2010.03.26

Г.Баярсайхан: Ус хэрэглэж л байгаа бол тоолуур гүйж байх ёстой

Эрдэмтэд 2020 он гэхэд дэлхийн хүн ам цэвэр усны хомсдолд орж эхэлнэ гэсэн дүгнэлт хийгээд буй. Саяхан УИХ-ын чуулганаар "Ус" хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр батлагдахын өмнө УИХ-ын гишүүн Г.Баярсайхан судлаач, эрдэмтдийн санал бодлыг хууль тогтоогчдод хүргэсэн. Даруухан хүрээнд нухацтай өрнөсөн дугуй ширээний ярилцлагын дараа судлаач, эрдэмтэд зөвлөмж гарган ҮАБЗ-д хүргүүлсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Арван жилийн дараа дэлхий нийтээрээ усны хомсдолыг мэдэрч эхэлнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байгаа. Ундны усны хямрал үүсэхээс арван жилийн өмнө манай парламент "Ус" хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Эрдэмтэд ч байр сууриа илэрхийлсэн. Тэд шийдвэр гаргагчдад юуг чухалчлан захив?

-"Ус" хөтөлбөрийг батлагдахаас өмнө би Төрийн ордонд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, усны чиглэлээр дагнасан Монголын тэргүүлэх чиглэлийн эрдэмтэд байр сууриа илэрхийллээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ усны хомсдолд орж эхэлж байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалаад Монгол орны эко системд өөрчлөлт орж байгаа энэ үед "Ус" хөтөлбөрийг баталсан нь маш зөв алхам болсон. Монгол Улсын хэмжээнд гүний усны нөөц 2-12 метрээр суусан, Гималайн нурууны цас 10-15 метрээр шуугдаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Манай Алтай таван богд дахь мөнх цасны хэмжээ хүртэл багассан зургийг сансраас авсан байна. Эрдэмтэд нарийн судалгаанд тулгуурлаж дүгнэлт гаргадаг. Тэд "Монголчууд цэвэр усаа хэмнэлтийн горимоор ашиглаж эхлэхгүй бол усны гачигдалд орж, энэ нь цаашлаад улс орны хөгжлийг сааруулна" гэж сануулж байна. Нөгөө талаар нийт цэвэр усны нөөцийн 87 хувийг эзэлдэг Хөвсгөл далайгаа хамгаалах цаг ирлээ. Дэлхийд хосгүй эко системийн цогц Хөвсгөлийн ой тайга сүйрэл рүүгээ явж байна гэдгийг санал нэгтэй хэлж байна лээ.

-Ундны усны нөөцийн том дайсан нь уул уурхайн салбар болчихоод байна. Төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлого гэж уг нь байдаг. Харин энэ баримт бичиг цаг үеийн шаардлагатайгаа хэр нийцэж байгаа гэж та боддог вэ?

-Төр уул уурхайн салбарт ямар бодлого барьж явсныг сүүлийн 20 жилийн түүх, Заамарын хөндийн болон бусад их хэмжээгээр сүйтгэгдсэн ой хөвч, ширгэсэн гол горхины гашуун түүх өөрөө харуулчихсан. Энэ бол уул уурхайн салбарт барьж ирсэн бодлогын гажуудал, сул тал. Жанжин шугамтай, цэгцтэй бодлого үйлчилсэн бол өнөөдөр байгаль орчны асар их хэмжээний хохирол амсахгүй байж болох байсан. Шулуухан хэлэхэд баялгийг ухаж мөнгө болгох бодлого л үйлчилж ирсэн. Бид цаашид энэ янзаар явж болохгүй. Өнөөдөр хариуцлагатай, ил тод уул уурхай гэж ярьж байна. Сайхан яриад л байгаа болохоос үлгэр жишээ болсон тэр уул уурхайн үйлдвэрлэлийг хаанаас ч олохгүй нь үнэн. Тиймээс бид Монгол орны нөхцөлд таарсан, байгаль экологийн том сүйрэл амсахааргүй хөгжлийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх цаг ирсэн.

Канадыг бид уул уурхайг хөгжүүлж чадсан үлгэр жишээ орны тоонд оруулдаг. Байгаль экологийн хувьд Канад сайхан байгальтай. Яг л манай Хөвсгөл гэсэн үг. Канад өнөөдөр хойд Америкийн хамгийн том нефть олборлогч болчихсон. Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж байна. Бүх баялгаа ой хөвч, тайгаасаа олдог. Чулуулгаас нефть гаргах тусгай технологи нэвтрүүлсэн байна. Тэд олборлолт явуулаад өндөр стандарт шаардлага хангасан хяналт тавьж, нөхөн сэргээлтдээ асар их хэмжээний хөрөнгө зарцуулж, байгаль орчноо онгон төрхөнд нь оруулж чадаж байна. Бид ч гэсэн уул уурхайн салбартаа барууны өндөр хөгжилтэй техник технологийг ашиглаж, энэ зарчмаа төрийнхөө бодлогод тусгуулаад явах ёстой. Дэлхийн шилдэг техник технологийг Монголд нэвтрүүлж байж Монголын уул уурхайн салбарыг зөв хөгжүүлж, өндөр ашиг олж чадна. Энэ хэмжээгээр ард иргэдэд уул уурхайгаас үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулж, байгалиа онгон төрхөөр нь авч ҮЛДЭЭЖ чадна гэсэн үг.

-Монголд уул уурхайн салбар ид хөгжиж байна. Үүнтэй зэрэгцэн хяналтгүй уул уурхай дагасан унд-ны усны зохиомол хомсдол бий болж, гол горхины ундарга татрах нь жирийн үзэгдэл болчихсон. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

-Монголчууд жилдээ 360 сая шоо метр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг юм. Тэгэхээр бид газрын гүнд байгаа эрдэс баялгаасаа хамгийн их хэмжээгээр хэрэглэсэн, хэрэглэж байгаа нь ус гэсэн үг. Ийм их хэмжээгээр хэрэглэж байгаа хэрнээ хөдөө орон нутгийн зарим иргэд усны гачаалд орчихсон. Ус нь байлаа гэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нийцэхгүй эрдэстэй байх жишээтэй. Гол горхи ундаргаа авч байгаа газрын ой модтой хэсэгт алтны компани, "нинжа" нар үйлдвэрлэл явуулж байна. Эхийг нь хамгаалах гээд очихоор тэнд алтны компани олборлолт явуулж байдаг. Сая УИХ уул уурхайн компаниудын маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн цэвэр усны нөөц, гол горхио хамгаалахын тулд Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан нь дээрх гажуудлыг арилгах, эргэлтийн чанартай хууль болж чадсан. Би өөрөө энэ хуулийг санаачлагчдын нэг л дээ.

"Ус" хөтөлбөрт Монгол Улс усны менежментийг сайжруулах шаардлагатай гэсэн заалт байгаа. Усны менежментийг шинэ техник технологи нэвтрүүлж байж л сайжруулна. Жишээ нь уул уурхайн үйлдвэрүүдэд бүгдэд нь битүү циклтэй технологи нэвтрүүлэх, бороо, үерийн болон хаврын шар усны үерийн усны урсгалыг тогтоох, том голуудын усыг барьж ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор далан суваг барих асуудал нэлээн түлхүү орсон. Усны хамгийн эцсийн хэрэглэгч нь хүн. Хэрэглэгчдийг бүгдийг нь тоолууржуулах нь зөв. Энэ бол усыг эдийн засгийн болон эргэлтийн горимд оруулах хамгийн чухал алхам гэж харж байна. Цэвэр усны үнэлгээний асуудал дэлхийд маш хурцаар тавигдах болсон. Жишээ нь Арабын зарим оронд нэг м/куб нь 12 доллар хүрч байна. Тийм учраас усны үнэлгээний асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа юм.

-Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах асуудал ид яригдаж байна. Ашиглалтын лиценз нь УИХ-ын байнгын хорооны даргын хүүгийн мэдэлд байдаг. Эрхэм гишүүн төрд 50 хувийг нь өгнө гээд наймаа яриад сууж байгаа нь олны сонирхлыг татаж байна л даа?

-Энэ талаар гишүүнтэй санал бодол солилцож байгаагүй. Гэхдээ ЁС зүйн дэд хорооны даргын хувьд УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны дарга нь өөрөө Монгол Улсын цэвэр усны ганц нөөц Хөвсгөл далайд ойрхон ашигт малтмалын лецинз эзэмшиж байна гэдэг бол ашиг сонирхлын зөрчлийн тод жишээ гэж үзэж байгаа. Ийм тохиолдолд яах ёстой гэдгийг ЁС зүйн дүрэмд тодорхой заачихсан. Монгол Улс стратегийн 15 орд газартай. Энэ бол Монгол Улсыг хангалттай тэжээгээд явчих орд газрууд. Тиймээс бид цөөн хэдэн орд газраа ашиглаад, ялангуяа ногоон бүс дэх орд газруудаа нөөцөд авч үлдэх нь зөв. Энэ бол бидний үр ачдаа өвлүүлэн үлдээх, бас дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад оруулж байгаа хувь нэмэр болох юм. Хөвсгөл далай өмнөх үеэс маань бидэнд бүрэн бүтнээрээ өвлөгдөж ирсэн. Тухайн үеийн эх оронч сэтгэлтэй эрдэмтэд, төрийн бодлого тодорхойлдог хүмүүс "Хөвсгөл далай орчмын байгалийн баялгийг ашиглах цаг нь болоогүй" гэсэн үндэслэлээр цэг тавьж ирсэн. Энэ бол алсыг харсан зөв алхам байсан.

-Экологид хор хөнөөл учруулсан этгээдэд тооцох хариуцлагын тухай хууль манай нөхцөлд хэрэгтэй юм шиг санагдаг. Жишээ нь уул уурхайн замбараагүй олборлолтыг зохицуулах, шаардлага хангасан олборлолт явуулах, түүнийг хянахын тулд экологийн цагдаа, прокурортой болж яагаад болохгүй гэж. Та энэ талаар ямар байр суурьтай байна?

-Гаднын жишгээс харахад тухайн орны аль салбар эдийн засагтаа хамгийн том байх суурь эзэлж байна гэдгээс шалтгаалан тэр салбараа төр нь бүх хэлбэрээр дэмждэг юм байна. Жишээ нь Тайландын аялал жуулч-лалын салбар жилдээ асар их хэмжээний долларыг улс орныхоо эдийн засагт оруулдаг. Тийм учраас аялал жуулчлалын байцаагч, цагдаа, прокурорын бие даасан байгууллага ажиллаж байдаг. Өнөөдөр уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ноён нуруу болох нь тодорхой болчихоод байна. Энэ салбараа эрүүлээр хөгжүүлэхийн тулд төр засгаас дэмжлэг үзүүлэх хөрсийг өнөөдрөөс бэлдэж байх ёстой. Уул уурхайн хөгжлийг дагаад санаатай ба санаандгүйгээр байгаль орчныг тодорхой хэмжээнд сүйтгэсэн, хариуцлагаас зугтах гэх мэт сөрөг хандлага гарах нь тодорхой. Үүнийг зохицуулахын тулд экологийн байцаагчид, цагдаа, прокурор Монголд зайлшгүй хэрэгцээтэй болох цаг ойрхон ирж байна.

Манай уул уурхайн салбарт гаднын том хөрөнгө оруулагчдаас илүү жижиг компаниуд асар олноор орж ирсэн. Тэдэнд маш хурдан хугацаанд, хамгийн түргэн аргаар ашигт малтмалыг авч, газрыг нь хаяад явах ганц л зорилго бий. Тийм учраас энд төрийн сайн хяналт хэрэгтэй. Дэлхийн аль ч улс байгаль орчноо гаднын хөрөнгө оруулагчдаар сүйтгүүлэхгүй байна. Тийм учраас бид экологийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Уул уурхай хөгжөөд ирэхээр аяндаа энэ шаардлага бидний өмнө тулгарна. Гэхдээ наана нь бас хөрсийг нь бий болгох хэрэг гарна л даа. Жишээ нь экологийн цагдаа хүчний байгууллагын мэдэлд байх уу, мэргэжилтнүүд нь байгаль орчин, экологийн талаар мэргэшсэн байх ёстой гээд. Төр экологийн байцаагч, цагдаа, прокуророо аль салбартаа авч явах вэ гэдэг бодлогоо тодорхойлох гээд эхний ээлжинд олон зүйлийг шийдэх ёстой болж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.