Л.Гантөмөр:Албан тушаалаас болж хоёр нам үзэл баримтлалгүй болчхож
2012.01.05

Л.Гантөмөр:Албан тушаалаас болж хоёр нам үзэл баримтлалгүй болчхож

УИХ-ын гишүүн,АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа
-Та үүргийн хувьсгал гээчийг санаачилж байгаа юм байна. Ерөнхийлөгч энэ талаар нэлээд ам сайтай байсан?

-Бид сүүлийн 2-3 жилийн хугацаанд 20 жилийнхээ ардчилсан засаглалыг дүгнэлээ. Юу авчрав, юу хийж чадсангүй вэ гээд. Ер нь ардчиллыг таашаагч, ардчиллыг хөгжүүлье, хүний эрх, эрх чөлөө Монголд  хадгалагдаж үлдээсэй гэж боддог хүмүүс энэ дүгнэлтийг хийсэн гэх үү дээ. Ийм бодолтой хүмүүсийн адил би Монголд ямар засвар хэрэгтэй байна. Монгол төрд ямар шинэчлэл хийх шаардлагатай байна гэдгийг олон талаас нь дүгнэж цэгнэж өөрийн гэсэн бодлогын гаргахыг зорьж байгаа юм.

Энэ судалгаануудын нэг хэсэг эрх үүрэг асуудал байсан. Эл асуудал удаан хугацааны ажил болох байх. Ерөнхийлөгч өнгөрсөн 100 жилийн ойг тохиолдуулж ирэх 100 жилийн хугацаанд юу хийх вэ гэдгийг хэллээ. Харин миний гаргасан санаачилга, бодог. Ерөнхийлөгчийн бодлоготой нийлж байгаад их баяртай байна. Олон хүн энэ асуудлыг дэмжих байх. Зөвхөн Ерөнхийлөгч энэ талаар яриад Гантөмөр судалгаа хийсэн гэдэг түншнээс асуудал хальсан байгаа. Увс, Ховд, Өвөрхангай аймагт судалгаа хийгдсэн.

өрийн албан хаагчдын үүргийг яаж тодорхойлно гэж?

-Өрх, иргэн бүрээс асууж байгаа. Төрийн албан хаагчид ямар үүрэг хүлээх ёстой вэ гэж. За танай багийн Засаг дарга, сургуулийн захирал, ИТХ-ын гишүүн ямар үүрэгтэй байх юм гэхэд иргэд хариулж байна. Үүгээр л асуудлын чигийг гаргаж, төрийн албан хаагчдын үүргийг тодорхойлох юм. Цаашид төрийн албан хаагчдын ажил, хөдөлмөр цэвэр үүргийн харилцаагаар зохицуулагдана гэсэн дүгнэлт гаргачхаад байгаа. Харин өнөөдөр манай улсын ажил хэрэг эрх, үүрэг бүрэн эрхийн гэсэн ойлголт дотор явагдаад байна. Ихэнхдээ эрх гэсэн асуудал давамгайлж байгаа. Тэр түшмэл тийм эрх мэдэлтэй байна гээд заачхаж. Тэгээд эрхийнхээ хүрээнд үүргээ тодорхойл гэж байгаа.

Харин ардчиллыг дэмждэг орнууд үүргээ тэргүүнд нь тавьдаг юм байна. Тэгээд үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээний эрх эдэлнэ. Үүрэг нь тодорхой уншигддаг хоёрдмол санаагүй байх ёстой. Харин манайд энэ байдал эсрэгээрээ байдаг. Тухайлбал, Байгаль орчны сайдад байгаа үүрэг гэтэл байгаль орчныг хамгаалах гэсэн заалттай. Гэтэл байгаль орчныг хамгаалсан, хамгаалаагүй гэдэг дүн тавихад их хэцүү. Тэгэхээр ямар үүрэг байх ёстой вэ гэвэл тухайн сайд Монгол Улсад ургаж байгаа модны тоог жилд тэдэн хувиар нэмэгдүүлнэ гэх ёстой. Хэрвээ ийм тодорхой заалттай байх юм бол сүүлд нь хариуцлага тооцож, дүгнэж болно гэх жишээтэй.

-Өнөөдөр манай улсад иргэн болоод, төрийн албан хаагчдад оногдох эрх үүрэг хол зөрүүтэй байна гэсэн байна лээ?

-Төрийн албан хаагчдад олгогдсон эрх 3600 гараад явчихсан байгаа. Жирийн иргэнд очиж бай-гаа үүрэг нь 560 орчим юм. Үүнийг Ерөнхийлөгч долоон сарын 1-ний үйл хэрэгтэй зүйрлэж хэлж байсан. Ер нь бол төр нь иргэнээсээ долоо дахин эрх мэдэлтэй байгаа байхгүй юу Харин эрх үүргийн харьцааны хувьд гэвэл иргэнд нэг эрх нэг үүрэг гээд тэнцүү байх жишээтэй. Гэтэл төрд долоон эрх дээр нэг үүрэг дагалдаж байна. Эндээс харахад төр нь эрхийн балай болчихсон байна даа.

-Энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулдхуульчилж өгөх хэрэгтэй байх?

-Монголд мөрдөгдөж байгаа бүх хуульд гар хүрнэ гэсэн үг. Тэгэхээр нарийн төлөвлөгөө, сайн баг байх хэрэгтэй. Улс төрийн шийдвэр гаргадаг хүчнүүд ерөнхий зөвшилцөл хийгээд үүргийн орчинг бүрдүүлье гэж тохирмоор байна. Тиймээс би ийм санаачилга гаргах гэж байгаа. Улс төрийн намууд болоод Ерөнхийлөгчийг урьж Монгол Улсын төрийн алба одооноос үүргийн харилцаа руу шилжих хэрэгтэй байна гэж. Ингэж л үүрэг, эрх хоёрыг нутагшуулах хэрэгтэй байна.

-Үүнээс гадна намд тань олон асуудал яригдаж байна. Үүний нэг нь МҮДН гэсэн фракц АН-д бий болох нь гэсэн яриа байгаа?

-Ер нь үндэсний дэвшилтэт үзэлтэй, үндэсний ардчилсан үзэлтэй хүмүүсийн найз нөхдийн холбоо байсаар ирсэн. Да.Ганболд даргын найз нөхөд гээд л нэг хэсэг хүмүүс байдаг. Энэ байдал цаашид ч хадгалагдаад л явна. Харин сүүлийн үед МҮДН-ээс гэсэн хаягтай тунхаглалыг Р.Амаржаргал гишүүн гаргаад байгаа. Хашир үүнийгээ цааш нь уриал га болгож байна билээ Би үүнийг нь дэмжиж ажиллана. Үнэхээр АН өнөөдөр өөрийнхөө байранд эргээд очих хэрэгтэй. АН либерал үзлээ, өөрсдийнхөө төр барих ухаанаа гаргах шаардлагатай байна. Монголчууддаа итгэж байгаагаа, монголчууд чадна гэдгийг өнөөдөр хэлэх ёстой. Харин бид одоо социалист үзлээр үйл хэргээ явуулж байна. Ийм үзэлтэй хүмүүсийн ажил хэрэг Монгол Улсыг бүрэн эвдэж дууслаа.

Энэ их халамжийн бодлого хөтөлбөрүүд ийм байдалд хүргэж байгаа юм.

Ялангуяа Ерөнхий сайд 2012 оныг ядуу гэр бүлийг дэмжих жил болгоно гээд зарлачихлаа. Үүнийхээ оронд дундаж давхаргыг бий болгоно гэж яримаар байгаа юм. Ийм зүйл сүүлийн 10 жилд яригдсангүй. Тэгэхээр АН либерал үзэл бодол дээрээ тууштай ажиллах цаг нь ирээд байна. Энэ үзэл бодол нь ажил хийвэл ам тосдоно гэдэгтэй утга нэг шүү дээ.

-Фракц албан ёсоор байгуулагдахаар болсон гэсэн мэдээлэл гараад байгаа л даа?

-Албан ёсоор байгуулагдана, байгуулагдахгүй гэдгийг би өнөөдөртөө хэлж мэдэхгүй. Ямар хүмүүсийн хооронд зөвшилцөл явагдсан юм, бүү мэд. Ямартаа ч энэ либерал үзэл санааг АН-ын мөрийн хөтөлбөрт тов тодорхой тусгаж иргэн бүр хараад ойлгох түвшинд хийе гэдэг дээр нэлээд олон хүн нэгдэх байх. Түүнээс МоАХ гэдэг шиг тийм учир шалтгаан-гүй фракц зарлагдахгүй гэж бодож байгаа.

-Либерал үзэл санааг намынхаа мөрийн хөтөлбөрт оруулахад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага тулгарах байх?

-Либерал үзэл санааг нэвт шингээсэн мөрийн хөтөлбөрийг АН гаргая гэсэн зорилт тавьбал өөрийнхөө байран дээр эргээд очих ёстой. Өөрийнхөө байран дээр очно гэдэг нь зүүнтэнгүүдтэй нэгдэхгүй гэсэн үг л дээ. Ерөөсөө л байр байрандаа байя. Тэртэй тэргүй зүүний үзэлтэй хүмүүс зөндөө байгаа. Тэр нь эрх баригч намд хангалттай дэмжлэг болно. Бидэнд ч гэсэн барууны үзэл бодолтой хүмүүс зөндөө байна. Өнөөдөр юу болчхоод байна вэ гэвэл албан тушаал, эрх мэдлийн төлөө явж, өөрийгөө наймаалцаж байгаа хүмүүс үзэл бодолгүй болчхож.

Аль ч намд ижил.

Дарга болохын тулд үзэл бодлоо мартаад л. Гэтэл жирийн иргэн, малчин, тогооч, тракторчинд үзэл бодол байна, цаана чинь. Нэвт шингээстэй байгаа. Ажил хийгээд энгийн амьдаръя гэсэн нэг хэсэг байхад үгүй ээ төрийн халамжаар яваад байя гэсэн нэг хэсэг бас байна.Аль аль  нь  өөрийн үзэл бодол бүхий анги юм л даа. Харин тэдний талд ордог улс төрийн хүчин алга болчихож. Бүгд зүүний төвийн бодлого дээр очоод давхралдчихсан байх юм. Тэгэхээр энэ барууны хэсэг нь яах ёстой вэ. Саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй гэж гүрийнэ биз дээ. Тиймээс АН хуучин газраа очих шаардлага гарна. Ардын нам ч гэсэн наашаа наалдахаа боль. Барууны бодол санаа ярих шаардлагагүй ш дээ. Харин ч зүүн төвийн үзэл санаагаа сурталчлаад социал демократуудын холбоо юу хийнэ түүнийг нь ярь л даа. Бид дэлхийн ардчилсан холбоо юу яриад байна түүнийг нь хийе. Гэтэл одоо албан тушаалтайгаа байя гэдэг хор л хоёр намыг үзэл бодолгүй болгочхоод байна. Үүнээс үүдэн маш олон аялдан дагагсдыг бий болгож байна. Дарга шүтэгсдийг болгож байна. Эндээс дүгнэлт хийхэд бид Засгийн газраас гарах шаардлага тулгарч байгаа юм.

-ҮЗХ-гоор энэ асуудлыг хэлэлцэхээр болсон гэл үү?

-Үүнийг ярихгүй бол намын бүх гишүүдийн санал асуулга явуулж болно. Манай нам чинь марафон хийж чаддаг. Бүх гишүүд нь санал асуулгад орж болдог юм хийгээд сурчихсан нам байхгүй юу. ҮЗХ бол бүх гишүүдийн төлөөлөл болохоос эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь биш. Манай намын эцсийн шийдвэрийг намын жирийн гишүүд гаргана. Бид санал асуулга явуулаад л харчихъя. АН засгаас сайдуудаа татаж аваад либерал бодлогоор ирэх сонгуульд орох уу гээд л асууя. Гишүүд юу гэх нь вэ харах хэрэг-тэй. Тиймээс ҮЗХ нэг их эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь биш шүү дээ. АН-ын Их хурал гэж байж л байна. Их хурал хийлгүйгЭэр гишүүд рүүгээ хандаж үүнийг шийдэж болно ш дээ. Бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тэгж тодруулж байсан. Намын даргаа ч энэ сунгаагаар л сонгож байсан. Тэгэхээр түрүүнд тавьсан асуултыг асуучхад л болох юм.

-Энэ сардаа багтаж АН хамтарсан засгаас гарахаа зарлана гээд байна. Энэ талаар намын гишүүд нь даргатайгаа тохирчихсон юм биш үү?

-АН-ын дарга "Засгаас гараад сонгуульд өрсөлдъе. Байр байрандаа буцъя. Хичнээн хугацаанд намынхаа нэрийг бохиртой хутгаад МАН-ын Засгийн газрыг дэмжлээ. Одоо бид дэмжихээ болилоо. Эсвэл манай бодлогыг та нар ав" гэдэг байр суурьт хүрэх цаг нь болсон. Тэгэхэд ард түмэн чи улс орныхоо эрх ашгийн төлөө юу ч хийхгүй байна гэхгүй ш дээ. Улс орны эрх ашиг нэгдүгээрт гэж ярьж байгаад л үзэл баримтлалгүй болсон. Энэ үзэл санааг үгүйлж байгаа иргэд байна. Иргэд өнөөдөр бидний бодол санааг төрийн ажил болгооч ээ гээд эсэргүүцээд байна биднийг. Тэгэхээр намын дарга ч гэсэн буцаж ирээд барууны үзлээрээ сонгуульдаа бэлтгэх хэрэгтэй л байх.   .

-АН даргаа солино гэсэн асуудал үе үе сөхөгдөх юм...

-Намын даргаас их зүйлийг хүлээдэг юм. хүмүүс. Уг нь манай нам их нээлттэй л дээ. Аливаа зүйлийг намын дарга хийхгүй л бол чи. ажлаа өг өө гэх жишээтэй. Тухайлбал өнөөдөр Н.Алтанхуяг энэ ардчилагчдыг, либерал үзэл санааг хамгаалахгүй л юм бол хэцүү байдалд орох нь гарцаагүй. Харин баруунтны үзлийг дэмжинэ. Бүх иргэдийг ажилтай болгоно. Монголчууд чадна аа гэх юм бол асуудал өөр. Үүнийг хүн бүхэн хүсэж  байна. Харин эсрэгээрээ үгүй ээ би зүүний үзлийг дэмжиж сонгуульд орно гэх юм бол мөн нэг шийдвэр хүлээгдэх болно. АН сонгуульд ялаад зүүний бодлогыг хэрэгжүүлнэ гэвэл бид сонгуульд орсны ашиг гарахгүй.

-МҮДН фракц Н.Алтанхуяг даргад "Хамтарсан засгийг сонгох уу, эсвэл намынхаа даргын суудалд үлдмээр байна уу" гэсэн тохироо хийсэн гэх мэдээлэл байна?

-Тийм нарийн өрнөлийг нь сайн мэдэхгүй байна. Намын дарга, Амаржаргал гишүүн нартай ойрд уулзсангүй. Ер нь бол АН ойлголцох л хэрэгтэй. Нэг хэсэг нь зүүнтэн болж жүжиглээд нөгөө хэсэг нь барууны байр сууринаас хандаж засгаас гарна гэж хашгираад байж болохгүй. Өнөөдөр ар араасаа олон асуудал урган гарсаар байна. Энэ нь асуудлыг дэвшүүлэх цаг нь ирчихээд л ийм зүйл болоод байгаа юм. Үүнийг яаж шингээж, сонгуульд оролцох вэ гэдэг намын даргын үүрэг. Тэр зэргийн ухаан гарах чадвар байгаа байх. Гэхдээ энэ асуудал дан ганц намын даргаас хамаарахгүй л дээ.

-Улс орныхоо сайн сайхны төлөө эрх баригч хоёр нам үзэл бодолгүй болоод байна гэжярилаа. Тэгэхээр энэ үзэл бодолгүй хамтарсан Засгийн газарт ямар дүн тавих вэ?

-Хамтарсан Засгийн газар өн-гөрсөн хугацаанд хоёр толгой дээр хэт анхаарал тавьж бусад ажлаа явуулж чадсангүй. Ялангуяа бизнес эрхлэгчдийн санхүүгийн программ шинэчлэгдсэнгүй.  Боловсрол, эрүүл мэнд, төрийн байгуулалтын шинэчлэл гэх мэт олон ажлыг хийж болох байлаа. Бүтцээ хуу цомхотгож болох байлаа. Хамтарсан үед хийх ажил нь хоёр толгойгоос өөр дөч, тавиараа байгаа ш дээ. Гэхдээ хийсэн ажил бас жаахан байна л даа. Хоёр толгойн гэрээг хийсэн. Сонгуулийн хууль батлагдсан гэх мэт. Мэдээж энэ ажил УИХ-ын түвшинд өрнөсөн байх. Харин яг Засгийн газрын гишүүд гэдэг бол өдөр шөнөгүй ажил хийх ёстой байдаг. Энэ хүмүүсийг шүүмжлэгчгүйгээр дөрвөн жил ажил хийх боломжийг олгосон. Санаатайгаар хутган үймүүлэх оролдлогогүйгээр дөрвөн жил ажил хийлгэлээ. Дуртайгаа хий. Хамгийн гол нь Монголын төлөө байх ёстой шүү гэхэд, тэгэхгүй байна ш дээ. Уг нь хамтарсан үед яах ёстой вэ гэвэл албан ажлаа эхэнд нь тавьж хоёрт нь намаа, гуравт нь амин хувиа гэж ажилласан бол энэ хугацаанд маш их ажил хийх боломжтой байсан. Гэтэл энэ байдал хуучин хэвээрээ, дээрхийн ижил эсрэгээрээ өрнөсөөр өнгөрлөө. Тиймээс би олдсон боломж хайран цагийг ашиглаж чадсангүй дээ л гэж бодож байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдана гэдэг УИХ-ыг атгана гэсэн үг. Тиймээс энэ хугацаанд их зүйлийг хийх боломжтой гэж дөрвөн жилийн өмнө мөрөөдөж байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд мөнгөнд дуртай, мөнгөнд дулдуйдсан тал руугаа явчихсан байна. Хамтарснаар юуг хийж чадах вэ гэдгийг харж чадсангүй. Зөвхөн. хоёр толгойг гэрээлээд л бидний ажил дуусна гээд бодчих шиг боллоо.

-Сонгуулийн дараа танай хоёр нам дахиад хамтарсан Засгийн газар байгуулчих юм биш биз?

-Дараагийн сонгуулиар хамтрахгүй гэсэн ойлголтыг төруүлж АН одоо тусдаа гарах хэрэгтэй. Эс тэгвээс их хэцүү. Манайх дараагийн сонгуульд ялчихвал МАН-д хамтаръя гэдэг санал тавьж таарна. Аяганы хариу өдөртөө гээд. Үгүй бол танайх ялагдчихсан манайх дангаараа засаг барина гэж тэнэгтэх юм уу. МАН ялсан ч ялгаагүй. Биднээр дөрвөн жил ажлаа хийлгэ-чихээд та бүхнийг хаялаа гэхгүй. Тэгэхээр одоо л учраа олох хэрэгтэй. Болъё гэдэг шийдвэрийг л гаргах хэрэгтэй байна. Одоо шийдвэрээ гаргачихвал сонгуулийн дараа хамтаръя гэдэг асуудал сөхөгдөхгүй. Олонх цөөнхөөрөө ажлаа хийнэ шүү гээд л явна. Гэгээд ч эрх баригч хоёр намын даргын нэг нь Ерөнхий сайд нөгөөх нь Тэргүүн шадар сайд хийгээд удаан явбал ач холбогдол нь алга болж улам л уналтад орно.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.