Газар чөлөөлөлтийг зохицуулах журамтай болно
Бүтээн байгуулалтын ажлыг гацаадаг газар чөлөөлөлтийг зохицуулах журамтай болно
2014.05.16

Газар чөлөөлөлтийг зохицуулах журамтай болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 05 дугаар сарын 15-ны өдөр болж, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журмын  төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

 Нийслэлийн нутаг   дэвсгэрт төрөөс  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 6, 16 дугаарын зүйлийн 3 дахь заалтыг үндэслэл болгож Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуульийн холбогдох заалтын хэрэгжилтийг зохион байгуулж улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих, газар чөлөөлөх харилцааг    зохицуулах журам боловсруулжээ.                   

Журамд уг зохицуулалтыг хийхдээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг тодорхойлж, үндэслэл гарган газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих шийдвэр гаргах, ингэхдээ газар өмчлөгч, эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн тэдэнд хохирол учруулахгүй байх, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж шийдвэрлэх, газар чөлөөлөлт, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг аль болох бага хэмжээнд байлгах зэрэг зарчмыг баримтлахаар тусгажээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтын барилгыг барих хэрэгцээ их байгаа ч замбараагүй хот төлөвлөлтийн улмаас  шаардлагатай байршилд сул газар байхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Хэдийгээр жил бүр Улс, Нийслэл, Орон нутгийн төсөвт бүтээн байгуулалтын ажлын зардлыг багтааж ,шийдвэрлэдэг ч газаргүйгээс шалтгаалан хойшлох, урсгал зардал нэмэгдэх зэрэг эдийн засаг болон бүтээн байгуулалтын хурдацыг сааруулах цаашлаад зогсоох эрсдэл бий болгож байна. Тиймээс үүнийг нэгдсэн байдлаар энэ журам зохицуулна.

Газрыг солих, эргүүлэн авах, чөлөөлөх, нөхөх олговор олгох шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг баримтлан гаргах бөгөөд шийдвэрт газрыг эргүүлэн авах, солих болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заасан байна.

Журмаар газар чөлөөлөх, нөхөн олговор олгоход шаардлагатай зардлыг газар ашиглах бүтээн байгуулалтаас хамаарч улс, нийслэл,орон нутгийн төсөвт тухайн ажилтай хамтатган тусгахаар заасан байгаа юм.

Газар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож нөхөх олговрыг тооцон гэрээ байгуулж чөлөөлөх аль эсвэл тухайн газартай дүйцэхүүц газрыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал болгож шилжүүлэх байдлаар газар чөлөөлөлтийг явуулахаар төлөвлөжээ. Газрын үнэлгээг мэргэжлийн үнэлгээчид газар дээр нь очиж холбогдох материалуудыг бүрдүүлэн “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуульд заасны дагуу үнэлэх ажлыг хийнэ.  Харин газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийн үнийг ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогоодог зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргыг үндэслэн тогтоох юм.

Тогтоосон нөхөх олговрын 60 хувийг газар өмчлөгч, эзэмшигчтэй газар чөлөөлөх гэрээ байгуулснаар, үлдэгдэл 40 хувийг газар чөлөөлсний дараа болон гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа олгодог байх зарчмыг баримтална.

Мөн энэ журмаар газар чөлөөлөх, нөхөн олговор олгоход шаардлагатай зардлыг газар ашиглах бүтээн байгуулалтаас хамаарч улс, нийслэл,орон нутгийн төсөвт тухайн ажилтай хамтатган тусгахаар заасан байгаа юм. Энэхүү журам батлагдаж, хэрэгжиж эхэлсэнээр газар чөлөөлөлтөөс шалтгаалдаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг журмыг дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ