Урьчилгаа өгөхгүйгээр байртай болох боломжийг санал болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.03

Урьчилгаа өгөхгүйгээр байртай болох боломжийг санал болгов

Манай улсын орон сууцны зах зээлийг хувийн хэвшлийнхэн “атгаж”, иргэд тэдний барьсан орон сууцыг хэлсэн үнээр нь авдаг байв. Бэлэн мөнгөтэй эсвэл зээл авсан иргэд л байртай болдог байсан. Харин сүүлийн жилүүдэд төр, засгаас иргэдийн нуруун дээрх энэ ачааг хөнгөлөхөөр багагүй ажил хийж хэрэгжүүлээд буй. Үүний нэг нь орон сууцанд орох иргэд урьдчилгаа мөнгөө төлөөд, үлдсэнийг нь хөнгөлөлттэй зээл аван, төлөх боломж олгосон явдал. Үүнээс гадна нийслэлийн ЗДТГ олон улсын жишгийг дагаж, түрээслэх зориулалттайгаар орон сууц бариулж, эхний ээлжинд ахмадуудыг оруулж байгаа. Энэ мэтээр орон сууцны зах зээлд зарим шинэ зүйлсийг “нутагшуулан”, энэ хэрээр иргэд сонголт хийх боломжтой болж байна. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-аас орон сууцны зах зээлд удахгүй бас нэгэн шинэ “бүтээгдэхүүн” гаргах гэж байгаа талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээллээ. Энэ бол бэлэн мөнгөөр байр авах боломжгүй, мөн урьдчилгаа мөнгө төлөх хуримтлалгүй ч орон сууцтай болохыг хүсэж байгаа иргэдэд зориулсан хөтөлбөр.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК) байгуулахаар болоод буй. Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууц шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Гэтэл жилд 15 мянга орчим орон сууц ашиглалтад оруулж байгаа нь үүний 10 хувьд нь ч хүрэхгүй байгаа юм.

Орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 10 хувь нь бэлэн мөнгөөр байр худалдан авах бололцоотой. Мөн 10 хувь нь урьдчилгаагаа төлөөд зээл авч байранд орох боломжтой иргэд байдаг гэнэ. Харин 80 орчим хувь нь урьдчилгаа мөнгө төлөх боломжгүй, цалингаас өөр орлого, хуримтлалгүй иргэд байдаг гэсэн тооцоо бий. Энэ 80 хувьд хамаарах иргэдэд орон сууцны зах зээлийн шинэ “бүтээгдэхүүнийг” зориулна гэдгээ хотын удирдлагууд ярилаа.

ХЭРХЭН БАЙРТАЙ БОЛОХ ВЭ

Иргэн та сар бүр цалингийнхаа 25-30 хувийг НОСК-ын хуримтлалын санд төвлөрүүлж, 3-5 жилийн дотор урьдчилгаа төлбөрөө төлж дуусган, орон сууц өмчлөх гэрчилгээ аван, байрандаа орно. Үлдсэн мөнгийг орон сууцанд орсныхоо дараа үргэлжлүүлэн төлж, 10 жилийн дотор мөнгөө гүйцэд барагдуулах ёстой. Орон сууцныхаа нийт үнийг төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч. Үүнээс өмнө НОСКын мэдэлд байна. Жишээ нь, сард 300 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 100 мянган төгрөг төлж, таван жилийн дараа 25 ам метр нэг өрөө байранд орох эрхтэй болно.

Орсныхоо дараа сарын 100 мянган төгрөгөө үргэлжлүүлэн өгсөөр 10 жилийн дотор бүрэн төлж дуусгаад орон сууцаа албан ёсоор эзэмшинэ гэсэн үг. Үүний дараа зарах, түрээслэх эсэх нь тухайн иргэний хэрэг. Таны цалин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ их мөнгө хуримтлуулж, богино хугацаанд байртай болно. Гэр бүлийн гишүүд нийлэн, арай том талбайтай байрыг 15 жилээс богино хугацаанд өөрийн болгон авах боломж ч бас бий.

ХҮҮГҮЙ, ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ

Орон сууцны үндсэн үнэд газрын үнэ, шугам сүлжээ тавих зардал, компанийн ашиг, банкны хүү зэрэг цөөнгүй зардлыг нэмж тооцдог. Харин НОСК-ын санал болгож буй орон сууцны үнэд дээрх зардлууд орохгүй тул хямд өртөгтэй байх боломжтой. Уг хөтөлбөрийн хамгийн гол давуу тал нь энэ.

Үүнээс гадна иргэд байрны үндсэн үнэ дээр нэмж хүү төлөх шаардлагагүй. Учир нь орон сууцны барилгыг нийслэлийн өмчийн газар дээр барьж байгаа тул газар чөлөөлнө гэсэн ойголт байхгүй. Барих зардлыг иргэдийн хуримтлалын мөнгөнөөс гаргаж байгаа юм байна. Түүнчлэн төрийн байгууллага ашиг олохын төлөө уг ажлыг хийгээгүй тул хүү авахгүй гэнэ.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЗУРГААН ХОРООЛОЛ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН

Баянзүрх дүүргийн XX, XXIII хороо Улиастайн амны 106 га газарт 4041 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн I хороо Баянголын амны 9.7 га газарт 684 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хотын шинэ төв орчмын 48 га газарт 7584 айлын орон сууц Хан-Уул дүүргийн XVI хороо “Буян-Ухаа” спорт цогцолборын хойд талын 3.1 га газарт 959 айлын орон сууц Хан-Уул дүүргийн Х хороо, Морингийн давааны 190.8 га газарт нийтийн болон амины 10376 айлын орон сууц Хан-Уул дүүргийн XII хороо, Био комбинат, Сонгино орчмын 112 га газарт 2837 айлын орон сууцны хорооллыг тус тус барина.

Эхний ээлжинд зургаан газарт орон сууц барихаар төлөвлөж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зураг төслийг нь гаргаад байгаа аж.

Баянзүрх дүүргийн XX, XXIII хороо Улиастайн амны 106 га газарт 4041 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн I хороо Баянголын амны 9.7 га газарт 684 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хотын шинэ төв орчмын 48 га газарт 7584 айлын орон сууц Хан-Уул дүүргийн XVI хороо “Буян-Ухаа” спорт цогцолборын хойд талын 3.1 га газарт 959 айлын орон сууц Хан-Уул дүүргийн Х хороо, Морингийн давааны 190.8 га газарт нийтийн болон амины 10376 айлын орон сууц Хан-Уул дүүргийн XII хороо, Био комбинат, Сонгино орчмын 112 га газарт 2837 айлын орон сууцны хорооллыг тус тус барих аж.

Орон сууцны хорооллууд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжтай, эрүүл, аюулгүй орчинтой байна. Хороолол бүрт машины зогсоол, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газруудыг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.

ИРГЭДЭД ЯМАР БАТАЛГАА ӨГӨХ ВЭ

Дээрх хорооллуудыг барихын тулд олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байгаагаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн. Учир нь зардал багатай ч чанарын баталгаатай, олон улсын стандартад нийцсэн техник, технологиор чанартай барилга барихыг илүүд үзэж буй. Хямд үнээр чанартай барилга барьж чадах компаниудыг олон улсын түвшинд өрсөлдүүлж, хүссэн чанар, стандартын дагуу барилга барих компанийг шалгаруулах юм байна.

Мөнгөө 3-5 жил хадгалуулах иргэдэд төр ямар баталгаа өгөх вэ? “Энэ бол төрийн байгууллагын хийж буй ажил. Төр хэзээ ч дампуурахгүй гэдэг нь иргэдэд өгөх гол баталгаа” гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Нийгмийн даатгалын санд мөнгө хуримтлуулдагтай адил тухайн иргэний нэрээр данс нээж, мөнгийг нь байршуулна. Иргэн байр авахаа болин, хуримтлуулсан мөнгөө эргүүлэн авч болно. Гэхдээ мөнгөө буцаан авсан иргэн НОСК-тай дахин гэрээ хийх эрхгүй болно гэсэн хатуу шаардлага тавьж байгаа аж.

ГАДААДАД АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮС БАЙР АВАХ ЭРХТЭЙ

Гадаадад ажиллаж буй хүмүүсийн олонх нь эхний ээлжинд орон сууц худалдан авах зорилготой байдаг. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж буй иргэн нэрийн данс нээлгэж, сар бүр мөнгө шилжүүлэн, эх орондоо ирэхдээ байртай болсон байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. “Гадаадад байгаа 100.000 мянган иргэн бүр сард 300 ам.доллар шилжүүлбэл манай зах зээлд жилд 360 сая ам.доллар нийлүүлнэ гэсэн үг. Ингэвэл мөнг өний ханш тогтвортой болно. Ингэж л гадаадад ажиллах хүч явуулсныхаа хэргийг гаргах ёстой” гэж нийслэлийн Засаг дарга хэлсэн.

ИРГЭДЭД ГАНЦХАН ШААРДЛАГА ТАВИНА

Иргэн гэрээ байгуулснаас хойш хамгийн багадаа гурван жил тасралтг үй мөнгөө төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа аж. Энэ гурван жилд мөнгөө сар бүр тасралтгүй төлсөн иргэн дараагийн 10 жилд ч мөнгөө төлж чадах баталгаатай гэж үзэж байгаа хэрэг. Төрийн албан хаагч биш байж болно. Хөгшин залуу, хөгжлийн бэрхшээлтэй, хувийн хэвшлийнх гэж огт ялгаварлахгүй. Мөн орон сууцтай байж болно. Бүх хүн уг хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн үг. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгж үүлбэл 15 жилийн дотор 200.000 айлын орон сууц барина гэж нийслэлийн ЗДТГ төлөвлөөд байна. Ийм олон айлын орон сууцыг манай цахилгаан, дулааны эх үүсвэр дийлэхгүй.

Тиймээс дэд бүтцийг нь хэсэгчилсэн байдлаар шийдэн, олон улсын стандартад нийцсэн шинэ техник, технологи нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний дараа хөдөөнөөс хотод ирсэн иргэнд хашаа хатган, гэр барьж суурьшихыг зөвшөөрөхгүй гэнэ. Харин уг хөтөлбөрт хамрагдан, сар бүр мөнгөө төлөөд орон сууцанд орох эрхтэй болсныхоо дараа тухайн иргэнийг хотод шилжин ирэхийг нь зөвшөөрөх юм байна.

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЗЭЭ ЭХЛҮҮЛЭХ ВЭ

Уг хөтөлбөрийг эхлүүлэх, эсэх нь иргэд үүнийг хэрхэн хүлээн авахаас шалтгаална. Эхний ээлжинд 20 мянган иргэн орон сууцны захиалга өгч, хуримтлалын санд 50 тэрбум төгрөг төвлөрүүлбэл уг хөтөлбөрийг эхлүүлэх тооцоотой байгаа гэдгээ хотын мээр Э.Бат-Үүл дуулгасан. Ингэвэл эхний хоёр хорооллын ажлыг эхлүүлэх бололцоотой болох аж