Өмнөд Африкийн 160 км урт алтан хавцлууд, Америкийн Калифорни дахь эрхийн чинээ бүхэл алттай том ордууд хэдийнээ алга болжээ
2010.02.09

Өмнөд Африкийн 160 км урт алтан хавцлууд, Америкийн Калифорни дахь эрхийн чинээ бүхэл алттай том ордууд хэдийнээ алга болжээ

Алтыг хүн төрөлхтөн юунд хэрэглэх гэж ингэтлээ дурладаг вэ? Хариулт маш энгийн, ердөө л гоё байх буюу гоёж чимэх хүсэл шунал. Нийт олборлосон  алтны гуравны хоёр нь ээмэг бэлзэг, бугуйвч гоёлын зүүсгэл төдийхөнд хувирч, зөвхөн 2007 оны алтны зах зээлд  53,5 тэрбум ам долларын  худалдаагаар толгой цохижээ. АНУ-д “Бохир алт хэрэггүй” хөдөлгөөн өрнөж, ихэнх томоохон үнэт  эдлэлийн дэлгүүрүүд байгаль орчинг бохирдуулан  сүйтгэж буй уурхайн алтыг худалдаалахаа зогсоосон ч энэ нь хүн гэгчийн дэлхийг хамарсан алтны хэрэглээг бууруулж чадахгүй юм.

Үнэт чулуу, алт мөнгөн эдлэлийг ахуйн соёлоос нь салгах аргагүй. Энэтхэг улс 773,6 тонн алтыг 2007 онд хэрэглэсэн нь дэлхийн нийт алтны зах зээлийн 20 хувийг дангаараа эзлэн алтны хамгийн том хэрэглэгч үндэстэнд тооцогджээ. Хэдийгээр тус улс өөрсдөө маш бага алт гаргадаг ч  энэтхэгчүүд 18,000 тонн алт эзэмшдэг нь тус улсын төв банкинд хадгалагддагаас даруй 40 дахин их хэмжээ юм. Охидоо төрмөгц хуримын өдөрт нь зориулан алт цуглуулж эхэлдэг уламжлал нь охидын эрд очих үнэ цэнэ, гэр бүлийн хөрөнгө чинээг харуулах бөгөөд  хуримын  бэр З кг жинтэй гоёмсог  алтан эдлэлээр үсээ чимж, алтан зүүлт, алтан бүс, алтан бугуйвч, шагайвч өвч зүүн, алтан утсаар нэхсэн сари өмсөөд түүнийгээ дааж ядан байх нь элбэг тохиолдоно. Хамгийн олон хүн амтай  улсын  нэг болох Энэтхэгт жилдээ 10 сая хурим болдог гэж бодохоор алтны  хэрэглээ өндөр байх нь  аргагүй. Нэхсэн  инжийг нь өгч чадахгүй бол нөхөрт гаралгүй насыг үдэх, шинэ гэртээ бага  алт  эдлэл авчирсан гэгдэг хадмууддаа зодуулах, нөхөртөө ад шоо үзгдэх зэрэг гэр бүлийн хүчирхийлэл элбэг төдийгүй хүн амын 95 хувь ядуу амьдралтай энэ оронд охин төрвөл алт инжийг нь дийлэхгүй хэмээн үр хөндүүлэх явдал их гардаг нь эртнээс улбаатай уламжлалын гай гэхээсээ алт хэмээх шар төмрийн лай гэлтэй.

Манай  монголчууд  алтыг  араасаа  сайныг  дагуулдаггүй гэж үздэг бол харин тэд “алт бол аз, бас жаргал” гэсэн үг гэж тайлбарлана. Мөн тэд хиндү хуанлийн хаврын баярыг алт худалдаж авах билэгт сайн өдөр гэж үздэг бөгөөд зөвхөн 2008 оны уламжлалт баярын энэ өдөр энэтхэгчүүд 49 тонн алтан эдлэл худалдан авсан байна.

Харин Хятад улс 2007 онд 363,3 тонн алт худалдан авснаар 278,1 тонн алтны хэрэглээтэй АНУ-ыг давж, хоёр дахь том алтан эдлэлийн худалдан авагч орон болсон бөгөөд угаас шунал заль ихтэй, хурааж хуримтлуулах дуртай нанхиад нар эдийн засгийн өсөлтдөө дулдуйдан алт эдлэл ихээр худалдаж авах болжээ. Х
үн төрөлхтөн ингэж улайран зүтгэдэг ч түүхэндээ ердөө л 161,000 тонн олборлосон бөгөөд энэ нь хэмжээгээрээ олимпийн хоёр усан санг л дүүргэхүйц хэмжээтэй юм. Харин үүний талыг сүүлийн 50 жилд олборлосон нь хүн төрөлхтний бахархах дуртай техник технологийн дэвшлийн үр дүн бөгөөд энэ нь үхэл рүүгээ яаран довтолгосон хүний нийгмийн дүр зургийн нэгээхэн хэсэг төдий ажээ. Дэлхийн хамгийн арвин баялаг нөөц ордууд шавхагдаж, зөвхөн нэг жишээ л дурдахад Өмнөд Африкийн 160 км урт алтан хавцлууд, Америкийн Калифорни дахь эрхийн чинээ бүхэл алттай том ордууд хэдийнээ алга болж, эдүгээ дэлхийн хамгийн алслагдмал, онгон дагшин хэвээр үлдсэн газар нутагт л багахан хэмжээтэй ордууд үлдсэнийг “сүйтгэлд дуудсан урилга”, “шуналтнуудын арааны шүлсийг асгаруулсан амттан”, “аврал эрсэн аюулд өртсөн хөөрхий байгаль” хэмээн дэлхийн байгаль хамгаалагчид сануулж, бас анхааруулж байна. Мэдээж хасагдаж багасахгүй, улам нэмэгдсээр байгаа амаа ангайсан олз хайгчдын энэ заналхийлэлд Монгол орон маань ч мэдээж аль хэдийнээ өртчихсөн, хэмлүүлж сэглүүлээд эхэлчихжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.