Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод бүртгэж авах ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай байгаль орчны асуудлаар ярилцлаа. Дэлхийд цөөхөн цэнгэг уст нуурын нэг Хөвсгөлийг цаазын тавцанд аваачих сонирхол эрчимжиж байна. Экологич гишүүн энэ талаар ямар байр суурьтай явдаг юм бол.
-Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах асуудал идэвхжлээ. Техникийн нөхц өл нь байгальд халгүй учир Хөвсгөлд аюул учруулахгүй гэж нөгөө талаас тайлбар хийдэг. Уг ордыг ашиглаад эхэлбэл Хөвсгөлд ямар сөрөг нөлөө учрах бол оо?
-Эхлээд усны тухай яримаар байна. Монголд ашигт малтмалаас илүү үнэтэй байгалийн бүтээгдэхүүн ус болно. Тиймээс гадаргын болоод гүний усаа стратегийн ордод бүртгэе. Хөвсгөл далайгаа стратегийн орд гэж тооцоод хамгаалалтад авах ёстой. Дэлхийн улс орнууд усаар дамжуулж геополитикийн бод лого хэрэгжүүлж байна. Цаашдаа ус нефтээс ч үнэтэй болно. ОХУ усаа стратегийн бүтээгдэхүүнд тооцож, экспортлохоо мэдэгдэж, БНХАУ-тай гэрээ хийгээд эхэллээ шүү дээ.
-“Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөнөөс Бүрэнхааны фосфоритын ордод олгосон лицензийн мэдээллийг нягтлах хүсэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тавьсан. Гэвч дарга нь хувийн ашиг сонирхлоос болоод хэлэлцүүлээгүй нуусан байсан. Одоо энэ асуудлыг хэлэлцэх болов уу, Та лавласан уу?
-Манай Байнгын хорооны ажлын жагсаалтад уг асуудал байгаагүй л дээ. Ер нь ганцхан Хөвсгөл гэхгүй улсын хэмжээгээр лицензийг цэгцлэх цаг болсон. Д.БалданОчир, Ж.Энхбаяр гишүүн бид гурав ашигт малтмалын бүх лицензийг таван жил хүртэлх хугацаанд олгохыг түдгэлзүүлье гэсэн асуудал УИХ-д тавьсан. Энэ хугацаандаа маргаантай бүх лицензийг цэгцэлнэ. Манайхаас газар нутгаар тав дахин том Австрали улсад олгосон ашигт малтмалын лиценз нь манайхаас тав дахин бага байна. Энд төрийн зөв бодлого л хэрэгтэй. Намрын чуулганы сүүлчээр Хөшөөтийн уурхайн та лаар УИХ-ын чуулганаар хэлэл цэх үеэр би АМХЭГынхнаас асуухад хэдэн лиценз гадаадын хөрөнгө бирж дээр гараад, хэрхэн үнэлэгдэж, хэдэн тоннын нөөцтэй гэж бүртгэгдээд байгаа юм, энд ямар мэдээлэл байна гэхээр тодорхой юм хэлж чадаагүй. Бидний хяналт үнэхээр сул байгаа. Бид энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина. Одоо холбогдох яамдаас мэдээлэл авахаар ажиллаж байна. Бид газар дорх баялгаа судлах, ашиглах хэрэгтэй ч үүний далбаан дор бүгдийг гадагш нь алдах ёсгүй.
- Уг нь тэр замбараагүй лицензийг цэгцлэхийн тулд Ой, усны сав газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хууль баталсан. Гэвч одоо болтол хэрэгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Энэ бол байгаль орчныг хамгаалах чиглэлээр гарсан эргэлтийн шинж чанартай чухал хууль. Үүнийг хэрэгжүүлээд эхэлбэл уул уурхайн олон компанийн үйл ажиллагаа зогсоно. Тэр хэрээр алт олборлолт буурна. Дээрх сав газарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийг цуцалсны төлөө улс 180 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөхөөр байгаа. Гэвч үйл ажиллагааг нь зогсоосноороо бид үүнтэй зүйрлэмгүй их баялаг, хөрөнгөө аврах болно. Монголын хамгийн хүчтэй лообий уул уурхайн салбарт байдаг. Тиймээс том эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тэгсэн ч бид хуулиа хэрэгжүүлнэ.
-Гишүүдийн олонх тэр том лообийд нь автчих юм биш үү?
-Автах ч хүн бий. Гэхдээ улс орны эрх ашгийн төлөө зүтгэж байгаа олон гишүүн байгаа. УИХ-ын гишүүд хойч үедээ газар нутгаа, байгалиа онгон хэвээр үлдээхийн төлөө зүтгэх үүрэгтэй сонгогдсон биз дээ.
- Оюутолгой, Тавантолгой гэх мэтээр стратегийн томоохон ордоо манай улс эдийн засгийн эргэлтэд оруулж эхэллээ. Усны асуудал ч энэ үеэр сөхөгдсөн. Оюутолгойн ордын хувьд гүний ус ашиглах асуудал шийдэгдсэн. Түүнийг стратегийн ордод тооцох таны санааг тэнд хэрэгжүү лэх боломжгүй болжээ дээ?
-Оюутолгойн гэрээ ярих үеэс л би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гаднын компаниуд бол манай усны үнэ цэнийг үл тоож байгаа. Манайд усны төлбөр нь асар хямд, гэрээгээ олон жилээр хийдэг. Энэ баялгаа бид л хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй шүү дээ. Оюутолгойн тухайд гэрээг байгуулж болсон юм чинь эргээд харж болно байх. Оюутолгойн усны нөөцийг тухайн компанийн онцгой эзэмшилд очихоор гэрээнд заасан. Нутгийн иргэд ус уухдаа гаднын тэр компанид мөнгө төлөхөд хүрчихлээ. Тавантолгойн тухайд төрийн мэдэлд байгаа учир арай өөрөөр хандах болов уу гэж найдаж байна.
-2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Та “Монголын улс төрд би мод тарина” гэсэн уриа дэвшүүлсэн. Хоёр жилийн хугацаанд хэдэн мод тарьсан бэ?
-Би хамгийн гол нь өөрийнхөөрөө байя, үзэл бодолдоо үнэнч, бусдын нөлөөнд автахгүйгээр шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэе л гэсэн зарчим баримталдаг. Хүмүүс яаж харж байгааг бүү мэд. 2012 онд ард түмэн дүгнэнэ.
- УИХ-ын 76 гишүүн, тэдний гэр бүл бүгд л нийслэлд амьдарч, хортой утаагаар амьсгалж байна. Тэгсэн атлаа агаарын бохирдлыг бууруулах гэх мэт асуудлыг гэхээсээ илүү тойрогтоо анхаарлаа хандуулдаг. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ?
-Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа атлаа нийслэлээс 26-хан гишүүн сонгогддог нь Сонгуулийн тогтолцоотой холбоотой л доо. Иргэдийн төлөөлөл болж ажиллахад нийслэлээс сонгогдсон гишүүдийн тоо цөөдөж, хүчгүйддэг. Гэхдээ хөдөөний гишүүд утааны эсрэг тэмцэхгүй байгаа гэсэн үг биш. Агаарын бохирдол үндэсний гамшгийн хэмжээнд хүрснийг бүгд мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэхээр олон жилийн турш утаагүй түлш, зуух гэх мэт арга хэрэглэж байна. Үр дүн алга. Япончууд тухайлбал, технологийн шинэчлэл хийж ийм асуудлаа шийдсэн. Утаа гаргадаг бүхнийг шинэчилж, торгуулийг өндөр тогтоосон, хяналтаа сайн тавьсан. Нүүрсний хэрэглээг хийгээр, цахилгаанаар солих, барилгажуулах л хамгийн үр дүнтэй арга гэж боддог. Төлөвлөгөө гаргаад л гурван жилд утааг хэдэн хувиар бууруулна гэж дарга нар ярьдаг. Энэ бол худлаа. Эдийн засгийн тооцоо, судалгаа хэрэгтэй байна. Саяын зуднаар хэчнээн малчин малгүй болоод нийслэлд шилжин ирэх, хэдэн яндан нэмэгдэхийг хотын захиргаа тооцоогүй л байна шүү дээ. Тиймээс цахилгааны тав дахь эх үүсвэрийг яаралтай шийдэж, иргэд маань ажилтай орлоготой болж, хотыг бүхэлд нь барилгажуулж байж утаанаас сална.
-2010 оны төсөвт “Шинэ Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг иймэрхүү бодлогын том зүйлд зарцуулж чадаж байгаа юу. Эсвэл гишүүдийн халаасанд “орж”, сургуулийн дээвэр мэтхэнд зарцуулагдаад дуусаж байна уу?
-Үүгээр улсынхаа нийслэлд авто зам барих гэх мэт гол дэд бүтэцдээ хөрөнгө оруулмаар байна. Тэгэхгүй жижиг сажиг зүйлд тарамдаад явчихвал татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байгаатай ижил.