С.Эрдэнэ: Ардчилалд элэгтэй тэр бүх хүмүүсийг нэгтгэхийг бодсон
Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-Ардчилсан хүчний холбоог байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Бид олон талаас ярьсан. Ардчилсан холбоо гэж ардчиллын анхны салхийг хагалж гарч ирсэн анхны байгууллага. Би өөрөө ардчилсан холбооны даргаар ажиллаж байсан. Шинэ дэвшилт холбоо, ардчилсан социалист хөдөлгөөн гэх мэт 1990-ээд оны үед олон байгууллага байгуулагдаж байсан. Гэхдээ эд нар маань тухайн үед түүхэн үүргээ гүйцэтгээд цагийн явцад нийгмийн тодорхой хэсэг бүлгийн хүрээнд очсон. Илүү өргөн хүрээнд хамрах боломж нь хумигдчихсан. Тухайлбал Ардчил-сан холбоо болон шинэ дэвшилт холбоонд шинээр хүн элсэх гэхээр орон зай нь өргөн харагдахгүй байгаа юм. Тиймээс өөрийгөө ардчилсан үзэл бодолтой гэж байгаа тэр бүх хүмүүсийг бүгдийг нь нэгтгэсэн ардчиллын төлөө хэмээх холбоо байгуулах нь зөв юм байна гэж бодсон.
-20 жилийн өмнөх Ардчилсан холбоо, одоогийн энэ Ардчилсан хүчний холбоо хоёрын хооронд чухам ямар ялгаа байна вэ?
-Ардчилсан холбоо нийгмийн нэг байгууллагыг нөгөө байгууллагаар солино гэж гарч байсан. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжье, социалист тогтолцооноос ардчилал, хүний эрхийг дээдэлсэн тийм нийгэм рүү шилжье гэж гарч ирсэн. Гэхдээ шилжилтийн үйл явц амар биш. Гэтэл тэр шилжилтийн үйл явц маш эрчимтэй явж байснаа саармагжаад улмаар зогсонги байдалд орсон. Бидний зорьж байсан нийгмийн төлөвшил бий болж чадахгүй байна шүү дээ. Ардчилал, зах зээл, хүний эрх гэдэг зүйл маань эргээд ухарч байна. Нам төвтэй төрийн тогтолцоо руу ухарч байна. Ард түмний элч төлөөлөгч гэдэг утгаараа асуудалд хандах ёстой УИХ-ын гишүүн маань зөвхөн намын бүлгийн шийдвэр гүйцэтгэгчид, намын бүлгийн шийдвэрийг дагагч кнопчид болж байна. Энэ чинь өнөөдөр шударга ёс мөн үү.
Биш шүү дээ. Үүнийг шинэчилье, өөрчилье, Улс төрийн намуудын төрийн оролцоог тодорхой түвшинд эргэж харах шаардлага гарч байна.