хойш дөрвөн үе солигдсон байдаг. Улс төрийн хүчнүүдийн энэ өөрчлөлт нь залуучууд нь өөрсдөө тэмцэлтэй, зорилготой байж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж байж энэ процесс явагдаж байна. Манай өнөөдрийн лидерүүд 1990 онд тэмцэж байж өдий зэрэгт хүрсэн. Ардчилсан намын хувьд үе солигдох нь өөрсдөөс нь л хамаарна. Зүгээр нэг фракц дагаад гүйлдээд байвал хэзээ ч залуу үе гарч ирж чадахгүй. Бид өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. Ямар нэгэн улс төрчийн нөлөөнд орохгүйгээр, фракцийн нөлөөнд орж албан тушаалын дугаарт зогсох шаардлага миний хувьд л байхгүй. Жишээ нь би байгалийн баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах, авлигатай тэмцэхэд дуу хоолой нь болж явах ёстой гэж боддог. Манай намд хүлээн зөвшөөрөгдөж буй залуучууд байгааг үгүйсгэхгүй ч, би хувьдаа хүлээн зөвшөөрөгдөх гэхээсээ илүүтэй зорьсон зорилгынхоо төлөө тэмцэж явна.

-Сонгуулийн хуулийг пропорциональ руу хандуулахаар хоёр нам тохироод, ярилцаж эхэлсэн. Та хувьдаа дэмжиж байгаа юу?

-Сонгуулийн тогтолцооны талаар маш их ярьж байгаа. Хоёр нам ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг дээр пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа мэдээлэл байна. Би хувьдаа пропорциональ тогтолцоогоор явснаар намын дарга гэдэг асар их эрх мэдэлтэй хүн болж, сонгуулийн үеэр хэн намын даргад хадаг сүү барьж, хэн намын даргад сайн үйлчилнэ тэр хүн жагсаалтын дээр үр бичигдэнэ гэж харж байгаа. Мэдээж дадлага туршлагаар нь жагсаахыг үгүйсгэхгүй ч Монгол Улсад хоёрхон л хүчтэй хүн бий болох зам энэ системээр явснаар бий болно. МАХН-ын дарга, АН-ын дарга гэсэн хоёр том хүчин бий болж, гадныхан ч Монголтой асуудал ярихдаа хоёр намын даргатай тохироод асуудал шийддэг болчих ойлголт бий болно. Өнөөдөр УИХ-ын далан зургаан гишүүн хууль баталдаг. Сайн, муу хэлэгддэг ч далан зургаан гишүүн чинь 2.6 сая иргэнийхээ хатуу шүүлтүүрээр зургаан хүнийг бүгдийг нь худалдаад авах ойлголт байхгүй. Хоёр намын даргатай яриад тохирно гэдэг өөр асуудал. Одоогийн намын дарга нар яриа хөөрөөнд ороод явчихна гэж хэлж байгаа биз. Цаашид энэ хууль  батлаад явбал ийм зүйл болно гэдгийг л хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр залуучууд өөрсдийн хүчээр сонгогдоод гарч ирэх боломж нь бүрэн хаагдана. Яг өнөөдөр улс төрийн намууд дотоод ардчилалгүй ийм нөхцөлд намын даргад эрх мэдэл өгөх нь яав ч зөв биш. Дэлхийн олон орон пропорционалийг сонгож байгаа. Тэрийг жишээ татаж тайлбарлаж байна лээ. Хариуцлагын тогтолцоо өндөр, намын доторхи дотоод ардчилал гээд улс төрийн систем нь төгс хэлбэрт очсон улс гүрнүүд байна. Өнөөдөр манайх тэднийг дуурайж өөр тогтолцоонд шилжих болоогүй. Монголын бух олигархиуд бүгдээрээ л улс төрд шургалчихсан, бизнес олигархийн хоёр, гуравхан бүлэглэл Монголын улс төр, эдийн засгийг авч явж байна. Тэгээд ч пропорциональ систем нь улс төрд орж байгаа залуусыг хойшоо шидэж, цус сэлбэгдэх нөхцөлийг бүрэн хаана гэж харж байгаа.

-Тэрбумтан далан зургаан гишүүнтэй боллоо. Цаашид ч гишүүдийн мэдлийн тэрбум нэмэгдэнэ гэж байна лээ. Ингэж өөрсдөдөө мөнгө хуваарилаад байх нь зөв үү. Та тэрбумаа юунд зарцуулсан бэ?

-УИХ мөнгөний амлалт өгч гарч ирэх гарч ирсэн хойноо өөрсдөдөө мөнгө хуваарилдгаа болих хэрэгтэй. Анх таван зуун мянгаас эхэлсэн мөнгө одоо тэрбумд хүрчихлээ. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулъя гэж байгаа бол тэрбум төгрөгийн эрх гишүүдэд өгнө гэдэг нь нэг ёсондоо сонгогчдыг тодорхой хэмжээгээр худалдаж авч байгаа хэлбэр. Зарчмын хувьд буруу. Өмнө нь мөнгө авахгүй сонгууль явуулж болоод л байсан. Дараагийн удаа УИХ-ын   гишүүдээр дамжуулж тухайн тойрогт хөрөнгө оруулалт хийхийн эсрэг байгаа. Тэрбум төгрөг гишүүдэд хуваарилахад   Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг би дэмжсэн. Гэхдээ олонхиороо яригдаад энэ мөнгө ороод ирсэн. Миний хувьд тэрбум төгрөгийг  тойрогт  судалгаа явуулж, хамгийн шаардлагатай зүйл юу байна түүнд нь зориулна гэж үзээд Чингэлтэй уул нүцгэрч дуусч байгаа учир нөхөн сэргээж мод тарих, ногоожуулахад гэж ахмадын байртай болъё гэсэн. Түүнд 300 саяыг, 500 зуун саяыг иргэд гэрэлтэй болгож өгөөч гэсэн саналын дагуу зарцуулахаар төлөвлөөд саналаа егсөн. Тухайн дүүрэг тендер зарласан байгаа. УИХ-ын гишүүн үүнд оролцох эрх байхгүй. Улс төрийн намууд мөнгө амлаж сонгуулЬд оролцохгүй байх хэрэгтэй юм. Хоёр намын дарга мөнгөний амлалтаар сонгуульд оролцохгүй гэсэн тохироо хийх цаг болсон. Одоо МАХН-ын амласан 1.5 сая төгрөгийг хүлээсэн иргэд асар их байна. 1.5 сая төгрөгийг өгөх мөнгө манай сан хөмрөгт байхгүй. Иймд Ардчилсан нам 1.5 сая төгрөгийн амлалтад амласан намтай нь хамт унахааргүй байна. Бидний амласан Эрдэнийн хувь мөнгөн хэлбэрээр биш, хувьцаа хэлбэрээр олгогдохоор анхнаасаа ярьж байсан. Одоо шийдэгдэнэ байх аа.
-Та улс төрд цоо шинэ юм яриад орж ирсэн. Сонгогчид ч өөрт чинь итгэл хүлээлгэж сонгосон. Гэтэл амлаж байсан зүйлээ хийж чадаагүйгээ дараа нь ганцаараа зүтгээд барсангүй гэж тайлбарладаг гишүүд олон болчихсон энэ үед амлалтаа биелүүлж чадаж байгаа эсэхийг чинь сонирхъё.
-УИХ-д Чингэлтэйн олон мянган сонгогчийн төлөөлөл болж орж ирсэн. Надад ганц зүйл захисан. Эх орон, ард түмний эрх ашгийн төлөө гадны ямар нэгэн нөлөөнд автахгүй байгаасай гэж захисан. Би хувьдаа аль улс төрийн хүчин, ямар ч намын гишүүнтэй шударга зүйлийн төлөө хамт явж чадна. Оюу толгойн асуудал дээр гэхэд Элсний арван гурав гэдэгт багтаж сайн, муугаа хэлүүлэн байж гурван ч удаа буцааж Монголчууд арай ашигтай хэлбэрээр батлагдсан болов уу. Ойн сав усны сав газар ашигт малтмал эрэх, хайх олборлохыг хориглох хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Энэ бол миний амлалтын нэг хэсэг юм. Хот суурин газрын ногоон бүсийг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг санаачлан Засгийн газраас дэмжлэг авч хаврын чуулганаар өргөн барина.  Долдугаар сарын нэгний асуудлыг ярихад дуугүй өнгөрч болоогүй. Монголын төр мянга гаруй залууг бөөнөөр нь хорьсон. Ингэж Монгол Улс улс төрийн хоригдлуудтай болсон. Тэр үед өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Монголын төр төмөр нүүр үзүүлж, хэмжээ хязгаараас хэтэрч жирийн сайхан залуусын амийг хороосон. Тухайн үед ямар нам эрх барьж байсан билээ. Улс төрийн хариуцлагын асуудал тухайн үеийн эрх барьж байсан намын удирдлагатай   ярих ёстой.   Тэд улс төрийн хариуцлага хүлээхгүй бол түүх алсдаа хүлээлгэнэ. Харамсалтай нь долдугаар сарын нэгний буруутнууд хүн буудах тушаал өгсөн хүмүүс өршөөгдсөн. Тэд Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй. Долдугаар сарын нэгэнд үзэл бодлоо илэрхийлж жагссан залуусаас өнөөдөр ч гэсэн шоронд байж л байна. Тэр үйл явдлын төлөө Монголын төр ард иргэдээсээ уучлалт гуйж дахин иргэн рүүгээ буудахгүй гэсэн баталгаа өгөх хэрэгтэй.

-Тэр хариуцлага хүлээх ёстой эрх баригч намтайгаа танай нам хамтарсан Засгийн газар байгуулаад явж байгааг та юу гэж үзэж байна?

-Яагаад хамтарсан Засгийн газар бий болсон гэхээр тухайн үеийн эрх барьж байсан намын удирдлагууд долдугаар сарын нэгний хариуцлагаас эмээсэн. Олонхийн суудал авсан нам Засгийн газраа бүрдүүлэх ёстой. Гэтэл тэр бололцоо нь байсаар атал манай намыг засагт хамтрахыг ятгасан. Ардчилсан намыг Засгийн газартаа татан оруулснаар долдугаар сарын нэгний хариуцлагаас мултрах дэгээ болгон ашигласан нь тодорхой. Мөн ард түмэнд бүтэмжгүй том амлалтууд өгсөн. Түүний халхавч нь манай нам болчихсоныг харж л байгаа биз дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.