Хөвсгөл далайг хамгаалахад Ардчилсан хүчнийхэн хүч нэмнэ
Таатай мэдээ дуулгасан Ардчилсан хүчнийхэндээ баярлалаа. Тус холбооны анхдугаар хурлаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь байгаль орчныг хамгаалахад байв. Тодруулбал, гүний ус, Хөвсгөл далайн ай савыг стратегийн нөөцөд авч,улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг чухалчлан хэлэлцсэн нь олны талархлыг хүлээлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Уул уурхайн салбарын хөгжил усны хомсдолтой холбоотойгоор саарах магадлал өндөр болоод байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хүрээгээ тэлж буй энэ үед цаашид бид Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол түлхүүр нь ногоон эдийн засгийн бодлого байх ёстой гэж үзэж байгаа юм" гэв.
"Өнөөдөр" сонины мөнхийн сэдэв байгаль орчин. Тэр дундаа Хөвсгөл далай, түүний экосистемийн онгон дагшин байдлыг хамгаалж, хадгалж үлдэх асуудал манай сонины зорилго, чиглэлийн нэг чухал хэсэг. Иймд Хөвсгөл далайг уул уурхайн олборлолт, аж ахуйн ашиглалтаас ангид байлгаж, улсын тусгай хамгаалалтад оруулахыг хүссэн бидний зорилгыг дэмжсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага, эвсэл, иргэдийн дуу хоолой болон хамтарч ажиллахыг үүргээ гэж бид үзэж байна. Угтаа бол энэ нь Монголын төдийгүй хүн төрөлхтний оршин тогтнох, эсэхийн тухай асуудал юм.