Г.Баярсайхан:Сонгуулийн хуулиар УИХ-д шинэ хүн орж ирэх боломжгүй
-Сонгуулийнхуульшинээр нэр дэвшигчдэд халгаатай гэлцэх боллоо. Яагаад ийм хатуу босгыг та бүхэн тавьчихсан юм бэ?
-Шинэ хуулиар бүх зүйлд өндөр босго тавилаа. Энэ хууль шинээр улстөрд орж байгаа хүнд өөрийгөө таниулахад хүндрэлтэй болов уу. Учир нь тухайн хүн өөрийгөө таниулахын тулд асар их ажил хийх хэрэгтэй. Үүн дотор шинэ хуулиар хориглосон бүх зүйл орно. Хэвлэж тараах материалын тоог хүртэл хязгаарласан шүү дээ. Өнөөдрийн парламентад сууж байгаа, олон түмэнд танигдсан гишүүдэд дахиж сонгогдоход дөхөмтэй хууль болсон. Энэ утгаараа өнөөгийн улс, бизнесийн бүлэглэлүүд бараг шахуу хэвээрээ гулгаж хадгалагдах л хууль шүү дээ. Хуулиар УИХ-д шинэ хүн орж ирж цус сэл-бэх боломж багасаж байна.
-Тэгвэл УИХ-ын гишүүд өөрсдөө эргээд сонгогдохын тулд л энэ хуулийг шинэчилж баталлаа гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?
-Асуудлыг аль талаас нь яаж харахаас шалтгаална. Мэдээж УИХ-ын гадаа байгаа хүмүүс энэ хуулийг чиний ярьж байгаа өнцгөөс харах байх. УИХ-ын гишүүдийн хувьд улстөрийн намуудын эрх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс ийм хууль баталсан гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нэг зүйл ажиглагдлаа.
Энэ бол Монгол Улсын улстөрийн намууд ямар нэг популист амлалт өгөхгүй гэж тохироо хийсэн явдал юм.
Гэтэл сая Ардын намынхан Эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох тухай гэсэн бас л мөнгө тараах амлалтад хөтлөгдсөн хуулийн төсөл оруулж ирлээ. Мөнгөн тэтгэмж олгох, бэлэн мөнгө тараах амлалтдаа хөтлөгдсөн зүйл сар бүрийн 21 мянгаас эхлээд маш олон байна шүү дээ. Тиймээс манай намынхан МАН-ын эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох саналыг «Хэлсэндээ байя. Бүгдээрээ тохирсон шүү дээ» гээд буцаасан. Энэ бол шинэ Сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор улстөрийн намуудад гарч байгаа эрүүл улстөр гэж харж байгаа.
-Бэлэг сэлт тараахыг ч шинэ хуулиар хориглосон. Гэтэл шинэ оноор УИХ-ын эрхэм гишүүд баахан бэлэг тарааж, сонгогчдод тал заслаа?
-Тэгсэн байна лээ. Гишүүд янз бүрийн зүйл тараасан, Олон арга хэмжээ болсон. Манай Чингэлтэй дүүрэгт гэхэд л нэг гишүүн төмс хүртэл тараасан байсан. Энэ бол аргаа ядсан зүйл л дээ. Хуулийн үйлчлэх хугацаа нэгдүгээр сарын нэгнээс шүү дээ. Тэрнээс өмнө амжиж айл бүрт очихын тулд ийм зүйл хийсэн юм байлгүй. Төмс тараах бол арай дэндэнэ. Иргэдийг доромжилж байгаа байхгүй юу.
-Хэн төмс тараасан юм бэ?
-Бүгдээрээ л мэдэж байгаа. Төмс тараасан хүн өөрөө ичих байлгүй.
-Д.Очирбат гишүүнийг хэлээд байна уу?
-Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүн л сонгино, төмс тараасан юм билээ.
-УИХ-ын гишүүд бэлэн мөнгөний амлалт, санал худалдаж авах оролдлогоос хол байя гэж, хууль баталчхаад өөрсдөө ийм байдлаар үлгэрлэж байгаа нь харамсалтай. Ийм хүмүүс хуулиа хэрэгжүүлж чадах уу?
-Ёс зүйн асуудал шүү дээ. Хууль хэрэгжих хугацаа эхлэхээс өмнө хориглосон бүх зүйлийг хийе гэж бодсон юм байлгүй. Би тухайн гишүүний дотор орсон биш, яаж. хэлж мэдэх вэ. Нэгдүгээр сарын нэгнээс энэ хууль хэрэгжээд явах ёстой. Миний хувьд хуулийнхаа хүрээнд л сонгуулийнхаа сурталчилгааг хийе гэж бодож байгаа. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л нэг нөхөр «Танд 10000төгрөг» гээд тараасан нь зурагтаар гарч байсан. Энэ бол арай хэтэрнэ. Ер нь Монголын төрийг мөнгөөр худалдаж авдаг гэсэн ойлголт байвал эндүүрэл. Ийм ойлголттой явж буй хүмүүст төрийн хатуу шийтгэл ирнэ гэдгийг Сонгуулийн хуулиар сануулж байгаа.
-Намын нэр дээр нэр дэвшихтойрогт нэр дэвших 48 гээд ялгаа бий. Танай намын одоогийн УИХ-ын гишүүд бүгдээрээ тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа гэсэн үү?
-ҮЗХ-ны хурал дээр л асуудлыг шийднэ. Одоогийн УИХ -д байгаа гишүүд бүгд нэр дэвших байх. Түүн дотроос олон удаа сонгогдсон, нэр хүндтэй, янз бүрийн асуудалд орооцолдож бай-гаагүй гишүүд жагсаалтын эхэнд бичигдэх болов уу. Энэ мэтээр л квотын хуваарилалт явагдана.
-Тойрогт нэр дэвшсэн 48-ын хувьд шилжинэ гэдэг хоёр дахь боломж байгаа. Энэ утгаараа хүмүүс тойрогт нэр дэвших сонирхол ихтэй байх шиг?
-Нам тодорхой хэмжээгээр санал авсны үндсэн дээр намын нэр дээр дэвшсэн хүмүүс жагссан дарааллаараа УИХ-д орж ирэх нь ойлгомжтой. Би 48-ын тоонд ороод УИХ-ын сонгуульд шууд өрсөлдөнө гэдэгт илүү . ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл мажоритариар нэр дэвшинэ гэдэг маш том шалгуур.
-Гэхдээлялалтбайгуулаагүй хэрнээ намын нэрийн суудал руу шилжихээр байгаа нь унасан бөхөд даваа өгч байгаагаас өөрцгүй зүйл болоод байна шүү дээ?
-Тэр ч тийм шүү. 28 хувийн босгоо давсан ч ялагдчихаад, намын нэрээр гулсаж орж ирвэл ард түмний том шүүлтүүрийг давж чадаагүй гишүүн гэсэн үг. Би хувьдаа ингэж л хэлнэ. Ер нь Сонгуулийн хуульд сайн, муу тал бий. Шууд ялах, 28 хувийн босгоо давах хоёр шүхэртэй болчхоод байна. Улстөрийн намууд 2008 оны сонгуулиас хойш үүнийг нь хийхийн төлөө явсан шүү дээ. Тиймээс ямар ч байсан олонхоо дагаад явна. Гэхдээ би хамгийн гол зүйл бол санал тоолох асуудал гэдгийг хэлж байгаа. Хэчнээн холимог тогтолцоогоор явлаа ч гэсэн санал тоолоход дахиад маргаан гарвал ач холбогдолгүй.
-Санал тоолох машины оронд скайнер оруулж ирсэн биз дээ?
-СЕХ, тодорхой улс төрийн хүчинд сонгуулийг будлиантуулах санаа санаа байх шиг. Будлиантуулаад дахиад долдугаар сарын нэгэн шиг онц байдал зарлаж, ард түмнийг хүчээр дараад, будлиантай Засгийн газар байгуулах сонирхолтой байж болох юм. Скайнерээр сонгууль явуулна гэвэл санасны гарз.
-СЕХ зориудаар ийм скайнер оруулж ирсэн гэж та хэлэх гээд байна уу?
-Хамгийн шилдэг технологи оруулж ирэхийн оронд хамгийн хоцрогдсон зүйл оруулж ирж байгаа юм чинь зориудаар л гэж харна. Өөр юу гэж харах юм бэ. Улс мөнгийг нь гаргаж өгсөн шүү дээ.
-Таны хувьд ирэх сонгуулиар Чингэлтэйдээ үнэнч байх уу?
-Чингэлтэй дүүргийн сонгогчид надад үүрэг даалгавар өгч, УИХ-д илгээсэн. Би эргэж очиж дүнгээ авна.
-Өрсөлдөгч нэлээд гарч ирнэ байх. Та ирэх сонгуулиар ялж чадах уу?
-2008 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт 28 өрсөлдөгч байсан. Би тэдэн дундаас ялалт байгуулаад гарч ирсэн. Ялахын тулд л тулаанд ордог. Ингэж л хэлмээр байна.
-Өнгөрсөн сонгуулиар тойргийнхондоо амласан зүйлүүд бий. Түүнийгээ хэр биелүүлсэн гэж бодож байна. Одоо сонгогчид танаас амлалт нэхнэ дээ?
-Надад сонгогчид байгаль эх дэлхийгээ хамгаалж, хайрла гэсэн гол үүрэг өгсөн. Би ч байгаль экологийн асуудал дээр онцгой анхааръя гэж амлаж гарч ирсэн хүн.
Энэ утгаараа УИХ-ын 20 жилийн түүхэн дэх байгаль хамгаалах чухал хууль болох урт нэртэй хуульд ихээхэн анхаарлаа хандуулсан.
Нэр бүхий гишүүдтэй хамт санаачилсан энэ хууль өндөр ач холбогдолтой. Энэ хуулийн эсрэг улстөр, бизнесийн бүлэглэлийн дайралт явж байна. Гэвч хууль санаачилсан АН-ын гишүүдээс Ц.Сэдванчиг гишүүн бид хоёр л байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Үүнийгээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна гэж ойлгодог.
-Монголын улстөрд мод тарина хэмээж, Чингэлтэй хайрхнаас эхлээд дөрвөн уулаа дархан цаазтай болгох амлалт өгснийг тань санаж байна. Одоогоор дөрвөн уул дархан цаазтай болоогүй л байх юм?
-Харамсалтай нь бүх шатанд улстөржиж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд ИТХ-аас дэмжлэг авах ёстой. ИТХ дээр гурван удаа асуудал оруулсан. Гурвууланд нь унагалаа. Үүн дээр би үнэхээр хүчин мөхөстсөн.
-АН-ын гишүүний ажлыг уях гэсний үндсэн дээр дүүргийн ИТХ таны саналыг дэмжээгүй гэсэн үг үү?
-Дүүрэгт Ардын намынхан олонх байгаа. Тэгээд л АН-ын гишүүний саналыг унагадаг байхгүй юу. Намын оролцоо орно гэдэг чинь нэг том даргын даалгавраар л явдаг юм байна. Тэр дарга нь УИХ-ын гишүүн байна уу, эсвэл хэн байна бүү мэд.
Хэдхэн л улстөрийн бүлэглэл байгаа шүү дээ.
Ер нь бол дүүргийн Засаг дарга, ИТХ, Нийслэлийн Засаг даргыг иргэдээс нь сонгодог болох нь зүйтэй. Орон нутгийн сонгуулийг намаар явуулахыг болих хэрэгтэй. Н.Батбаяр гишүүний санаачилж байгаа хуульд зөвхөн аймаг орон нутаг хамаарч байгаа. Үүнд дүүргийг оруулах ёстой. Дүүрэгт нам, бүлэглэл, ах дүү хамаатан садангаараа талцаж, олны эрх ашигт нийцсэн саналыг унагадаг явдал байсаар байна.
-Биелүүлэх л гэж амладаг шүү дээ. Тэгэхээр биелүүлж чадалгүй ямар нэг байдлаар шалтаг тоочих нь иргэдэд төдийлөн таалагдахгүй байх. Биелүүлж чадахгүй юм бол яах гэж амласан юм бэ?
-Чингэлтэй хайрхнаас илүү том газар нутгийг хамарсан урт нэртэй хуулийг санаачлагчдын нэг нь би. Миний хувьд ганцхан Чингэлтэйн биш, Монгол Улсын гишүүн. Энэ утгаараа би үүргээ биелүүлж явна. Цаашдаа ч тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай явна.